“Салхи Дамбий” нилээн хэдэн жилийн өмнө “Ноён солиот” байсан бол өдгөө багш болоод явж байгаа. Амилуулсан дүрүүддээ сэтгэлд хоногшуулан үлдээж чаддаг жүжигчин Д.Бямбацогт өөрийн туршлага, мэдлэг, чадвараасаа залгамж халаа болон үлдэх ирээдүйн жүжигчдэд харамгүй хуваалцаж явна. Тэрээр өөрийг нь жүжигчин болгоход анхны “А” үсгийг нь зааж сургаж байсан Ц.Байгалмаа багшийнхаа “Сити” дээд сургуульд багшилж байгаа гэнэ. Д.Бямбацогт хувь хүнийхээ талаас нийгэмд эмх замбараагүй байдал газар авсанд ихээхэн сэтгэл дундуур явдаг гэнэ. Тэрээр “нэг л их монгол, монгол гэж цээжээ дэлдсэн хүмүүс. Ядаж хөдөө очоод хутгаа бариад, мах огтолчихдог хүн байхгүй болчихож” хэмээн бухимддаг гэнэ лээ.
Жүжигчин маань ийнхүү шавь нартаа жүжиглэх урлагаас гадна, монгол ухаан зэргийг заан хүмүүжилд нь анхаараад тун завгүй яваа бололтой. Хэрэв Д.Бямбацогт, жүжигчин болоогүй бол тэр төмөр замын инженер болох байсан гэнэ. Тэгээд их сургуулийн инженер техникийн бэлтгэлийн ангид шалгалт өгөөд тэнцээгүй болохоор хавар нь цэрэгт явж, цэргээс халагдах жилээ хүссэн сургуульдаа орохын тулд цэргээс оргож, шалгалтандаа байлдагч хувцастай орж байсан хөгжилтэй дурсамж түүний сэтгэлд одоо хэрнээ үлджээ.
ARAVT.MN