“Саагий эгч” хэмээн бидний нууцхан нэрлээд амжсан сарын тэмдгийн талаархи охидын түгээмэл мэдэхийг хүсдэг 6 асуултын хариуг охидын эмчийн хариулснаар хүргэж байна
Би 19 настай. Сарын тэмдгийн мөчлөг минь одоо хүртэл тогтворжоогүй. Энэ хэвийн үү?
Сарын тэмдэг анх ирснээс эхний хэдэн жилд, заримдаа түүнээс ч удаан хугацаанд мөчлөг тогтворжихгүй байх нь хэвийн үзэгпэл. Гэвч чиний хувьд энэ үнэхээр хэвийн үзэгдэл мөн эсэхийг тогтоох хамгийн зөв арга бол эмчид үзүүлэх. Мөчлөг тогтворгүй байх нь олон зүйлтэй холбоотой. Жишээ нь хэт их дасгал хийх, хангалттай илчлэгтэй хоол хүнс идэхгүй байх, илүүдэл эсвэл дутуу жинтэй байх зэрэг гормонд нөлөөлдөг хүчин зүйлсээс болж мөчлөг тогтворгүй байж болно.
Сарын тэмдэг ирэхээс өмнө хамаг бие өвдчих юм. Энэ юутай холбоотой вэ?
Сарын тэмдгийн өмнөх зовиурыг PMS гэж нэршдэг. Энэ нь олон төрлөөр илэрч болно. Толгой, нуруу, ууцаар өвдөх уур уцаартай, бухимдуу эсвэл бүр гуниглангуй болох нь PMS-д хамаарна. Ихэвчлэн гормоны өөрчлөлтөд илүү мэдрэмтгий охидод ийм зовиур илэрдэг гэж ойлгож болно. Зарим тохиолдолд идэж байгаа хоол хүнснээс ч болдог. Тиймээс PMS-ээ багасгахын тулд эхлээд шинэ жимс ногоо идэж, ус ууж, кофе, тосорхог, шорвог бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Мөн өвдөлтийн үед өвчин намдаах эм ууж болно. Хэрэв чинийх маш хүчтэй өвддөг бол эмчид үзүүлээрэй. Ийм үед жирэмслэлтээс хамгаалах эм ч тус болдог талтай.
Сарын тэмдгийн үеэр бэлгийн харьцаанд орж болох уу?
Нэн түрүүнд хамтрагчтайгаа энэ тухай ярилцах хэрэгтэй. Зарим хос сарын тэмдгийн үеэр бэлгийн харьцаанд орох дургүй байхад зарим нь үүнийг хэвийн үзэгдэл гэж боддог. Ярилцаад зөвшөөрсөн тохиолдолд бэлгэвчтэй хавьтахыг зөвлөж байна. Учир нь биений юм ирсэн үед зарим БЗХӨ халдварлахад илүү хялбар болчихдог. Түүнээс гадна энэ үеэр ч секс хийхэд жирэмслэх магадлал БИЙ гэдгийг санаарай.
Гар хангалга сарын тэмдэгт нөлөөлөх үү? Бас гар хангалга их хийвэл жирэмслэх магадлал бага болчихдог уу?
Үгүй. Аль алинд нь нөлөөлөхгүй. Гар хангалгын талаар олон буруу төөрөгдөл бий. Их хийвэл өвчтэй болно, сохорно, үргүйднэ гэх мэт. Хүмүүс энэ сэдвийн талаар нээлттэй ярилцаж эсвэл эмчээс зөвлөгөө авч чаддагүй учраас тэгдэг байж мэднэ.
Тампон хэрэглэвэл би онгон биш болчих юм биш байгаа?
Зарим охид тампон хэрэглэвэл онгон биш болчихно гэж айдаг. Тэгвэл онгон гэдэг тодотгол нь урьд нь бэлгийн харьцаанд орж байгаагүй хүнийг л хэлнэ. Тампон хийх нь секс хийхтэй огт адилгүй зүйл юм. Гэвч цөөн тохиолдолд тампон нь онгон хальсыг бага зэрэг урж болно. Гэхдээ онгон хальс урагдлаа гээд, бэлгийн харьцаанд ороогүй бол “Би онгон хэвээрээ” гэж бодох хэрэгтэй. Хэрэв чи онгон хальсаа цоорохоос эмээж байгаа бол шингээгч сайтай дамск хэрэглээрэй гэж зөвлөе.
Янз янзын л дамскнууд байх юм. Аль нь дээр вэ?
Нимгэн, нарийн, далавчтай далавчгүй гэх мэт олон төрлийн дамскнууд бий. Хамгийн гол нь чиний биений юм хир их ирдгээс шалтгаалж сонголтоо хийх хэрэгтэй. Зарим ариун цэврийн хэрэглэл тусгай үнэртэй байдаг. Гэвч тэр үнэр нь хүнээсээ шалтгаалан загатналт, эсвэл харшил өгөх магадлалтай учир эмзэг арьстай охид хэрэглэх хэрэггүй. Хэрэглэсэн дамскаа ариун цэврийн цаасанд сайн боож хогийн саванд хаяж байх ёстой. Ингэх нь нэг талаас бохир бас хэрэглээнд тохиромжгүй учир тусгай боож хаядаг наалттай цаастай дамск хэрэглэвэл хамаагүй амар. Жишээ нь Монголд зарагдаж байгаа дамскнуудаас “ALWAYS” энэ тал дээр хялбар шийдэлтэй, дээрээс нь шингээх чадвар сайтай байдаг. Хэрэв чиний сарын тэмдэг их ирдэг бол олон дусалтай, уртасгагчтайг нь сонгоорой. Дамск нь чиний хамгийн эмзэг эрхтэнтэй шууд “харьцдаг” учраас хамгийн найдвартай, чанартай, бренд бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна.
/amidral.com/