Тэрээр “Ховор хүн” гэсэн нэртэй бэсрэгхэн туужийг далаад эхээр бичсэн нь тэр доорхноо хилийн чанад хэвлэгдэж улмаар “Ховор хүн” гэдэг хос үг нь хүмүүсийн амны уншлага мэт дэлгэрч онцлог хүмүүсийг тодорхойлох нэр томьёо болон хувирсан билээ. Мөнөөхөн үг оновчтой бөгөөд олны сэтгэхүйг илэрхийлж чадсан нь яван явсаар эхлэн дуугарсан эзэн дээрээ эргэн буусан гэж хэлж болно.
“Ховор хүн” гэж Сономын Удвал гуайг өөрийг нь нэрлэхэд эргэлзээгүй тохирох оновчтой хэллэг аргагүй мөн байлаа. Тэр хэллэгийг засварлаж «Ховор хатагтай» хэмээн өгүүлэхийн учир ану:
Үдэж буй хорьдугаар зуунаас хорь дүүч гэсэн Ардын хувьсгалтай нас чацуу хэмээн ярьдаг ахмадууд манайд нэлээн байдаг. Тэдгээрийн дотор зохиолчид, соёл урлагийн зүтгэлтнүүд бас ч цөөнгүй дурдагдаг. Аль нэгэн түүхэн үйл явдалтай нас чацуу гэдэг бол тохиолдлын маягтай хэлбэрийн төдий зүйл мэт санагдаж болно. Тийм ч байх. Гэвч түүхэн үйл явдал нь өөрийн ул мөр, нөлөөг тухайн цагийн хүмүүст тэр тусмаа залуучуудад насан туршийнх нь ой дуртгалын хэмжээнд үлдээдэг бас нэгэн онцлог бий. Ардын засгийн далан жилтэй Сономын Удвал, түүний үе тэнгийнхний нэгэн насны явдал ацаг шүдний зөрөөгүй яв цав тохиожээ. Ардын хувьсгалын бага настай тэдний бага нас зэрэгцэж авгайчуул үсээ тайрч, түнтгэр мөртэй дээлээ сольж, хүүхнүүд өдөн цагаан малгай өмсөж, “Хүмүүн төрөлхтөн” бүжиглэж эрчүүл халимаг тавьж, хармаатай өмд өмсч, “хар морьт” янжуур зууж эхэлсэн тэр жилүүдэд идэр нас нь өнгөрч дайны утаа өрнө дорнодод дэгдсэн онуудад эрдэм номд суралцаж энх цагийн бүтээн босголтын цаг дор бүтээл санаачилга нь жигдэрч монгол хүний мөнхийн дагуул морин өртөөний нь албыг моторт тэргээр сольж, галт тэрэг, нисэх онгоц, цахилгаан станц, цахим тооцоолуур их барилга, ил уурхай, атар эзэмших, алт олзворлох, эрүүлийг хамгаалах, эрдмийн академи, урлагийн театр, кино дэлгэц, хэвлэх үйлдвэр, радио телевиз, пуужин цэрэг, сансрын нисэгчтэй болох, НҮБ -д элсэж, Юнеско -д хуралдах хүртэлх бүхий л цоо шинэ шинэ ололтын гэрч бөгөөд бүтээлцэгчид нь байсан амны хишигтэй, азтай гавьяатай үеийнхний эхний эгнээнд сумны өөдөөс ч шуурганы өөдөөс ч дальдралгүй давшин явагсдын нэр төртэй төлөөлөгч ховор бөгөөд цөөхөн хүмүүсийн нэрсийн жагсаалтад овог нэр нь дээгүүр бичигдсэн нэгэн амой.
