ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хэлэхдээ гэр бүлээс хамааралгүй хувь хүн гэж байдаггүй болохоор “Гэр бүлд суурьласан хүн амын хөгжлийн цогц бодлого”-ыг боловсруулна хэмээн онцлон тэмдэглэсэн. Тэр ч утгаараа хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй хамтран 2013 оны 2-р сарын 27,28-нд “Эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого, шинэчлэл” үндэсний чуулганыг Орхон аймагт амжилттай зохион байгуулсан. Энэ чуулганы үеэр Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн зочид төлөөлөгчид дотроос “ШИЛДЭГ ЕСӨН ГЭР БҮЛ”-ийг шалгаруулах ёслол болсон юм.
Шилдэг гэр бүлийг шалгаруулахдаа 35-40 жил хамтран амьдарсан, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй, төрүүлж өсгөсөн үр хүүхдүүд нь нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа болон улсынхаа хөгжлийн төлөө хүчин зүтгэж яваа мөн гэр бүлээрээ нийгмийн сайн сайхны төлөө сэтгэл зүтгэл гаргадаг, бусдад хайр энэрэлээ зориулдаг, үлгэр жишээ , орон нутагтаа нэр хүндэтэй гэх зэрэг шалгууруудыг үндэслэн “ШИЛДЭГ ЕСӨН ГЭР БҮЛ”-ийг шалгаруулсан юм.
Ингээд 8 аймаг, Улаанбаатар хотын нэг дүүргээс тус бүр “ШИЛДЭГ ЕСӨН ГЭР БҮЛ” шалгарсан.
1. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Дамбийн Цагаач нь цахилгааны инженер мэргэжилтэй, улсад тасралтгүй 32 жил ажиллаж байгаа. Монгол улсын гавьяат уурхайчин. Тэрээр үндэсний бөхийн тухай “Монгол улсын заанууд” “Тунгалаг буянтны хүчтэнгүүд” “Бөхөөр овоглосон гавьяатууд” “Эрдэнэтийн арслангууд” “Түмнээс төгөлдөр төрийн наадмын манлай аваргууд” зэрэг номнууд эмхэтгэн гаргасан.
Д.Цагаачийн гэргий Жамсранжавын Бадамжав математикийн багш мэргэжилтэн. Орхон аймгийн 1-р сургуулийн захирал. Алдарт эхийн 2-р зэргийн одонтой. Ажиллах хугацаандаа 6400 гаруй хүүхдэд хичээл зааж, 120 гаруй багшийг бэлтгэн гаргасан, чадварлаг хамт олны багийг бүрдүүлж ажилладаг, бүтээлч оюунлаг эмэгтэй удирдагч юм. Энэ гэр бүл 35 жил ханилан 5 хүүхэд өсгөн хүмүүжүүлсэн ба 4 хүүхэд нь АНУ, Энэтхэг, Австрали, Герман улсад магистр хамгаалсан математикч, физикч гэр бүл юм. Мөн 4 өрх гэрийн 5 ач, зээтэй болсон өнөр өтгөн гэр бүл төдийгүй Д.Цагаачийн гэр бүл нь Үндэсний бөхийн талаарх уламжлалыг хүүхэд, залуучуудад өвлүүлэх, тэдэнд оюуны хөрөнгө оруулалт хийхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тул “ШИЛДЭГ ГЭР БҮЛ” –ээр шалгарсан байна.
2. Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат Г.Цагаандэрэм нь Дорноговь аймгийн музей , сургалт, судалгааны төвийн дарга, түүх урлагийн чиглэлээр болон Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн талаар судалгаа хийдэг. Үндэсний сурын харвааны спортын мастер.
Түүний гэргий Банзрагчийн Баясгалан нь түүхийн багш мэргэжилтэй. “Хараацай бага нас минь” “Ёс зүй” сурах бичгийн зохиогч. Байт харвааны спортын мастер.
Энэ гэр бүл 33 жил ханилсан, 5 хүүхэд, 6 ач, зээтэй. Г.Цагаандэрэмийн гэр бүл өсвөр үе залуучуудыг үндэсний уламжлалт ёс заншилд, спортоор хүмүүжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгааг үнэлэн “ШИЛДЭГ ГЭР БҮЛ” –ээр шалгаруулсан.
