Жүжигчин Анжелина Жоли манай ертөнцийн зарим эмзэг хэсгийнхнийг гэрэлт ирээдүйтэй болгох хүчин зүтгэлээ үргэлжлүүлсээр байна. Тэрбээр Афганистанд охидын сургууль байгуулахаар болжээ. Шинэ дунд сургууль тус улсын Кабул хотноо нээгдэх аж. Сургууль эхний ээлжинд 200-300 эмэгтэй сурагч элсүүлэх бөгөөд аажимдаа сурагчдын тоог олшруулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Тус бүс нутагт ихэвчлэн эрэгтэй хүүхдүүдэд л боловсрол олгох бодлого үйлчилдэг аж. Жоли энэ байдлыг шударга бус хэмээн үзэж охидын сургууль нээхээр шийдвэрлэсэн нь энэ юм. Тэрбээр сургууль барьж, үйл ажиллагааг нь явуулах бүх хөрөнгийг хувиасаа санхүүжүүлж байгаа. Мөн өөрийн гоёл чимэглэл, үнэт эдлэлийн /“Style of Jolie”/ худалдаанаас олсон бүх орлогоо сургууль нээх ажилдаа нэмэрлэсэн байна.