Хийлийн уран яруу эгшгээр хүмүүний сэтгэлийг хөглөдөг хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа. Эх үрсийн баярын өмнөхөн өрнөсөн энэхүү ярилцлагаараа сонгодог урлагийн ертөнцөөр аялснаас гадна хийлч Дээгий гэж мэргэжлээрээ овоглосон уран бүтээлч бүсгүйн дотоод ертөнцийг багахан ч боловч нээхийг зорилоо. Хайрлуулах жор, баярын ширээ засалт, ханиа хэрхэн сонгох, ертөнцийн мөн чанар, гадаад эрчүүдийг сонгож буй бүсгүйчүүдийн жаргал зовлонгийн талаар ярилцсан хийлч Дээгийгийн яриаг хүлээн авна уу.
– Жил орчим хэвлэлд яриа өгөөгүй юм байна. Сүүлийн үеийн сонин сайхнаас тань яриагаа эхлэх үү?
– Тийм ээ, өнгөрсөн баасан бямба гарагууд буюу 05 дугаар сарын 24,25-ны үдэш “I loft function houst”-т “Тэргэл саран” гээд тоглолтоо хийсэн. Зуны тэргүүн сарын шинийн 15-ны тэргэл сартай үдшийг хүлээж байгаад УДБЭТ-ын дуучин Ө.Уянгатай хамтарч тоглосон. Урьд нь бид хоёр хамтарч уран бүтээл хийж байгаагүй. Хийл дуу хоёр их гоё нэгдэх юм билээ. Их өвөрмөц, оройн хоолтой, винотой тоглолт болсон. Сарын хугацаанд нэлээн завгүй байлаа.
– Та жилд нэг томоохон тоглолт хийдэг. Энэ удаагийнх нэлээн нууцлаг өнгөрчихөв үү дээ?
– Ерөнхийдөө найз нөхдийн хүрээнд болоод өнгөрсөн. Тоглолт хийсэн газар маань цомхон учраас айхавтар их шуум тарьж энд тэнд том зарлал тавиагүй. Миний хувьд энэ зун их эрт эхэлж байгаа шиг санагдаад байгаа юм. Зуны тэргэл сартай шинийн 15-нд ээжийн маань төрсөн өдөр таардаг. Ээждээ зориулсан. Бүтэн сар эхэлж байхад уран бүтээлч байтугай жирийн хүний саранд үзүүлж буй нөлөөнөөс шалтгаалдаг ч юм уу онгод сэргэж юм хиймээр санагддаг. Бүр булгиламтгай болчихдог юм.Тэр үедээ тайзан дээр тоглоод үзвэл яасан юм гэж бодож байсан. Миний хувьд их таашаалтай сайхан тоглолт болоод өнгөрсөн.
-“Тэргэл саран” таны хэд дэх тоглолт вэ? Ер нь хэр арвин урын сантай болоод байна?
-2006 онд анх “Дээгий 2006” тоглолтоо хийж байсан. Энэ удаагийнх найм дахь нь. Хийл хөгжим өөрөө их уянгалаг болохоор уран бүтээлчид тоглоод өгөөч гэж их ханддаг. Нэг их айхавтар миний уран бүтээл гээгүй мөртөө тоглочихсон уран бүтээлээс гадна тайзан дээр амьд тоглосон бүтээлүүд, CD болж гараагүй ч гэсэн урын санд тодорхой хэмжээгээр орчихсон, тайзнаас хүрсэн бүтээлүүд зөндөө бий. Би өөрөө чөлөөт сэтгэлгээтэй учраас ямарваа нэг төрөл жанрт баригдахыг хүсдэггүй. Тухайн хөгжим миний дотор руу орж чадвал би тоглодог. Дашрамд хэлэхэд зургадугаар сарын 2-нд Эрдэнэт хотын “Уурхайчин” соёлын ордонд тоглох гэж байгаа.
– Урьд нь хөдөө орон нутагт тоглож байгаагүй шиг санагдах юм?
Тийм ээ. Орон нутагт ер тоглож байгаагүй юм билээ. Эрдэнэтийг их гоё цэвэрхэн хот гэж би сонссон. Энэ зун орон нутгаар тоглолт хийх санаа байгаа. Бодоод байсан чинь би Улаанбаатарт л тоглодог. Хотын төвөөр л байдаг юм билээ л дээ. Миний үзэгч нар ихэвчлэн хотынх.