Үзээгүй бүхнээ үзэж, байгаагүй болгоныг бий болгосон хорьдугаар зууны монголчууд улс орноо, хүн ардаа үнэхээр танигдахгүй болтол өөрчилж чадсан нь юм бүхэн дээр ил тод харагдах боловч түүнийг олж харах нүд таньж ухаарах ухаан гэж өөр болой. Өнөөгийн залуус бол монгол орон нь өндөр барилга, өргөн гудалж нисэх онгоц, автомашин, радио, телевиз, цахилгаан гэрэл, ярьдаг утас, галт тэрэгтэй ийм л байсан юм шиг л санана. Гэтэл дал, наян настай өдгөөгийн өвөө, эмээ нарынх нь залуу цагт дээр дурдсан бүхэн манайд байсангүй. Тэдгээрийг тэд л өөрснөө буй болгож гардаж бүтээлцсэн гол эзэд нь байсан юм. Нэг нь төмөр утасны шон босгож байхад нөгөө нь уурын тэрэгний дугуй хийлж, гуравдахь нь кино хальсны дамарр эргүүлж, дөрөвдэх нь морзийн үсэг дамжуулах зүүмэр товшиж, тав дахь нь бичгийн машины товч дарж суусан гуч дөчөөд оны залуучууд буюу өнөөгийн ахмадууд тэр л идэр цолгин насаа эргэн дурсахуйд улс орон маань юутай байгаад юутай болсон билээ гэдгийг томруулагч шилээр өсгөн үзэх мэт тод томруун харж чадна. Толгой эргэм өндөрлөгт гарснаа ч мэдрэх боловч тэгсэн ингэсэн гэж тэд үл гайхуулна. Гэвч тэдний үр хүүхэд хойч үед нь өөрчлөлтийг тэдэн шиг хурц мэдрэхэд саад болдог цаг хугацаа орон зайн хүчин зүйл гэж бий. Түүнээс болоод ахмад үеийнхээ гавьяа зүтгэлийг төгөлдөр дүүрэн үнэлэн бишрэхэд ямар нэгэн “амтлагч” дутдаг. нь амьдралын эрх юм даа. Нөгөөтэйгүүр тахимдуу, даруу хүмүүжил яс маханд нь шингэсэн ахмад үе маань гайхамшгийг бүтээсэн байлаа ч гайхуулан цээжээ дэлдэхгүй явсаар нэгэн насны урт аянаа дуусгадаг нийтлэг нэгэн араншинтай байсан болой. Тэдний нэг нь Сономын Удвал гуай. Өөрийнхөө тухай бараг ярьдаггүй нэгэн байсныг хамт ажиллаж байсан хумүүс нь нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөх биз. Ярья гэвэл яриад барагдахгүй намтартай нэгэн байлаа. Тэрээр өөрийн үеийнхний нэгэн ижил олон юман дээр анхдагчийн алдар хүртэх учиртай нэгэн байлаа. Тэрчлэн бас олон юман дээр ганцаараа байр эзлэх эрхтэй нэгэн байлаа. Нэгэн зуун дуусахад түүнийг нь булаалдах эрхтэй, бүтээлтэй бүсгүй хүн гарсангүй.
Зуундаа ганц эмэгтэй романч Хорьдугаар зууны шинэ Монголын шинэ уран зохиолд том хэлбэрийн төрөл зүйл жараад оноос нэлээн жигдэрч бие даасан хэмжээнд хүрсэн бөгөөд Ч.Лодойдамба, Ренчин, Д.Намдаг, С.Дашдэндэв зэрэг ахмад үеийн зохиолчдын нэр бүхий романууд жар далаад оны (XX зууны) хооронд хэвлэгдэн үйрч ирснээр монгол уран зохиолд үргэлжилсэн үгийн туульсийн хэлбэр байр сууриа баттай эзлээд улмаар дараа дараачийн үе нь мөнөөхөн роман бичлэгийн сургуулийг удаа дараа төгсгөж шинэ шинэ бүтээлээрээ уншигчдынхаа номын тавиурыг хотойлгож эхэлсэн билээ. Түүхэн сэдвээр Ж.Пүрэв, адал явдлын сэдвээр З.Баттулга, Лха.Дарьсүрэн, амьдрал ахуйн сэдвээр Н.Банзрагч, Б.Нямаа, С.Дашдооров, зөгнөлөөр Д.Даржаа, уул уурхайн сэдвээр З.Сандгаа, С.Лочин, С.Пүрэв, улс төрийн сэдвээр Д.Маам гэхчилэн роман бичлэг дотроо идэвхжиж эрч хүчээ авч байх үед “Их хувь заяа” романаа Сономын Удвал гуай туурвиж монгол романы сүрэгт ижилсүүлэв. Тэр нь түүхэн сэдэвтэйгээр барахгүй зууны содон монгол хүмүүсийн нэгэн болох ардын Хатанбаатар Магсаржавын тод үнэмшилтэй дүрийг товойлгон урласан “гайхамшигт сод хүмүүсийн намтар” цувралын эхийг тавьсан бүтээл болж тэр дорхноо л орос болон бусад хэлээр орчуулагдан дэлхийд түгэж, улмаар уран сайхны кино болон дэлгэцнээ амилсан юм. Энэ бүхэн цөм онцлог явдал боловч эцсийн дүнд тэрхүү туульсын томоохон бүтээлийг туурвисан анхны бөгөөд зуундаа ганц эмэгтэй хүн байснаараа Сономын Удвал “Ховор хатагтай болон утга, соёлын түүхэнд үлдэв. Тэрээр бүр тавиад оны дундуур “Одгэрэлийн яриа”, жараад оны эхээр “Анхны арван гурав”, дараа нь “Ховор хүн” зэрэг сэдвийн хувьд шинэ сэргэг хэлбэрийн хувьд бэсрэгхэн туужууд бичсэн бөгөөд тухайн тэр үедээ нилээн том хэлбэрийн бүтээл байснаар барахгүй өөр хэний ч хэлээгүй үгийг анхлан хэлсэн онцлогтой туужууд байсан юм. “Одгэрэлийн яриа” өөр хэн ч биш зөвхөн Удвал гуай л ярьж чадах байсныг өнгөрсцЯ дөч гаруй жилийн хэрэг явдал гэрчлэх буй заа.