3. Дорнод аймгийн Матад иргэн Дамдины Өглөгчийн гэр бүл. Д.Өглөгч нь слесарь, токарчин, мужааны мэргэжилтэй.Улсад 40-өөд жил ажиллаж байсан. Тэрээр эхнэртэйгээ 44 жил ханилж, 13 хүүхдийн аав, ээж болжээ. Гэргий Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Гомбын Долгор нь 64 настай, бичээч мэргэжилтэй. Төрийн байгууллагад тасралтгүй 32 жил ажилласан. Өөрийн төрүүүлж , өсгөсөн 8 хүүхэд, дүү Даваажавын бүтэн өнчин үлдсэн 5 хүүхдийг өсгөж хүмүүжүүлсэн бөгөөд үр хүүхдүүд нь бүгд дээд боловсрол эзэмшиж, нийгэмд хувь нэмрээ оруулж байна. Д.Өглөгчийн гэр бүлээс хүү, хүү, охин, ач, зээ нийлээд 28 өрх гэр бий болсон. Д.Өглөгчийн гэр бүлийн энэрэнгүй сайхан үйлсийг үнэлэн “ШИЛДЭГ ГЭР БҮЛ”-ЭЭР шалгаруулж байна.
4. Өмнөговь аймаг – өрхийн тэргүүн Наранцогтын Төмөрхуяг 39 настай. Өмнөговь аймгийн Ижий гурван сайхан ХХК-ий ерөнхий захирал, үе дамжин хуурай замын тээвэр, оёдлын үйлдвэрлэл эрхлэсэн онц тээвэрчин. Говийн оргил үйлчилгээний төвийг шинээр ашиглалтанд оруулж 20-иад хүнийг ажлын байраар хангасан. Гэргий Будын Төмөрбат нь 38 настай. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд аймаг сум , дүүргийн ИТХ-ын сонгуулийн 22-р тойрогт бие даан нэр дэвшиж, Даланзадгад сумын 8-р багийн ИНТХ-ын даргаар сонгогдсон. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн , Бизнесийн удирлагын магистр. Амьдралд тохиолдсон бэрхшээл жаргал, зовлонг хамтдаа туулж, 3 хүүхдийн эцэг эх болсон, орон нутагтаа нэр хүндтэй, залуучуудад үлгэр дууриалал болсон, эвсэг залуу гэр бүл юм. Энэ гэр бүлийг бизнес эрхлэж байгаа залуучуудаас “ШИЛДЭГ ЗАЛУУ ГЭР БҮЛ”-ЭЭР шалгаруулсан.
5. Ховд аймгийн Эрдэнбүрэн сумын Намсрайн Дамба 70 настай, эдийн засагч мэргэжилтэй бөгөөд МУ-ын гавьяат эдийн засагч. Төрийн байгууллагад 48 жил ажилласан. Н.Дамба нь Ховд аймгийн Ардын дипутатын хурлын гүйцэтгэх захиргааны зөвөлгөөний комиссын мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлж, Ховд аймгийн засаг дарга хүртэл төрийн хариуцлагатай өндөр албан тушаалыг хашиж явсан. ИНБ-ын чиглэлээр сүлжээ байгуулан ажиллаж байгаа.
Гэргий Л.Норолхоосүрэн нь 70 настай, хөдөлмөр техникийн багшийн мэргэжилтэй, МУ-ын гавьяат багш. ЕБС-ын сурагчдийн хэрэгцээнд зориулж 4 сурах бичиг, гарын авалга гаргасан байна. Хоёр гавьяат маань чөлөөнд гараад зүгээр суулгүй, хүүхэд залуучуудыг сурган хүмүүжүүлэхийн төлөө ажиллаж хөдөлмөрлөсөөр явна. 1966 онд гэр бүл болон 47 жил ханилж, 4 хүүхдийн аав, ээж болсон. Ач, зээ, зээнцэр нийлээд 10 хүүхэдтэй. Н.Дамбын гэр бүлийн бүтээлч, оюунлаг, зан чанарыг үнэлэн “ШИЛДЭГ ГЭР БҮЛ”-ээр шалгаруулсан.
