Токиогийн “Mersedes Benz Fashion week 2013”-ын тайзнаа загвар зохион бүтээгч С.Ариунаа өөрийн брэндийг танилцуулах гэж байна.
Тэрбээр “ARIUNAA SURI” брэндийн 2013, 2014 оны намар, өвлийн 40 орчим иж бүрэн загвар бүхий нийт 170 гаруй загвараа үзүүлэх юм. Энэ салбарын түүхэнд анх удаа Монгол дизайнер, Монгол брэнд том хэмжээний загварын шоунд оролцож, дэлхийн топуудтай эн зэрэгцэн, эх орныхоо нэрийг сурталчлах аж.
Энэхүү шоунд дэлхийн болон Японы шилдэг 50 орчим загвар зохион бүтээгч, дэлхийн алдартай худалдааны төлөөлөгчид, дэлгүүрийн эзэд, Японы одод, олон улсын бизнесменүүд болон Монголоос уригдах төлөөлөгчид оролцоно. Токиогийн загварын долоо хоног бол дэлхийн топ таван загварын долоо хоногийн нэг бөгөөд загварын ертөнцийн бүхий л шилдгүүд цугладаг энэ тайзнаа хөгжмийн зохиолч Г.Ононгийн “Уулс” бүтээл эгшиглэх юм.
Монгол моделиуд, Монгол дизайнер, Монгол брэнд, Монгол аялгуу эгшиглэх Токиогийн загварын долоо хоног энэ сарын 17-23-ны өдөр болно.
Ж.Болор