-Буриадаас ирээд удаагүй Филармонийн гоцлол дуучин болсон тухай мэдээ сонслоо. Тиймээс Таны хувьд давхар баяр тохиож байна уу даа?
-Би өнгөрсөн оны хавар СУИС-ийн мэргэжлийн эстрад дуулаачийн ангийг гавьяат жүжигчин Ч.Насантогтох багшийн удирдлага дор төгссөн. Үргэлжлүүлээд намраас нь магистрын зэрэг горилон суралцаж байна. Одоо суралцахын зэрэгцээ Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармонийн гоцлол дуучны алба хашихаар боллоо. Их баяртай байна. Мөн ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотноо өнгөрсөн сарын сүүлээр зохиогдсон эстрад дуулаачдын уралдаанд эх орноо төлөөлж оролцоод түрүүлсэн. Уралдаанд 37 орны 60 гаруй дуучин оролцсон юм.
-Таныг уралдаанд оролцохоор явсныг сүүлд мэдсэн. Их шахуу явсан байх. Ер нь уралдаанд хэдий хугацаанд бэлтгэсэн бэ?
-Ерөнхийдөө уралдаан болохоос өмнө долоо хоногийн дотор шийд гараад хувийн бэлтгэлээ хангаад явсан. Уралдаан гурав хоногийн турш үргэлжилсэн. Миний хувьд уралдаанаас өмнө нь очиж бэлтгэлээ базаасан. Тэгээд ч Улаан-Үдийн цаг агаар, хоол унд нь манайхтай төстэй болохоор бэрхшээл гараагүй. “Белый месяц” уралдаан хоёр жилд нэг удаа зохиогддог. Одоогийн байдлаар 20 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа олон улсын чанартай уралдаануудын нэг. Надад уралдаанд оролцох боломж олгож намайг чадна гэж итгэл хүлээлгэсэн Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав захиралтай “UBS” телевизийн хамт олонд баярлалаа. Өмнөх жилүүдэд нь зохион байгуулсан тэмцээнд манай улсаас поп хатагтай Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэг, С.Наран, С.Сэрчмаа, “Гурван охин”, “Hot spot” хамтлагийнхан оролцсон. Надад итгэсэн хүмүүсийн итгэлийг алдаагүй ганзага дүүрэн оролцоод ирсэндээ сэтгэл их өег байна.
-Уралдааны дараа гадаадын уран бүтээлчдээс хамтран ажиллах санал ирсэн үү?
-Тэмцээнийг хоёр улсын яам хамтран зохион байгуулсан болохоор ярилцсан ажил байгаа. Тэр ажил биеллээ олсон цагт нь мэдээлэл өгөөд явна. Ер нь энэ жил олон сайхан мэдээ хүргэнэ гэж найдаж байгаа шүү.
-“Universe best songs” наадам Таныг бусдад өөрийгөө таниулах нэг алхам болсон байх. Шоу нэвтрүүлгээс Танд юу үлдсэн бол?
-Би нэгдүгээр ангиасаа л дуулсан. Ерөнхий боловсролын сургуулийн сурагч байхдаа 21 аймагт тоглолт хийж байлаа. Харин 2009 онд “Universe best songs” шоу нэвтрүүлэгт оролцож шилдэг 25 оролцогчийн нэг болсон. Тухайн үед үеийн залуустайгаа өрсөлдөж, өөрийгөө мэдэрсэн. Уралдаанд нэгдүгээр дамжаанд байхдаа оролцсон учраас дутуу зүйл байсан л байх. Тиймээс суралцаж, хийж бүтээх урам авсан. Дээрээс нь шоу нэвтрүүлэгт оролцсоноор уран бүтээлч нөхөдтэй болсон. Уралдаанд оролцож байгаа хүн баян ходоод болно, нэгийн даваанд унана гэсэн сэтгэлээр оролцдоггүй. Харин ч хөгжинө гэж боддог. Ер нь хүн алдана гээд айлгүйгээр урагшаа алхаж өөрийгөө сориод үзэх хэрэгтэй. “Universe best songs”-д орсноор өөртөө тавих шаардлага нэмэгдсэн. Мөн илүү хариуцлагатай байх хэрэгтэй гэдгийг ухаарсан. Түүнээс хойш эрчимтэйгээр сурч боловсролоо дээшлүүллээ. Өнгөрсөн жил өөрийн бие даасан цомгийн ажилд ихээхэн анхаарсан. Саяхан цомгоо хэвлэлтэд явууллаа. Цомгоо ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчидтэйгээ хамтран бүтээсэн.