Монголын анхны романч эмэгтэйн хувьд Сономын Удвал шнн уран зохиолдоо “ховор хатагтай” юм.
Зуундаа ганц эмэгтэй киночин, Монголын кино урлаг бол хорьдугаар зууны хориод онд төрж мэндлэгсэдтэй бас л нас чацуу гэж болно. Наяад жилийн тэртээ киног “сүүдэр ший” гэж гайхан нууцаар сэмхэн үздэг, үзсэнийхээ төлөө эх эцгээсээ зэмлэл авдаг тэр л хүүхдүүдийн нэгэн явсан Сономын Удвал далан оны Монголын кино урлагт сонгодог болтлоо үзэгчдийн таашаал хүлээсэн кино зохиолуудыг бичсэн цорын ганц эмэгтэйн хувьд мөн л “ховор хатагтай” юм. Түүний бичсэн зохиолоор “Хүргэн хүү”, “Үер, “Хатанбаатар Магсаржав” зэрэг тэр үедээ ч өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй улам ч ханштай болж байгаа уран сайхны кинонуудыг бүтээжээ. Үүнд найруулагч, хамтран бүтээгчдийн гавьяа байхыг үгүйсгэх учиргүй боловч “овоо босгоогүй бол” гэдэг үгийг мартах аргагүй. Дурдсан кино бүтээлүүд тухайн цаг үедээ шууд л олны анхаарлыг татаж, чинээлэг айлд ядуу хүргэн орж суусны ээдрээтэй бөгөөд амархан шийдвэрлэгдэхээргүй монгол ахуйн зангилгаа асуудлыг «Хүргэн хүү» кинонд өмнө хойно нь хэн ч хэлээгүй, дүрслээгүй талаас нь нээн харуулсан шигээ их голын гарман дээр наад цаад хоёр эрэгт сууж хүмүүст хөл залгуулж аж төрдөг монгол, орос хоёр өвгөн усчдын эгэл мөртлөө түүхэн эгзэгтэй үед асар их хариуцлагатай үйлсийг мөн л шинэ хэллэгээр шинэ агуулга зохиомжоор нээж үзүүлснээрээ орчин үеийн кино урлагт өвөррмөц хуудас нээж өгснөөр барахгүй эрчүүд голлосон баатартай угта зохиолд эмэгтэйчүүдийг төвийлгөн дэвшүүлж тавьснаараа шинэчлэлийн чанартай сэтгэлгээг нэвтрүүлсэн билээ. Гэрийн хоймор эзэлж заншсан эрчүүдийн уламжлалт зан, сэтгэлгээг өрх гэрийн зүүн тал руу шилжүүлэх хандлагыг дэвшүүлснээрээ С.Удвал гуай цагтаа арга барил, санаа бодлын шинэчлэл хийсэн боловч тухайн үеийн судлаач нар түүнийг олж хараагүй буюу харавч “даргыгаа магтан бялдуучилсан” болохыг хүсээгүйнх ч байж мэднэ. Ямар ч байсан Монголын зохиолчдын байгууллагыг олон жил тэргүүлж байсан жилүүддээ Удвал гуай уран бүтээлийнхээ талаар авбал зохих үнэлгээгээ ил тодоор авч чадаагүй билээ.
Уул нь бол монгол киноны түүхэнд тооны хувьд ч чанарын хувьд ч өөр ижилгүй бүтээл туурвисан цорын ганц эмэгтэй эохиолчийн хувьд Сономын Удвал гуай “ховор хатагтай” байлаа.
Зуундаа ганц эмэгтэй захирагч Монголын Зохиолчдын байгууллага гэж хүн бүл цөөнтэй мөртлөө нийгмийг доргиож мэдэх нэгэн айлыг хамгийн эгзэгтэй, ёргиотой үед нь (1962-1973) арван гурван жилийн турш тэргүүлсэн цорын ганц эмэгтэй зохиолч бол Сономын Удвал гэдгийг бүх нийтээр мэднэ. Тэр айлыг урьд цагт С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн, Д.Сэнгээ, Б.Жаргалсайхан, Ш.Нацагдорж гэхчилэн алдартай цуутай эрчүүд толгойлж байсан боловч тэдний нэг нь ч С.Удвал гуай шиг тийм удаан хугацаанд ам хэлтэй, архитай дарстай, ааштай араншинтай зохиолчдыг захирамжлаж байгаагүй юм. Дээр дурдсан гурван зүйл онцлогийн нэгээс бусад нь С.Удвал гуайд тэднээс дутахааргүй байсан билээ. Харин “архи дарстай” гэдэг үзүүлэлт нь байсангүй. Байхгүй тэр зүйл нь түүний давуу тал, зохиолчдын бол “цоорхой зулай” болон хувирч тэр гол юмаараа дутуудаа “бантаж” явцгаадаг байлаа. Харин Удвал гуай бол уудаггүй мөртлөө уудагчуудын “зовлонг” ойлгодог байсан нь олон даргын дутууг нөхөж дундыг дүүргэх нэг “нууц” нь болсон юмсанжээ.
