Нийслэлийн Улаанбаатар чуулгын бүжиг ангийн бүжигчин Ж.Номгонмаатай уулзаж, цөөн хором ярилцлаа.
-Танай бүжиг ангийн анхны бие даасан тоглолтод модерн бүжиг тавих юм. Модерн бүжгийг зарим уншигчид сайн ойлгодоггүй. Тэгэхээр модерн бүжгээс яриагаа эхэлье?
-Модерн бүжиг нь XX зууны эхээр бий болсон. Энэ бүжгийн төрөл нь сонгодог бүжгийн зан заншил, хэвшсэн журмын эсрэг гарч ирсэн урсгал юм. Аливаа бүжигт техник чухал үүрэгтэй ч модерн урсгал нь бүжиг дэглэлт, тоглолтын хувьд илүү чөлөөтэй, уран сэтгэмжээр баялаг байдаг.
Нэг үгээр хэлбэл модерн бүжигт тухайн бүжигчний сэтгэл хөдлөлийг биеийн хөдөлгөөнөөр дамжуулан илэрхийлдгээрээ бүжгийн бусад төрлөөс ялгардаг. Модерн бүжигт ийм, тийм хөдөлгөөн байх ёстой гэж заадаггүй.
-“Жил хагас” тоглолтын онцлог юу байх бол?
-Тоглолтын маань нэрийг сонирхож хүмүүс их асууж байгаа. Манай бүжгийн анги 2011 оны аравдугаар сарын 1-нд байгуулагдсан. Тэр цагаас хойш жил хагасын хугацаа өнгөрсөн байна. Үүнийг бэлгэшээж ийм нэр өгсөн.
Энэхүү тоглолтоороо бид жил хагасын хугацаанд юу хийж, бүтээснээ үзэгч түмэндээ тайлагнаж байна. Тоглолтын онцлог гэвэл бүжигчид өөрсдийн дэглэсэн бүжгээрээ оролцож байгаа.
-Тоглолт хоёр хэсгээс бүрдэж байгаа гэж дуулсан?
-Тиймээ. Бидний тоглолт монгол бүжиг болон модерн гэсэн хэсгүүдээс бүрдэж байгаа. Монгол бүжигт баруун аймгийнх нь дөрвөн ойрдын бүжиг, зүүн зүгийн бүжиг орж байгаа. Мөн бүжигчин тус бүр гоцлол бүжиглэх болно. Тоглолтод урилгаар МУГЖ Нанжид, Санжаасүрэн зэрэг олон бүжигчид оролцож байгаа.
-Бүжигчний мэргэжлийг хаана эзэмшсэн бэ?
-Би 12 настайгаасаа Баянхонгор аймгийн хүүхдийн “Тэмүүжин” театрын бүжиг ангийн дугуйланд суралцсан. Алтанцэцэг багшаараа бүжгийн анхны хөдөлгөөнийг заалгаж байлаа.
Сургуулиа төгсч, СУИС-ийг бүжгийн багшийн мэргэжлээр дүүргэсэн. Хамгийн анх Үндэсний дуу бүжгийн чуулгад ажиллаж байсан. Одоо Улаанбаатар чуулгын үндсэн бүжигчнээр ажиллаж байна.
-Чуулгадаа ажиллахын хажуугаар бүжгийн багшаар ажиллах бодол бий юу?
-Одоохондоо нас залуу байна. Бас өөрөө бүжиглэх дуртай болохоор хэн нэгэнд цаг зав гаргаж бүжиг заана гэж бодохгүй байна. Тэгээд ч сургуулиа төгсөөд удаагүй болохоор мэргэжлийн хувьд олон зүйлд өөрийгөө сорьж, туршлага суух хэрэгтэй гэж бодож байгаа.
-Бүжгийн урлагаар хичээллэхийн ач холбогдол нь юу вэ?
-“Эмх цэгцтэйгээс эмх цэгцтэй, нягт нарийнаас нягт нарийн, зөвөөс зөв” гэсэн уриагаараа бусад төрлөөс ялгарах болов уу. Хүнийг эрүүл, гоо сайхан бие галбиртай болгохын зэрэгцээ гоозүйн боловсрол олгодог.
Мөн бүжиглэж буй хосуудын харилцаа их чухал байдаг учир эсрэг хүйстнийхээ хүнтэй хялбархан ойлголцож сурна. Дээрээс нь суралцах явцдаа тодорхой хэмжээгээр анатоми, физикийн мэдлэгтэй болдог. Мөн бүжгийн техникүүд нь олон хувилбартай учир сэтгэхүй шаардана гээд олон талын ач холбогдол бий.