-Та хөдөлмөрийн үнэ цэнийг багаасаа мэдэрсэн. Энэ нь гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой болов уу?
-Би ээжээс гурвуулаа. Хоёр сайхан ахтай. Айлын ганц охин гээд эрхийн балай байгаагүй. Нийгэмд бие хүн болон төлөвшихөд тухайн хүний ухамсар ихээхэн нөлөөлдөг. Би ерөнхий боловсролын сургууль төгссөн жилээсээ Монголын төмөр замын ЗҮУТБ-ын Төв вокзалд лавлан мэдээлэгчээр ажилласан. Мөн вокзалын “Жигүүр” хамтлагийн гоцлол дуучин байлаа. Тэгээд сургуулиа төгсөөд ажлын байртай болсноос болоод ч тэр үү үеийнхнээсээ нэг алхам илүү гишгэсэн юм шиг санагддаг. Энэ утгаараа хөдөлмөрийн үнэ цэнийг арай эрт мэдэрсэн байх.
-Сүүлийн үед Таныг улстөртэй холбон ярих болжээ. Энэ талаар сонирхуулаач?
-Хүн нэгэнт нийгмийн тодорхой эд эс нь болоод явж байгаа юм чинь идэвх оролцоотой амьдрах хэрэгтэй. Би НАМОХ-ны дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг давхар хийж байна. Залуучуудын төлөөлөл болсны хувьд хариуцлагатай байх нь чухал. Одоо зөвхөн дуулаад л явах биш үеийнхнийхээ юу хүсдэг, ямар бэрхшээл байгааг шийдвэр гаргах төвшинд илэрхийлэх нэгэн байх хэрэгтэй. Нэгэн үеийн залуус маань намайг чадна гээд итгэл хүлээлгэсэн болохоор би зугтах ёсгүй. Шар хэвлэлээр намайг “Улстөрд орох эхлэлээ хийж байна” гэж бичдэг. Гэхдээ энэ бүхэн намайг харах өнцөгтэй холбоотой. Улстөрд оролцоно гэдэг харьцангуй ойлголт шүү дээ. Зүгээр хэн нэг нь сонгуульт ажил хийгээд улстөрч болчихдоггүй. Энэ бол асар хариуцлагатай ажил. Харин залуу хүний хувьд нийгмийн идэвх оролцоог харуулж байгаа хэрэг. Хэн юу яаж хийж байгааг хараад суулгүйгээр өөрөө оролцоод хийгээд үз л дээ гэж хэлмээр байна. Би бусдын адил нийтийн тээврээр зорчдог. Тэглээ гээд би ичдэггүй. Өнөөдөр Монголд чадалтай залуус байна. Өөрийгөө таниулахын төлөө зүтгэж, хичээж байгаа залуу олон байгаа шүү дээ.
-Залуусыг шүүмжлэл хүлээж авдаггүй гэж ярьдаг?
-Хүмүүс залуусыг шүүмжлэх дуртай. Харин би шүүмжлэх дургүй. Залуу хүн алдаж байж суралцана шүү дээ. Ингэж хэллээ гээд заавал алд, буруу зүйл хий гэж байгаа хэрэг биш. Зүгээр л тэднийг нэг удаа уучлах хэрэгтэй.
-Та хэр эмзэг хүн бэ?
-Мэдээж хүн юм чинь эмзэглэх зүйл гардаг. Гол нь түүнийг тэвчиж, тэсч сурах нь чухал. Ялангуяа би эмэгтэй, ирээдүйд ээж болох учраас эмзэглэнэ шүү дээ. Өт хүртэл биед хүрэхээр арвагнадаг биз.
-Таныг хэн нэгэнтэй нэр холбож, элдэв сэтгэгдэл бичдэг хүмүүс байдаг. Тэр үед өөрийгөө хэрхэн тайвшруулдаг вэ?
-Тэгж бичлээ гээд сэтгэлээр унаж шантардаггүй. Би юу хүсч байгаагаа мэддэг, түүний төлөө зүтгэх хэрэгтэй гэдгээ ойлгосон учраас цаг хугацаа надад асар үнэ цэнэтэй санагддаг. Тиймээс хэн нэгэн намайг муулна гэж эмээдэггүй.
