Хуурамч хаяг шошготой, эрүүл ахуй, стандартын шаардлага хангах гүй бараа бүтээгдэхүүнийг Замын-Үүдийн Хилийн мэргэжлийн албанаас Монгол Улсад оруулахыг хориглож, иргэдэд анхааруулах үүднээс өөрийн байрандаа үзүүлэн байд лаар дэлгэсэн байна. Мэргэжлийн лабораториор шинжлүүлээд эрүүл ахуй, стандартын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан, мөн хуурамч хаяг шошготой бүтээгдэхүүнүүдийг танд танилцуулъя.
Сургуулийн ойролцоо байдаг ТҮЦ, жижиг дэлгүүрүүдэд хамгийн гүйлгээтэй бараа бол шүдний хэлбэртэй, ягаан өнгөтэй резинэн чихэр. Ширхгийг нь 50 төгрөгөөр зар даг эл чихэр хүнсэнд хэрэглэхийг хориглосон хүнсний нэмэлт Е123 бодис их хэмжээгээр агуулсан болох нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
Мөн охид, бүсгүйчүүдийн хэрэглэх дуртай гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг урд хөршид үйлдвэрлэн хуурамч хаяг шошго наан их хэмжээгээр оруулж ирдэг байна. Ногоон цай, түгээмэл хэрэглэдэг гутлын тос, “Наалдан пад” цавууг хүртэл дуурайлган үйлдвэрлэж, хуурамч хаяг шошго наасан харагдана. Хаяг шошгын зөрчилтэй, БНХАУ-д үйлдвэрлэсэн хоол амтлагчийг Хилийн мэргэжлийн хяналтын албаныхан хураан авч устгалд оруулжээ. Үүнийг хүний үсээр хийсэн байсан гэнэ.
Түүнчлэн Оросын “Глицериновый” нэртэй гарын тос, Европоос манайд оруулж ирдэг төрөл бүрийн сүрчиг, нүдний контур, сормуусны будаг гээд олон төрлийн бараа бүтээгдэхүүн байгааг та харж байна. Хуурамч учраас маш хямд үнэтэй байдаг бөгөөд манай наймаачид их хэмжээгээр оруулж ирдэг юм байна. Замын-Үүдийн Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Д.Мөнхжаргалаас энэ талаар тодрууллаа.
-Хилээр оруулж буй бараа бүтээгдэхүүнийг чанарын шаардлага хангахгүй, хуурамч гэдгийг яаж тогтоодог вэ. Ихэвчлэн ямар бүтээгдэхүүнийг хил гааль дээр хурааж байна?
-Лабораторийн шинжилгээгээр тогтоодог. Хуурамч шошготой гоо сайхны бүтээгдэхүүн их орж ирж байна. Архи, шар айрагны онцгой албан татварыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор сүүлийн үед Хятадаас согтууруулах ундаа их хэмжээгээр оруулж ирэх болсон. Шинжилгээгээр эдгээр архинд метилийн спиртийн агууламж маш өндөр байгааг тогтоосон. Вьетнамаас тусламжаар оруулж ирсэн цагаан будаанаас шөвгөр хоншоорт хорхой илэрсэн. Мөн Монгол Улсад зарж борлуулах зөвшөөрөл аваагүй эмийн хэрэгслүүд энд байна.
-Янзаганы зурагтай хүүхдийн памперсийг манайхан нэлээд хэрэглэдэг. Ямар зөрчилтэй юм бэ?
-Хаяг шошгын зөрчилтэй. Хятадаас оруулж ирсэн мөртлөө өөр улсын хаяг шошготой. Гоо сайхны бүтээгдэхүүнүүд бас адилхан.
-Иргэдэд юу анхааруулах вэ?
-Манай наймаачид хүнсний чанар, аюулгүй байдлыг хангасан бараа бүтээгдэхүүн оруулж ирмээр байгаа юм. Гэтэл хямдыг нь бодоод эрүүл ахуй, чанарын шаардлага хангахгүй бараа, бүтээгдэхүүн их хэмжээгээр авчирдаг. Урдаас бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа аль болох баталгаатай агуулах, дэлгүүрээс авах хэрэгтэй.
-Өнгөрсөн жил хачигтай алим олон тонныг хураасан гэж байсан. Одоо тийм алим орж ирж байгаа юу?
-Хачигтай 20 гаруй тн алим хураан устгасан. Хятадын талд буцаах гэхээр авдаггүй. Хоёр улсын гэрээ хэлэл цээрт заасан ургамлын жагсаалт дотор энэ жимсний нэр байхгүй гэдэг. Иргэдэд “Ийм хайрцагтай алимнаас хачиг илрээд байна. Битгий аваарай” гэдэг сэрэмжлүүлгийг бид өгч байгаа. Одоо “Гого” сортын, бор хайрцагтай, ногоон алимыг оруулж ирэхээ бүр больсон. Сүүлийн үед банан сортын алимнаас хачиг илрэх боллоо. Бид дөрвөн тонн алим хураасан.
-Хувь хүмүүс ганц нэг хайрцгаар нь худалдаж авсан алимаа хачигтай эсэхийг мэдэх арга бий юү?
-Түүнийг тэр бүр мэдэх арга байхгүй. Бидний хураасан алимыг хүнд даацын автомашинаар, их хэмжээгээр, тухайлбал 63 тонноор нь оруулж ирсэн. Алим наас гадна үзэмнээс мөн хачиг, шавьж, мэрэгч илэрсэн.
Г.Гэрэл