“Монголын бие биелээчдийн холбоо”-ноос 5000 биелээчийг биелүүлж Гиннесийн дээд амжилтыг тогтоохоор төлөвлөөд байна.
Уг ажлын эхлэл болгож ардын язгуур урлагийн өв соёл тээгчдийг бүртгэн, дунд сургуулийн дуу хөгжмийн багш, соёлын төвийн эрхлэгч, хөгжимчдөөр дамжуулан бий биелгээний үндсэн хичээлүүдийг сурагчдад зааж байгаа аж. Бие биелгээ нь нүүдэлчин монголчуудын аж амьдралаас үүсэн бий болсон бөгөөд ихэвчлэн амьдралд элбэг өрнөдөг зан үйлүүдийг шингээсэн байдгаараа онцлогтой. Тухайлбал, цайныхаа дээжээ уул усандаа өргөх цацалт ёслол, үйл үртэс эсгэх, оёх, тариа буудай тээрэмдэх, ноос савах, бөх барилдах, нум сум харвах, морины явдал зэргийг үзүүлдэг юм.
Бие биелгээг “Уусац бүжиг” хэмээдэг бөгөөд энэ нь мөр нь гараа хөдөлгөж, улмаар цээж нь мөр гараа, хөл нь бүхэл биеэ түшиж бие биедээ уусан эвцэлддэг учраас ийн нэрлэх болсон гэдэг. Тийм ч учраас ардын бий биелгээ нь язгуур урлагийн суурь болдог төдийгүй дэлхий нийтийн анхааралд байдаг байна. Бие биелгээг спортын төрлүүдтэй тэр тусмаа уран хөдөлгөөнт гимнастиктай ч харьцуулшгүй гэж судлаачид үздэг байна. Тухайлбал, спортын гимнастикаар хичээллэдэг тамирчин дунджаар 2000 хөдөлгөөн хийдэг бол бие биелгээ хийхэд 4000 орчим хөдөлгөөн шаарддагаараа өдгөө ч өвөрмөц хэвээр буй юм.
Дашрамд дурдахад хоёр жилийн өмнө Монголчууд 6002 бөх барилдуулж Гиннесийн номд бүртгүүлж байсан юм бол энэ жилийн наадмаар бас нэгэн амжилт тогтоох нь ээ.
Ж.Болор