-Уран бүтээлч хүнд байх ёстой бүтээлч, дайчин чанар Танд бий.
-Ер нь хүн юуны төлөө амьдарч байгаагаа мэдэх хэрэгтэй. Тийм ч учраас би цаг хугацаа хамгийн үнэтэй гэдгийг мэддэг байх. Би амьдрахын тулд дуулж байгаа. Тэгэхээр би илүү сайн байх ёстой. Хүмүүс “Чи дуучин болоогүй байсан бол юу хийх вэ” гэж асуудаг. Тэгэхэд нь “Би юу ч хийж чадна. Сайн оёдолчин, тогооч болж чадна” гэж хэлдэг. Яагаад гэвэл намайг гэсэн сэтгэлтэй хүмүүс, миний гэр бүл байгаа болохоор тэдний итгэлийг алдахгүйн тулд хичээх хэрэгтэй биз дээ.
-Гэр бүл төлөвлөлтийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хүн ажил үйлсийг төлөвлөнө. Харин хүний хайр сэтгэлтэй холбоотой гэр бүлийн асуудлыг төлөвлөж болохгүй. Тиймээс гэр бүл зохиохдоо хариуцлагатай байх хэрэгтэй гэж боддог. Санаагаар болдог бол 28 насандаа гэр бүл зохионо гэж бодож байна. Маш сайн ээж, хань болоод амьдарна гэж боддог доо. Харин ойрын дөрвөн жил амжуулах ажил их байгаа учраас уран бүтээлдээ цаг заваа зарцуулах шаардлагатай байна.
-Хэдэн нас хүртлээ дуулна гэж бодож байна?
-Мэргэжлийн уран бүтээлч учраас суралцсаар л байна. Мэдээж миний дууг сонсдог хүмүүст зориулж дуулсаар байх болно. Харин хэсэг хугацааны дараа багшлах байх. Тэгээд яваандаа авьяастай хүүхдүүдийг дэмжиж ажиллана. Мөн нийгмийн сайн сайхны тусын тулд хандивын тоглолт хийгээд хүмүүст өөрийнхөө чадлаар туслахыг хичээнэ дээ.
-Амьдралын үнэ цэнийг Та юу гэж ойлгодог вэ?
-Харьцангуй ойлголт л доо. Хүний амьдралд үнэ цэнэтэй зүйлс бий. Нэгдүгээрт, хүний гэр бүл байна. Дээрээс нь эрүүл мэнд их чухал. Гэхдээ юм бүхэн үнэ цэнэтэй байдаггүй. Өнгөрсөн онд би осолд ороод хэвтэрт байхдаа “Хүн юуны тулд амьдардаг юм бэ” гэж өөрөө асуусан. Түүнээс л хүн амьддаа бие биенээ хайрлах ёстой гэдгийг ухаарсан.
-Бухимдсан үедээ юу хийж өөрийгөө сатааруулдаг вэ?
-Хүн болгонд ийм үе байдаг. Би чинь уйлдаг, гутрах сэтгэлтэй, шаналах мэдрэмжтэй хүн шүү дээ. Тийм үед ихэвчлэн хөгжим надад хань болдог. Мөн намайг ойлгодог хэн нэгэнтэй ярилцахыг илүүд үздэг. Ялангуяа ээжтэйгээ үй зайгүй найзууд шиг л ярьдаг юм. Түүнээс хамаг юмаа хагалж хана цохидоггүй /инээв/. Хүн ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө “Ингэлээ гээд юу өөрчлөгдөх юм бэ” гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Ингэж л чадвал гарц харагддаг. Тиймээс би амьдралд амгалан ханддаг байх.
-Та од мөн үү?
-Би зөвхөн олны танил болж яваа нэгэн. Намайг хүн заавал таньдаг байх албагүй. Ер нь од ч юм уу тод явах гээгүй шүү дээ. Хамгийн гол нь зорилго, юу хүсч байгаагаа ойлгох хэрэгтэй. Од болно гэдэг их харьцангуй ойлголт л доо. Тухайлбал, Холливудад дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, 10 саяас дээш хүн амтай орон нутагт дөрвөн саяас дээш цомог борлуулсан зэрэг үзүүлэлтийг харж од гэж нэрлэдэг юм билээ. Хаанаас ингэж тодорхойлсныг мэдэхгүй ч сонсч байсан.
DEED.MN