– Эхээс хэдүүлээ вэ, танай удамд урлагийн хүн байгаа юу?
– Эцэг эхээс дөрвүүл. Хоёр ах нэг эгчтэй. Миний аав ээж урлагийн хүмүүс байгаагүй. Монголчууд угаас дуучин ард түмэн. Хамаатан саданд бол байсан л байх.
-Та өөрөө хийлийн аяз зохиодог уу?
– Яг зохиодоггүй юм аа. ХБК-оос миний олсон школд мэргэжлийн хөгжимчин тоглох л ёстой, мэргэжлийн хөгжмийн зохиолч зохиох л ёстой гэж үздэг. Мэргэжлийн гэдэг сэтгэлгээгээр хүмүүжсэн болохоор тэрэндээ баригдаад зүрхэлж ая зохиодоггүй.
Гэхдээ миний бодлоор аливаа зохиолыг тоглож байна гэдэг зохиогоод тоглосноос ялгаагүй л дээ. Яагаад гэвэл миний зүрх сэтгэл, миний мэдрэмжээр л тэр ая эгшиглэж байгаа болохоор тэр зохиол дахиад л зохиогдоод өөр нэг хувилбар болоод тоглож байгаагаас ялгаагүй гэж боддог.Чайковский ч хэлсэн байдаг. Хөгжимчид чинь өөрсдөө хөгжмийн зохиолч гэж. Би түүнтэй санал нийлдэг. Хөгжим гэдэг маань цаасан дээр бичсэн хэдэн нот л байгаа шүү дээ. Гэтэл түүнийг аваад амьдруулна гэдэг хөгжимчин хүний ажил учраас энэ бол аль хэдийн зохиол гэсэн үг юм даа.
– Хийлээ тоглоод сууж байхад танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Янз бүр. Тухайн зохиолоосоо бас болно. Их л юмыг анагаадаг. Нэг бодлын би ажлаа хийж байна гэж боддог. Тэгэхээр тэр бол маш том үүрэг хариуцлага. Хүн тайзан дээр гараад тоглохоор хүн болгон хүлээгээд авдаг юм биш. Дотоод сэтгэлээс гараагүй юм хүнд хүрдэггүй.
-Сонгодог урлагийн хамгийн сайхан нь юу байдаг юм бол. Хийл таны амьдралд юу өгсөн бэ?
-Бүх л юмыг. Би бүүр тэгж хэлнэ. Би нэг юмыг баталгаатай хэлэхэд миний амьдралын туршид уулзсан бүх гайхамшигтай хүн болгон миний хийлээр дамжсан байдаг. Тэгэхээр л бүр залбирахгүй ч байхын аргагүй шүү дээ. Тийм биз дээ. Баярлахгүй ч байхын аргагүй.
–Бидний ярилцлага эх үрсийн баярын өмнөхөн болж байгаагаараа онцлог. Ер нь баярт хэр ач холбогдол өгдөг вэ?
-Тэгэлгүй яахав. Бага байхдаа “Хүүхдийн баяр”-ыг их хүлээдэг, ямар платье өмсөх вэ гэж боддог байсан.
Дээр үед юм ч их ховор байж дээ. Хөөрхөн дурсамж гэх юм бол “Хүүхдийн баяр” гэхээр 10 настайдаа гүзээлгэнийн өнгөтэй платье өмсчихсөн ахтайгаа парк руу явж байсан минь ер мартагддаггүй юм. Миний дээд талын ах урлаг уран сайханд их дуртай. Ганц дүү надаар их бахархдаг, намайг дагуулаад парк их явдаг байсан.
-Энэ жилийн хувьд баяраа яаж тэмдэглэх вэ?
– Зургадугаар сарын 1-нд хүүгээ баярлуулаад , 2-нд Эрдэнэтэд тоглоно. Тэгэхээр хүүхдийн баяр ингэсгээд л өнгөрөх байх.
Тоглолт маань эх үрс рүү хандсан “Эх дэлхийн хайр” нэртэй тоглолт болж байгаа.