Эмэгтэйчүүд толгойлсон өрх тавь жаран мянга боллоо гэж өнөө үеийнхэн нэг л сэтгэл дундуур бичицгээж, ярьцгаах боллоо. Гэтэл “Монголын зохиолчдын хороо” гэдэг орон гэргүй бөгөөд олон эрх танхил хүүхэдтэй өрхийг Удвал гуай толгойлох болсноос хойш дордсонгүй. Харин ч өөрийн гэсэн өргөө гэртэй болж өнөр баян айл болсноор барахгүй уран бүтээлчдийн эвлэл холбоодоос анх удаа туган дээрээ Сүхбаатарын одон хадуулж одон тэмдэгт хорооны зэрэгт дэвшиж дөчөөд онд төрүүлсэн хүү “Цог” сэтгүүл, тавиад оны “Утга зохиол” сонин нь хүртэл эрийн цээнд хүрч төрийн өмнө гавьяа байгуулан одон тэмдгээр шагнуулцгааж билээ. Зохиолчдын байгуулагын нэр хүнд өсч гадаад харилцаа нь өргөжиж олон улсын томоохон хурлыг хүртэл өргөө гэртээ урьж хийлгэдэг болсон юм.
Өрхийн тэргүүн эзэгтэй маань удалгүй хоёр өрхийн нэг тэргүун буюу зохиолчдоос гадна Монголын эмэгтэйчүүдийн хороог даргалан улмаар Ардын Их Хурлын тэргүүлэгч гишүүнээр удаа дараа сонгогдон ажиллах болсон билээ.
Нэгэн эмэгтэй тэргүүлж байсан тэр жилүүдэд хоёр өрх буюу Монголын зохиолчид, эмэгтэйчүүдийн байгууллага нэр сайтай, бүтээл арвинтай, санаачилга ихтэй, Монголдоо ч, дэлхийд ч дуу шуутай байсныг гэрчлэх гэрч мундахгүй ээ!
Ховор хатагтай Нобелийн шагналт их зохиолч Михаил Шолоховтой зургаа авахуулж, зориулж өргөсөн хундагын үгэнд гартахгүй хариу барьж явсан монголын ховор хатагтай Сономын Удвал бол яг өөрийнхөө нэрээр нэрлэсэн олон улсын утга зохиолын шагналыг Монголоос байтугай Ази, Африкаас анх хүртсэн цорын ганц эмэгтэй зохиолч билээ. Ази, Африкийн зохиолчдын байгууллагыг байгуулах цагаас нь идэвхтэй хамтран зүггэж ээлжит нэгэн том хурлыг нь Монголдоо хийлгэж явсан Сономын Удвал бол мөнхүү хоёр тивийн уран зохиолын “Лотос” (лянхуа) сэтгүүлийн зөвлөлийн гишүүнээр олон жил ажиллаж уул сэтгүүлийн тусгай дугаарыг Монголд зориулан гаргахад их хувь нэмэр оруулсан эмэгтэй юм. 1971 онд түүнд “Лотос” шагнал хүртээсэн нь үнэн хэрэгтээ Удвал зохиолчид “Удвал” шагнал өгсөн ажээ. Лотос бол лянхуа буюу удвал цэцгийн нэр юм. Тэр шагналыг хүртээхээс төө өмнө 1969 онд Цэндийн Дамдинсүрэн гуай нэгэн удаа нөхөрсөг шогоор зураад Удвал гуайг “удвал — лотос” гэж бичиж байсныг энд дурсах ялдамд уул зургийг дор нийтлэв.
Удвал гуай “Ховор хүн” тууж шигээ ховор хүн байлаа. Түүнийг нотлох өөр олон олон баримтыг энд дурдаж болох боловч энэ удаа тоочиж бараагүйн эрхээр товч төдий өгүүлэв. Тэрхүү “Ховор хатагтайн” хажууд 1963 оноос эхлэн нэлээд олон жил ажилласан надад ярих юм цөөнгүй боловч цагаа ирэхээр аяндаа хөврөх мөрүүдийг энэ удаа цэглэе.
Л.Түдэв /Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт зохиолч/