6. Архангай аймаг. Долгоржавын Өсөхжаргал нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багийн засаг дарга, цэцэрлэг хотын хүндэт иргэн. Гэргий Сүхбатын Жавзанпагма нь их эмч мэргэжилтэй, мэргэжлээрээ тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байгаа эрүүл мэндийн тэргүүний ажилтан. Энэ гэр бүл 35 жил ханилан 4 хүүхдийн аав ээж болсон. Үр хүүхдээ үнэнч шударга, ажиллаж хөдөлмөрөө амьдралынхаа баяр баясгалан болгохыг ухамсарладаг зан үйлийг төлөвшүүлсэн, хүүхдүүд нь эзэмшсэн мэргэжлээрээ нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна. Д.Өсөхжаргалын гэр бүлийн нийгмийн салбарт оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн “ШИЛДЭГ ГЭР БҮЛ”-ЭЭР шалгаруулсан.
7. Баян-өлгий аймгийн Баяннуур сумын харьяат Анис овогтой Жубай барилгын инженер мэргэжилтэй. Барилгын салбарын тэргүүний ажилтан. Гэргий Жанат овогтой Майра их эмч мэргэжилтэй, улсад 34 жил сэтгэц, наркологийн чиглэлээр үр бүтээлтэй тасралтгүй ажилласан. Энэ гэр бүл нь 34 жил ханилан, 6 хүүхдийн аав, ээж болсон, 5-н ач, зээтэй. Төрүүлж өсгөсөн 6 хүүхэд нь бүгд дээд боловсрол эзэмшин, улс орныхоо хөгжил, бүтээн байгуулалтанд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа. А.Жубайн гэр бүлийн орон нутагтаа нэр хүндтэй хөдөлмөрч байдлыг үнэлэн “ШИЛДЭГ ГЭР БҮЛ”-ээр шалгаруулсан.
8. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат Б.Даваадорж нь хөгжмийн багш мэргэжилтэй. Улсад тасралтгүй 36-н жил ажиллаад гавьяаныхаа амралтанд гараад одоо аймгийн БСБ-ын зөвлөх мэргэжилтнээр ажилладаг. Хувийн “Доргио” хөгжмийн студи ажиллуулдаг. Гэргий Гарамын Бат-Амгалан 53 настай, бага ангийн багш мэргэжилтэй, 31 жил ажилласан. Б.Даваадорж , Г.Бат-Амгалан нар нь 43 жил ханилж, 4 хүүхэд, 18 ач, зээтэй өнөр өтгөн гэр бүл. 4 хүүгээ багаас нь амьдрах ухаанд сургаж, амтдралын чадамжтай, шинийг эрэлхийлж, түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлж чаддаг, зан үйлийг төлөвшүүлсэн. Б.Даваадоржийн гэр бүлийг аймгийн 36 мянга гаруй өрхөөс “ШИЛДЭГ ГЭР БҮЛ”-ээр шалгаруулсан.
9. Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Жаргалын Дорж 78 настай, 1958 онд МУИС-ын хүн эмнэлгийн факультетыг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Эрүүл мэндийн салбарт 57 жил ажилласан. 2002 онд Монгол “Хундган ББН” уламжлалт эмнэлэг нээж , өнөөдрийг хүртэл ажлуулж байна. Гэргий Долгосүрэн овогтой Жавзанханд 74 настай. 1960 онд Хүн эмнэлэгийн техникумыг төгссөн бага эмч мэргэжилтэй. Эрүүл мэндийн салбарт 53 жил ажилласан. Энэ гэр бүл 5 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд 2010 онд 50-н жилийн алтан хуримаа хийсэн. Ж.Доржийн гэр бүл хүн ардын эрүүл мэндийн төлөө амьдралаа зориулсан, хөдөлмөрч байдлаараа олны талархалыг хүлээсэн тулд “ХҮНДЭТ ШИЛДЭГ ГЭР БҮЛ”-ээр шалгаруулсан.