-Баярын ширээ засах, хоол хийх, зочид урих нь гэрийн эзэгтэй нэгэн өнгийг илэрхийлдэг. Таны хийх дуртай хоол, танай гэрийнхэн таны хийсэн ямар хоолонд хамгийн дуртай байдаг вэ?
-Энэ өвлөөс ясны шөлөөр хийсэн хоол идэх дуртай болсон. Булууны яс, тойгны ясыг чанаж шөл гарган хоол хийдэг юм. Гэртээ их зочид урьдаг. Төрсөн өдөр, цагаан сар зэргээр найзууд болон ойр дотныхныгоо урих дуртай. Party-ны хоол гээд жижиг жижиг тансаг хоолууд байдаг ч хамгаас түрүүнд миний шөл орж ирдэг. Яснуудаа хэдэн цаг, бараг бүтэн өдөржин буцалгаад шөл гарахаар нь шинэхэн ногоонуудыг нэг их буцалгахгүйгээр хийсэн хоол бол миний байнгын хоол гэж хэлж болно. Шөлтэй хоол илүү их хоол болж байгаа юм шиг санагддаг юм.
Хүмүүс намайг гадны соёлтой, гадаад хоолыг таашаадаг байх гэж боддог.
Би үнэндээ ориг монгол эмэгтэй л дээ. Энэ нь юугаар харагддаг вэ гэхээр миний бие махбодид монгол хоол хамгийн их зохицдог. Монгол махандаа маш их дуртай.
-Таны гэр бүлийн хүн гадаад хүн. Монгол хоол хэр идэх вэ?
– Өө, жигтэйхэн дуртай.
-Ямар ч байсан дуртай болгочихсон уу ?
-Үгүй, болгочихсон гэж. Монгол хоол шиг сайхан хоол хаана байна.
Чанарыг нь мэддэг, үнэлж цэгнэдэг хэн ч гэсэн манай монгол хоолыг үнэлэхгүй байхын аргагүй. Дуртай болгоогүй. Өөрөө л дуртай. Таван цуланд бүр их дуртай. Тэр нь надад их амар байдаг л даа. Сая өвөлжингөө л таван цулын шөл идлээ. Угаас өнгөрсөн өвөл ямар хүйтэн, хатуу, урт өвөл болсон билээ. Өнтэй давахын тулд яг тохирсон зөв хоолоо идэхээс өөр аргагүй. Угаасаа л энэ чинь маш том байгалийн шалгарал л байгаа юм чинь.
-Таван цулыг өөрөө худалдаж авдаг уу. Хаанаас голчлон авдаг вэ?
– Хүнсний захуудаар байдаг. Гэрээлээд авчихдаг. Бэлдээд тавьчихаарай гэхээр бэлдчихдэг юм. Манай гэр бүлийн хүн бөөрөнд их дуртай. Би хонины бөөрнүүдийг цуглуулж байгаад бөөр шарж бас чанаж өгдөг. Бас тархинд их дуртай. Яг бодоод байхаар тэр чинь өөрөө яг органик уураг байгаа байхгүй юу. Нэг гэм нь манай хүн аарц л уудаггүй юм даа. Аарцыг ер таашааж чаддаггүй юм. Цаанаасаа систем нь авдаггүй ч юм шиг. Бусад нь ямар ч асуудалгүй.
-Гэр бүлийн хүнээ танилцуулахгүй юу?
-Надаар танилцуулалтгүй хүмүүс мэдэж байгаа байлгүй дээ. Хэвлэлийнхэн өөрсдөө мэдээд бичээд байдаг шүү дээ. Би хүнийг хүний өмнөөс танилцуулах дургүй.
-Та TV-9 телевизээр “Бүсгүйчүүд” гээд нэвтрүүлгийг их чөлөөтэй, сайхан хөтөлдөг байсан. Тэр нэвтрүүлэг үргэлжлэх үү?
– Тухайн үед TV-9 телевизээс надад иймэрхүү нэвтрүүлэг хийх гэж байнаа. Ирж хөтлөөч ээ гэж санал тавьсан. Ний нуугүй хэлэхэд УИХ-ын сонгуулиас хойш тэр нэвтрүүлэг гарахаа больсон. Миний хувьд сэтгэл зүрхээрээ, хоббигоороо хөтөлж байсан учраас жаахан тийм л байгаа.