-Бүжиг олон төрөлтэй, таны хувьд аль төрлөөр бүжиглэх дуртай вэ?
-Би хувьдаа мэргэжлийн бүжигчин хүн. Иймд бүжигчин болж байгаа бол бүх бүжгийн төрлөөр бүжиглэдэг байх ёстой гэж боддог. Бүжгийн бүх төрөлд би дуртай, сонирхдог. Аль нэгийг нь сонго гэвэл би лав сонгож чадахгүй байх. Чөлөөт бүжиг ч бүжиглэдэг.
Би бас спорт бүжгийн “Star dance” хамтлагийн бүжигчин гэж явдаг. Манай хамтлаг гадаадын олон тэмцээнд оролцож, амжилт үзүүлсэн. Азийн орнуудаас анх удаа дэлхийн аваргад оролцож байлаа.
-“Star dance” хамтлагийн ойрын хугацаанд оролцох тэмцээн?
-Юун түрүүнд улсын таван удаагийн аварга хамтлагийн гишүүн гэдгээрээ бахархдаг. Энэ дашрамд хамтлагийнхаа гишүүд, багш нарт талархаж явдгаа хэлмээр байна. Ойрын үед манай хамтлагийн дасгалжуулагч Саранхүү багшийн нэрэмжит “Сарны цом” хэмээх улсын хэмжээнд зохиогддог тэмцээнд оролцоно.
Мөн аравдугаар сард болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа. Өмнө нь гурван ч удаа оролцож сүүлчийн шатанд үлдэж байсан. Энэ жилийн хувьд амжилтаа ахиулахаар зорьж байгаа.
-Дэлхийн аваргад олон удаа оролцсон юм байна. Тэмцээн уралдаан зардлаа хэрхэн зохицуулдаг вэ?
-Биднийг санхүүгээр дэмжих байгууллага ганц ч байдаггүй. Ихэнх тохиолдолд гадаадын тэмцээн уралдаанд оролцох бүх зардлаа өөрсдөө хариуцдаг. Манай хамтлаг үндсэн 16 бүжигчинтэй, хоёр дасгалжуулагчтай туслах ажилчидтайгаа нийлээд 30 гаруй хүн болдог.
Тэдний унаа, хоол зэрэг нь их хэмжээний мөнгө шаарддаг. Хувцас хэрэглэлээ хүртэл бартераар л олдог. Энэ бүхэнд дасгалжуулагч маань л сайн гүйдэг дээ.
-Нэг удаагийн тэмцээнд явахад хэдэн төгрөг шаарддаг вэ?
-Нэг хүний бараг хоёр сая төгрөг гарна шүү. Зардлын мөнгөө олохын тулд ах, эгч нараасаа гуйна. Жаахан хэцүүл байдаг юм. Уг нь олон улсын тэмцээнд оролцоход миний нэр бус улс орны минь л нэр гардаг. Тэгэхэд бидэнд улсаас жаахан ч болтугай тусламж үзүүлдэг байгаасай гэж боддог.
-Өдөр болгон бүжиглэдэг үү?
-Мэдээж өдөр болгон бүжиглэхгүй. Бүжиглэхийн хажуугаар дасгал сургуулилт ч их хийдэг.
-Гэр бүлтэй юу?
-Үгүй. Найз залуутай. Хөгжимчин хүн байдаг юм.
-Цаашид бүжигчнээр хэр удаан ажиллах бодолтой байгаа вэ?
-Энэ талаар бодож үзээгүй юм байна. Бүжигчин хүн мэргэжлээрээ хэр удаан ажиллах нь тухайн хүний сонголт, чадвар л мэдэх хэрэг. Миний хувьд тайзанд гарч бүжиглэхгүй ч бүжгийн багшаараа ажиллах боломжтой.
-Залуу хүний хувьд дан ганц бүжигчний цалингаар амьдралаа авч явж чадаж байна уу?
-Одоогоор хувийн амьдрал зохиогоогүй болохоор цалин амьдралд хүрч байна. Гэхдээ авьяас, чадалтай бүжигчдийн амьдрал боломжийн сайхан л байгаа шүү дээ. Мэргэжилдээ мэргэшиж чадвал цалин, мөнгөнд санаа зоволтгүй амьдарч болно гэж боддог.
Эх сурвалж: