Улаан дарс, янжуур, бас “мансууруулах бодисын хэмжээ өндөртэй” зүрхнийхээ шархаар хөглөгддөг 2012 оны шилдэг дуу хоолой бол Адель. Түүний “Rolling Stones” сэтгүүлд өгсөн ярилцлагаас хүргэе.
-Европ дахь аялан тоглолт эхлэхэд ердөө хэдхэн хоног үлджээ. Айж сандарсан шинжгүй байх юм. Гэхдээ тамхи их татдаг бололтой?
-Аав маань намайг гурван настайд ээжтэй минь орхиод явсан. Харин аав маань Их Британийн “The Sun” сонинд охиныхоо талаар нийтлэл бичин худалддаг байсан. Түүний “Би Аделийг өсч том болоход нь хамт байгаагүйдээ харамсдаг” гэснийг уншаад эмзэглэж байсан. Энэ явдлын маргааш нь нэгэн сурвалжлагч эмээг маань автобусны зогсоол дээр зогсч байхад нь шахаанд оруулж, миний хүүхэд насны талаар ярихыг шаардсан нь надад бас хүнд цохилт болж байсан, Тэр өдрөөс хойш буцаад тамхинд орчихсон доо.
-Аделийн хоолой бол өнгөрсөн хэдэн жилийн турш пoп ертөнцөд үгүйлэгдээд байсан зөөлөн, урсамтгай мөртлөө хүний сэтгэл зүйд нөлөөлдаг хүчирхэг, тунгалаг хоолой мөн. Жишээлэхэд “Someone like you” дуу чинь яахын аргагүй оюун санаанд зөрчилдөөн, тэсрэлтийг бий болгодог?
-Энэ дуугаараа би хэдийнэ хүний хүн болчихсон хуучин амрагтаа баяртай гэж хэлсэн. Миний бүх дуунууд бодит түүх, жинхэнэ амьдрал дээрх хүмүүст тулгуурладаг. Сэтгэлээс гарсан бүтээл бусдын сэтгэлд ч бас хүрдэг байх. Тиймдээ ч өнгөрсен хоёрдугаар сарын “Брит-ийн” шатал гардуулах ёслол дээр “Someone Like you”- гээ дуулаад тайзнаас уйлагнасан нүдтэй буусан энэ үеэс л хүмүүсийн анхаарал татаж эхэлсэн гэж боддог. Бодит хайрын түүх учраас хүмүүст их таалагддаг байх. Би нэг л зүйлийг хэлэхэд хэн нэгэнд дурлана гэдэг хамгийн гайхамшиг байдгийг мэдэрсэн.
-Хүүхэд байхаасаа л гитар, бишгүүр хөгжимдөх дуртай байсан гэсэн?
-14 настайдаа Лондонгийн хамгийн том урлагийн сургууль болох “Брит”-ийн урлагийн их сургуульд элсч чадахуйц чадвартай болсон байсан. Тэр сургуулиас Эйми Вайнхаус, Леона Левайс, Кейт Нэш нар төрөн гарсан юм. Гэвч хувийн зохион байгуулалт муутайгаасаа болоод хөөгдөх шахсан тохиолдол надад зөндөө бий. Би бүр дөрвөн цагаар хичээлээсээ хоцорчихдог байсан. Ямар нэг юм хийсэндээ биш ээ. Зүгээр л өглөө унтчихдаг, тэгээд босч чаддаггүй байсан юм. Нэг өдөр сургуулийн багш нар Девонд очиж тоглох шилдэг 20 оюутныг сонгохдоо миний нэрийг оруулсан байлаа. Гэтэл би мартаад унтчихаж билээ. Өглөө нь сэрээд л хожимдсон гэдгээ мэдэхэд үнэхээр аймшигтай мэдрэмж төрж байсан. Гэхдээ одоо би цаг сайн барьдаг болсон шүү. Гитар, бишгүүр ч яахав бага байхдаа л сурч байлаа.
-2008 онд гаргасан “21” цомог чинь гараад удаагүй байхдаа iTunes-ын 40 дүгээр байранд байсан бол, маргааш өглөө нь наймдугаарт, харин түүний дараагийн өдөрт нэгдүгээр байранд орсон. Энэ өдрөөс эхлэн дэлхий чамаар амьсгалах болсон доо?
-Яг энэ үеэр л “21” цомгийнхоо жинхэнэ илэрхийлэл болсон жинхэнэ хайртайгаа танилцсан. Нуулгүй хэлэхэд дэлхийн хэмжээний од болохоос илүү баярлаж байсан шүү. Арван насаар ах тэр эр намайг аялах, зөгнөлт зохиол унших, бас яруу найраг бичих дуртай болгосон гэж хэвлэлээр шуугих нь инээдэмтэй шүү. Харин тэр намайг жинхэнэ том хүн болоход тусалсан бөгөөд одоогийн зам руу минь хөтөлж оруулж ирсэн. Түүнтэй учрахаас өмнө миний бүх амьдрал ажил, карьер байсан. Харин дараа нь бидний тухай гэх жижигхэн төсөл амьдралд минь орж ирсэн. Тэр бага зэрэг галзуу, өвчтэй байсан нь намайг жирийн хүн шиг болгосон юм. Би гэдэг хүн ердөө л энэ.
-Хүн яагаад нэг л хайрыг хүлээж байдаггүй юм бэ?
-Бүх зүйл нурж эхлэхээс өмнө бид хоёр Лондонд бүтэн жил хамт амьдарсан. Зүгээр л бүх юм хөгжилтэй байхад би түүнээс уйдсанаа мэдсэн. Тэр их уран сайханлаг хүн, гэхдээ романтик биш. Тэр намайг Итали руу ч дагуулж явж байгаагүй. Харин би түүнийг нэг удаа дагуулж явж байсан. Миланд сайхан орчинтой зочид буудал захиалах саналыг хүртэл би л гаргасан. Сүүлдээ бид хоёр жирийн танилууд шиг цай ууж суунгаа, миний асаагуур ажиллахгүй байгаа тухай ч юм уу, ярилцаж суудаг болчихсон. Найзууд маань бүгд намайг салахад баяртай байсан. Тэд түүнийг өөдгүй эр гэж үздэг байсан юм. Бид хоёрын хоорондох харилцаа өндөрлөсний маргааш өглөө нь студи дээрээ аяархан мэгшингээ “Rolling in the Deep” дуугаа бичсэнээ санаж байна. Продюссер Пол маань нэгэн сэтгүүлд “Тэр үед Адель нэг л эмзэг сул дорой болчихоод, болсон үйл явдлын талаар бидэнд нээлттэй ярьж байсан. Гэхдээ л түүний цээжинд гал байсан юм даа” гэж билээ. Цомгийнхоо ажлын талд ороод явж байтал хуучин найз залуугаа сүй тавьсан гэдгийг дуулсан. Миний бүх бие хоосроод л явчихсан. Би түүнээс салснаасаа хойш өөр хүнтэй уулзаагүй ээ. Би үүнд бэлэн биш байна. Түүнд одоо хүртэл дурласаар байгаа юм биш л дээ. Гэхдээ л би хайртай. Ойлгож байгаа биз дээ.
-Тайзан дээр гарахынхаа өмнө догдолдог байх даа…
-”Би чичирч эхэлдэг. Гэхдээ юу ч буруугаар эргэхгүй л гэж бодохыг хичээдэг дээ. Эсвэл өөрөө өөртөө онигоо ярьж, хүмүүсээр доог тохуу хийдэг. Үнэхээр тус болдог шүү. Тайзнаас буухаас нааш миний сандрал арилдаггүй. Намайг харахын төлөө хүмүүс өөрийнхөө 20 ам.долларыг зарцуулаад, дараа нь “Өө тэр амьдаараа шалихгүй л юм шив дээ” гэж ярих вий гэхээс би айдаг юм. Хүмүүс надад зориулж өөрийнхөө цаг заваас хорооно гэдэг маш том хэрэг. Би сандрах үедээ өөртөө хэлдэг нэг үг бол “Би бол Саша Картер”. Энэ нь Бейонсийн Саша Фийрс, Жюнь Картер хоёрыг нийлүүлсэн нэр юм. Би анх удаа Бейонстой уулзах гэж байхдаа зүрх минь маш хүчтэй цохилж, догдолж байсан. Гэтэл тэр урьдынхаараа дур булаам инээмсэглэж орж ирээд л “Чи ёстой сайхан харагдаж байна. Би чамайг сонсохоор бурханы дуу хоолойг сонсч байгаа юм шиг санагддаг” гэж хэлж байсан. Итгэмээргүй байгаа биз. Дараа нь би тагтан дээр гарч жаахан уйлж аваад Саша Фийрс энэ үед яах байсан бол хэмээн бодсон доо.
-Дуучид гадаад төрх, имиж гээд санаа зовоох асуудал бишгүй?
-Би хоолны дэглэм барьж дасгал хийдэггүй. “Миний. амьдрал тэр чигээрээ л кино шиг. Ийм байхад надад гадаад төрх мэтийн жижиг зүйлд санаа зовох цаг гарна гэж үү. Би спорт зааланд очих дургүй. Би зүгээр л сайхан хоол идэж, сайн дарс шимж суух дуртай. Магадгүй би сайхан галбиртай байсан ч олны нүдэнд хөх, өгзөгөө гайхуулахгүй байсан байх. Би Леди Гага, Кейти Перригийн хөх, өгзгийг харах дуртай. Их гоё харагддаг. Гэхдээ миний хөгжимд тэр чухал биш. Би хүмүүсийн нүдэнд биш чихэнд зориулж дуугаа дуулдаг болохоор.
ЭХ СУРВАЛЖ:НИЙСЛЭЛ ТАЙМС