–Хаа газар бүсгүйчүүд цуглаад ярилцахаар их өгөөжтэй байж бие биенээсээ суралцдаг шүү дээ. Таны санаачилсан “W” клубын үйл ажиллагаа явж байгаа юу?
-Явнаа явна. 2012 оны 03 дугаар сарын 08-нд нээгдсэн юм. Найзуудын хүрээнд ярьж байгаад найз хүүхнүүдээрээ нээсэн клуб учраас анх нэг их газар авъя гэж бодоогүй.
-Ямар зорилгоор нээсэн юм бол?
-Эмэгтэй хүн болгон өөрсдийн гэсэн их гоё шигтгээтэй. Мэдлэг чадвар гээд өөрсдийн гэсэн юм болгоныг нь би шигтгээтэй зүйрлэж байна л даа. Нэгхэн хүрээний хоёрхон найзтай насыг бармааргүй л байна шүү дээ.
Ийм зорилгоор нээсэн. Хүүхнүүдийн сонирхлын дагуу сард нэг удаа уулздаг. ТББ-ын хэмжээнд бол хүрээгүй.
Хүүхнүүд бөөнөөрөө нийлээд мундаг тогоочийг авчраад нөгөөх нь гоё хоол хийнэ. Тэр хоолыг хийж сурахын хажуугаар цагийг зөв зохистой өнгөрүүлдэг. Ялангуяа хүүхдээ хараад суудаг эмэгтэйчүүд зөндөө байдаг шүү дээ. Тэр хүүхнүүдийн явах газар, уулзах хүмүүс нь ховор болчихдог. Өөрийгөө гоё болгочихоод хүмүүстэй уулзаж сэтгэл сэргээмээр байдаг. Тиймэрхүү л зорилгоор нээгдсэн клуб байхгүй юу.
– Хийгдсэн ажлын тухайд ?
-Өөрсдийгөө боловсруулах маягаар явсан. Өөрсдийн маань эрдэм чадал ямар байдаг юм. Тэрнээсээ эхлээд янз бүрийн сонирхолтой лекцүүд их явуулдаг байсан. Сар сарын сэдэв гэж байдаг. Шоппингийн сар гэвэл өөр хоорондоо байдаг янз бүрийн өмсдөггүй хувцсаа солилцох ч юм уу. Нэг удаа Чингэлтэй дүүргийн дугаар хорооны ядарсан дөрвөн эмэгтэйд өөр хоорондоо л юмаа цуглуулж байгаад тусалж байсан. Урьд нь энд тэнд байсан бол клуб маань байнгын байртай болж байгаа. Сайн дурын юм чинь их сонирхолтой л байдаг юм билээ л дээ.
-Хэчнээн гишүүнтэй вэ?
-300-400 хүнтэй болчихсон. Анх нээгдсэнээс хойш 13-14 сар болсон байна.
“W” клубын гишүүн болъё гэвэл ?
-Facebook дээр “W” клуб гэж байдаг юм. Тэрүүгээр холбогдож болно.
-Сайн ханьтай байна гэдэг бүсгүй хүнд заяасан бурхны бэлэг гэлцдэг. Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань арай л илүү өнгө мөнгө харж сонголт хийгээд байх шиг. Ханиа зөв сонгох тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Би өөрөө клубуудэд хамрагддаг. “Мөрөөдлийн клуб” гээд зөв хооллолтын клуб байдаг л даа. Зөв хооллохыг заахаас гадна хүн байхын учрыг маш их ярилцдаг. Өнгөрсөн өвөлжингөө яваад зөв хүн байх, эмэгтэй хүн хаана байх ёстой, эрэгтэй хүн хаана байх ёстой, амьдралд сонголтыг яаж хийж байх ёстой вэ гэдэг ч юм уу хувийнхаа боловсролыг дээшлүүлсэн л дээ.
Тэрэн дээрээсээ таны асуултанд хариулахад охидыг өнгө мөнгө харсан сонголт хийж байна гэж байна. Тэгвэл яагаад эрэгтэйчүүдэд энэ асуулт тавигдахгүй байгаа юм бэ. Яагаад эмэгтэй хүн гэхээр дандаа егөөдөгдсөн асуултад орж байх ёстой юм.
Би хэзээ ч охид бүсгүйчүүдийг өнгө мөнгө харсан сонголт хийлээ гэж буруутгахгүй. Яагаад гэвэл эмэгтэй хүн аз жаргалтай байх нь эмэгтэй хүнээс л шалтгаалдаг учраас. Тэр хүнд өөрт нь зөв сонголт байх ёстой. Эрчүүд гэдэг өөрсдөө эмэгтэй хүнийг аз жаргалтай байлгах ёстой бүлэг хүмүүс шүү дээ. Гэхдээ тэд эмэгтэйчүүд шиг ийм асуултад ордоггүй л байхгүй юу. Эмэгтэй хүн сонголтыг хийх ёстой, хүчтэй байх ёстой. Монгол эрчүүдийг сонгочихдог. Гэтэл монгол эрчүүд нь эмэгтэйчүүдийг хүссэн шиг нь байлгадаг бил үү. Би нийтлэг юмны тухай яриад байгаа юм шүү. Тиймээс ямар сонголт хийх нь тухайн бүсгүй хүний л шийдэх шийдвэр.
Хоёрдугаарт, миний ярих гэсэн нэг зүйл бол аливаа юманд хувь тавилан гэж асар том юм байдаг. Аливаа сонголт хувь тавилангийн зургаар хийгдэж байгаа учраас хэн ч хэзээ ч тэр бүхнийг шүүх эрх байхгүй. Энэ бол хэн нэгэнд шүүгдэж байдаг асуудал биш.
-Эмэгтэй хүн ямар сонголт хийвэл илүү аз жаргалтай байх бол?
-Өөрийнхөө дотоод дуу хоолой, зүрх сэтгэлийг сонсож чадсан л сонголтоо хийх ёстой. Эмэгтэйчүүд мэдрэмж өндөртэй. Хэдийгээр дотоод мэдрэмж нь зөв хэлсэн ч гэсэн магадгүй эцэг эх, ойр дотныхон бас нөлөөлдөг. Эсвэл “Битгий гээд байхад уг нь гайгүй хүн байгаа юм. Засарчих байх” гэж эмэгтэйчүүд маш их алдаж сонголт хийдэг. Нэг залуутай үерхээд тэр залуу нь нэг хоёр удаа гомдоох тохиолдол гарахад “Уг хүн нь гайгүй юм ” гээд уучламтгай ч юм уу өөрийгөө үнэлээгүй байдлаас гаргасан сонголтууд ихэвчлэн алдаатай юм шиг санагдаад байдаг юм.
– Хэрхэн хайрын бурхан нь байж эрчүүдээр байнга хайрлуулах вэ гэж бүсгүйчүүд маань асуухыг хүсч байгаа байх?
-Нэгдүгээрт, би хайрлуулмаар байна гэдгийг жинхэнэ утгаараа хүсэх ёстой. Тэрнээс чинь л бүх юм эхэлнэ. Хүн хайрлуулмаар байна гэчихээд өөртөө арчаагүй хандаад байж болохгүй биз дээ. Хамгийн түрүүнд эмэгтэй хүн маш их арчаатай байх ёстой. Хэчнээн ч яаруу сандруу, завгүй байсан үргэлж өөртөө жаахан ч гэсэн цаг гаргадаг байх хэрэгтэй. Тэр нь эргээд маш том юмны үүдийг дандаа нээж өгч байдаг. Эмэгтэй хүн өөртөө маш их цаг зарцуулдаг байх ёстой. Завгүй гэдэг үг бол дэндүү арчаагүй үг байхгүй юу. Жишээ нь: биеийнхээ пропорцыг бодохгүй хэт таргалалтад орчихсон байдаг. Тэрэн дээр тэр эмэгтэйг л буруутгахаас өөр хэнийг ч би буруутгахгүй. Тэр эмэгтэй ч гэсэн өөрөө өөрийгөө л буруутгахаас өөр хэнийг буруутгах билээ. Яаж эмэгтэй хүн хайрлуулах ёстой вэ гэдэг дээр би 35 хариулт өгч чадна. Хэрвээ үсгээр зүйрлэх юм бол. А хариулт гэвэл арчилгаа гэж би хэлнэ.
-Энэ үнэхээр гоё сэдэв шүү?
-Асар их сонирхолтой сэдэв. Хоёрдугаарт би өөрөө биеэрээ туулсан, мэдэрсэн учраас үүнийг дэндүү бардам хариулж чадна. Хоёрдугаар үсэг буюу Б гэвэл би book гэж хэлмээр байна. Номын дэлгүүрүүдээр яваад үзээрэй. “Эмэгтэй хүн яаж аз жаргалтай болох вэ”, “Эмэгтэй хүн байхын 10 түлхүүр”, “Эмэгтэй хүний гоо сайхан, зан чанар”. Энэ номнуудыг яагаад авч уншихгүй байгаа юм бэ. Эдгээр номнууд гарч байгаа ийм азтай үед бид амьдарч байгаа. Харамсалтай нь тэр номнуудыг уншсан эмэгтэйчүүд хуруу дарам л байдаг. Тэгсэн мөртөө нэг л их сайхан хайрлуулах гэсэн, сайхан болох гэсэн хүмүүс. Би номын дэлгүүрүүдээр ороод тиймэрхүү номуудыг авахдаа амьдарч байгаа цаг үедээ баярладаг. Урьд нь ийм номнууд байсан юм уу. Магадгүй байгаагүй байх.
-Нөгөө талаар сексийн амьдрал хосуудын аз жаргалын нэгэн нууц юм болов уу?
-Энэ бол мөнхийн сэдэв. Гэр бүл гэдэг хамгийн айхавтар зангилаа байхгүй юу. Тэр зангилаанд нэгэнт л зангилагдсан бол зангилагдсан шиг байх хэрэгтэй. Гэр бүлийнхээ хүнтэйгээ нээлттэй хаалттай байхаас л хувийн харьцаа шалтгаалах байх. Өөрөөсөө ч нуудаг зүйлээ та тэр хүндээ хэлж чаддаг бол тэр хүн жинхэнэ таны гэр бүл.
-Та нэг ярилцлагадаа “Эмэгтэй хүн ханиа сонгохдоо өөрийгөө хайрласан сонголт хийх хэрэгтэй” гэсэн байсан. Өөрийгөө хайрладаггүй хүн бусдыг хайрлаж чаддаггүй гэлцдэг. Та өөрийгөө яаж хайрладаг вэ?
– Би өөрийгөө жигтэйхэн их хайрладаг. Хайрлахаас өөр яахав дээ. Энэ бие чинь байхгүй бол би байхгүй. Хоёрдугаарт, амьд явна гэдэг их том утга учир. Биднийг амьдарч байхад бурхад хүртэл бидэнд атаархаж байдаг гэж байгаа байхгүй юу.
Бурхдын хувьд хүний амьд байх хугацаа гэдэг нүд цавчаад өнгөрөхийн дайтай өнгөрдөг гэдэг. Гэтэл бид мөнхөд амьдрах юм шиг сэтгэлгээгээр амьдардаг. Хурдан морийг өөр юм харуулахгүй гээд хоёр нүдийг нь халхалчихдаг шиг зөвхөн урдахаа харж амьдардаг. Гэтэл чиний амьдралын урьдны хэдэн үе байсан билээ, ар талын хэдэн үе байх билээ. Бидний бие бол хувцас төдий. Хувцсаа солиод явж байгаа шиг энэ биеийг хайрлах ёстой. Яагаад гэвэл миний биед оршиж байгаа сүнс цааш цаашдаа маш олон биеийг өмсөх л болно шүү дээ. Тэгэхээр тэр сүнсийг доошлуулаад биш дээшлүүлээд л дандаа өнгөрч байх ёстой.
-Та ямар шашин шүтдэг вэ?
-Буддын шашнаа шүтэлгүй яахав. Тэр дундаа Янжинлхам бурхныг шүтдэг. Би урлагийн бүтээлийг бүтээх гэж ирсэн даалгавартай хүн. Соц нийгмийн үед итгэл бишрэл, бясалгал гэж ярихаар хүмүүсийн доог тохуу болдог байсан. Одоо энэ болгоныг ярихгүй бол доог тохуу болох шахуу болжээ. Яагаад гэвэл нийгэм өөрчлөгдөж, хүмүүс харьцангуй их гэгээрч байгаа. Сэтгэхүйн хувьд асар их өөрчлөлтөд орж байна.
Урлагийн бид нарын хувьд жирийн хүн шиг байх ёсгүй. Бид урд нь гишгиж байх даалгавартай ирсэ. Би зүв зүгээр байж байгаад хөгжим тоглоогүй л байхгүй юу.
Уучлаарай. Би нэгэн буузны газар ажиллаад зогсож байх охин ч байж болох л байсан. Гэтэл би яагаад хийл гэдэг хөгжимтэй холбогдоод, цаанаасаа юм хиймээр санагдаад ингээд явдаг юм бэ. Энэ бол цаанаасаа ирсэн хүмүүсийн зураг төөрөг гэдэг. Мэдээж энэ нэр алдар гэдэг хэн болгонд хүсээд олддог нэр алдар биш учраас би маш сайн хайрлаж явах ёстой. Тэрнийхээ хэмжээгээр би ганцхан хөгжмөө тоглох биш. Хөгжим гэдэг юм чинь асар их бясалгал байдаг байхгүй юу. Тэрүүгээрээ би нэг ч гэсэн хүнийг сэнхрүүлэх ёстой юм байнаа. Энэ бол миний даалгавар гэж ойлгодог.
-Сүүлийн үед эрчүүд маань хүүхнүүддээ гологдоод байх шиг. Магадгүй хөвгүүдийг багаас нь “Энэ эрэгтэй юм чинь болно” гэж хүмүүжүүлдэгтэй ч холбоотой байж мэднэ. Охидуудаа л сургууль соёлын мөр хөөлгөөд охидууд нь гайгүй ажил төрөл хийгээд яваад байх юм. Эрчүүдээ хүүхнүүд маань жаахан голоод байгаагаас юм уу гадны хүнийг их сонгох болж. Сайн хүнтэй аз жаргалтай амьдарч байгаа хүмүүс байна. Гэхдээ хүний газар очоод зодуулж нүдүүлээд боолын хөдөлмөр эрхлээд янз бүрээр зовж байгаа бүсгүйчүүдийг хараад та юу гэж боддог вэ?
-Гадаад хүнтэй суугаад би ч гэсэн хүү төрүүлсэн. Одоо бодоход эр хүний хийморийг их сайн өргөж өгч байх ёстой. Манай Монголчуудын ёс суртахуун дээр гаргадаг нийтлэг алдаа бол саяын таны ярьсан эр хүн юм чинь яадаг юм бэ гэдэг асуудал. Манайхан чинь ер нь тиймэрхүү талдаа, чухам гадны соёлуудад юу гэж үздэг юм бүү мэд. Эр хүнээ маш сайн хүндэтгэж байх хэрэгтэй. Эр хүнээ нэгдүгээрт тавих ёстой гэдэг дээр дуу хоолойгоо нэгтгэнэ.
-Ер нь гадаад нөхөртөө дарамтлуулсан эмэгтэйчүүд нөхрөө арай дутуу хүндэлснээс болсон гэх гээд байна уу?
– Үгүй үгүй, Би ч гэсэн тэр you tube-ийн бичлэгээс харж байсан. Хувь хүний амьдралын зураг төөрөг. Тэр бүсгүйг шүүх ямар ч арга байхгүй. Нэг бүсгүй буруу шийдвэр гаргасанаас, нэг эмэгтэйн хувь заяаны зурагнаас болоод манай бүсгүйчүүд ингэхээр ингээд байнаа гэж нийгэмшүүлж ерөөсөө болохгүй. Тэр бүсгүйн хувь төөрөг яагаад зурагдсаныг бид мэдэхгүй шүү дээ. Тэр хүн тэр нигертэй очиж холбогдох л байсан юм байлгүй дээ. Тийм болоод л ийм юм болсон байгаа. Тэрийг харчихаад бид нар одоо манай хүүхнүүд яг ингээд байнаа. Монгол эрчүүдээ биш гээд гадны хүнтэй суучихсан чинь иймэрхүү байдал үүсээд байнаа. Гэтэл нэг Энхмаагийн хажууд хэдэн мянган нөгөө Энхмаа байгаа шүү дээ. Тэр нь гадаад ч байна уу, монгол ч байна уу нөхрөө сонгоод энэ бол хувь хүн болгоны хувь төөрөг байхгүй юу. Энийг айхавтар нийгэм рүү оруулаад л хүмүүсийн тархийг угаана гэдэг айхавтар том юм гарч ирдэг. Үнэнийг хэлэхэд би энэ асуудал дээр маш болгоомжтой хандмаар байна.
-Таны хувьд хоёр ч удаагийн сонголт гадаад эр хүн байсан. Танд Монгол эрчүүдийн юу нь таалагддаггүй вэ?
– Монгол эрчүүд таалагддаггүй гэсэн юм ердөө биш. Би энийг юу гэж хэлэх вэ гэвэл хүн таарах хүнтэйгээ таардаг, таарахгүй хүнтэйгээ таардаггүй. Тэгэхээр миний хувьд Монгол биш л таарч л дээ. Тэгэхээр л нэг их акцент өгөөд шуум болгоод байгаа юм. Явж явж адилхан л аавын хүү эрэгтэй хүмүүс шүү дээ. Би тэр үүднээс л хардаг. Хэзээ ч би тэр хүнийг гадаад хүн байна даа. Монгол хүн байна даа гэж хардаггүй. Миний л таарах хүн гадаад хүн байж таарч л дээ.
-Танд ямар эрчүүд таалагддаг вэ?
-Эр хүний “Надад даалгачих, би зохицуулъя” гэдэг зан чанар таалагддаг. Амьдралд зөндөө л асуудал байдаг. Тэгэхэд “Зүгээр зүгээр. Надад даалгачих. Би зохицуулъя” гэдэг эрчүүд их сайхан санагддаг. Эр хүн итгэл даахуйц байх ёстой.
-Бүхнийг багтаасан их сайхан хариулт байна?
– Ийм сайхан сэтгэлээсээ ярьж байгаагийн хувьд хэлэхэд “Миний амьдрал зовоод байна”,”Миний амьдрал жаргаад байна” гэж бодохоосоо илүү нэг юманд сэтгэлийн маш их бэлтгэлтэй байх ёстой. Амьдралд жаргал нь ч зовлон нь ч тэнцүүхэн байдаг. Бурхан маш ухаантай. Нэг хүнийг зөвхөн жаргаагаад, нэг хүнийг зөвхөн зовоогоод байсан юм хэзээ ч байгаагүй. Тэгэхээр амьдралд хар цагаан, жаргал зовлон дандаа ээлжилдэг. Тэр хооронд л жаргал дээр нь ташуурчихгүй, зовлон дээр нь миарчихгүйхэн шиг байх ёстой. Өнөөдөр магадгүй Дээгийг харахаар нэг их жаргачихсан хүн л харагдаад байдаг.
Гэтэл “Баян хүнийг балаг тойрохгүй” гэдэг ямар мундаг үг вэ. Яг тэрэн шиг л байдаг байхгүй юу. Хэн хүний амьдрал яг адилхан. Зовлонтой жаргалтай бүх юм нь тэнцүүхэн байдаг. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр хүний амьдрал руу хэзээ ч битгий хар. Манай ээж “Хүний явдал хүнд хамаагүй” гэдэг байсан. Бодоод байхаар их философитой үг байгаа юм. Хүн яагаад хүний явдлыг сонирхох ёстой юм бэ.
– Иймэрхүү сэдвээр ярилцахад танд эмзэглэмээр байв уу? Олны танил байхын сайхан, бас муухай нь юу байдаг юм бол?
-Надад эмзэглээд байх юм байхгүй. Яагаад гэвэл би өнөөдөр л Дээгий гэдэг нэртэй болоогүй. Уран бүтээл хийгээд 12-13 жил болчихсон. Анхандаа эмзэглэдэг л байсан. Хүнд эмзэглэх, баярлах бүх л эмоци байна. Үеийн үед ч байсаар л байх болно. Би олны танил хүн байх л байсан учраас энэ бүхнийг даах л байхгүй юу.
-Амьдралынхаа аз жаргалыг юунаас хамгийн их мэдэрч байна?
– Аз жаргалыг ханиасаа мэдэрнэ. Бас тайзнаас их мэдэрдэг. Тайзан дээр гараад тоглохоор маш их хөлөрдөг байхгүй юу. Тэр бас асар их кайфыг надад өгдөг.
Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Таныг урлагийн Янжинлхам бурхан ивээг.
Ярилцсан Г.Оюун
WWW.ZONE.MN