УДЭТ-ын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Д.Ганцэцэгийг “Миний ээж” булангийнхаа хойморт урилаа. Маргааш хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний нэрлэж заншсанаар хүүхдийн баяр болно. Тиймээс жүжигчин бүсгүйтэй хүүхэд насны гэгээн дурсамж болон ээжийнх нь тухай ярилцсан юм.
-Маргааш хүүхдийн баярын өдөр. Ярилцлагаа таны хүүхэд насны гэгээн дурсамжаас эхэлье?
-Танай сониноор дамжуулаад Монголынхоо бүх хүүхдүүдэд баярын мэнд хүргэе. Бага байхад хамгийн сайхан баярын нэг хүүхдийн баяр байлаа. Тэр өдөр хамгийн ганган хувцсаа өмсөөд гэр бүлээрээ паркаар зугаалдаг байсан. Одоо бодоход үнэхээр сайхан санагдаж байна. Ээж, аавдаа хөтлүүлээд, ах, эгч, дүүтэйгээ дурсамж дүүрэн өнгөрөөдөг байж. Гоё цаасан ууттай бэлэг аваад л. Болдог бол эргээд ганцхан удаа хүүхэд насандаа очихсон.
-Та одоо өөрөө ээж болсон. Хүүхдүүдээ хэрхэн баярлуулахаар төлөвлөсөн бэ?
-Манай албан байгууллагынхан жил бүр хүүхдүүдээ хүлээж авдаг юм. Баярын өдрүүдээр театр маань “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжигтэй. Ямар ч байсан хоёр хүүдээ жүжгээ үзүүлнэ. Түүний дараа л хөвгүүдээ дагуулаад гадуур гарах байх даа.
-Та багадаа ямар хүүхэд байсан бэ?
Би Улаанбаатарын унаган охин. Хан-Уул дүүрэгт хүүхэд нас минь өнгөрсөн. 10 жилдээ ангийн дарга хийдэг хэнхэг хүүхэд байлаа. Ангийнханыгаа их загнадаг, одоо эргээд бодоход ичээд байдаг юм. Ээж минь эмэгтэй хүн үйлэнд уран, хоол сайхан хийдэг байх ёстой гэж байнга сургадаг байсан. Харин аав минь миний охин хичээлдээ сайн юм чинь номын хүн бол гэж зөвлөдөг байлаа. Харин би долдугаар ангиасаа жүжигчин болохоор шийдсэн. Нууцаар драмын дугуйланд бүртгүүлээд Соёл урлагийн их сургуульд орсон.
-Хүүхэд байхад хамгийн сайн зөвлөгч ээж байдаг. Таны ээж ямар хүн байдаг вэ?
-Ээж минь Л.Алтанцэцэг гэж хүн бий. Аавтай минь Хялганатад танилцаад гэр бүл болсон. Дээрээсээ дөрөв дэх хүүхэд нь би. Дороо нэг дүүтэй. Хүн энэ хорвоод мэндлээд, нүдээ нээгээд хамгийн түрүүнд ээжийгээ хардаг. Ангир сүүг нь амлаж хүн болдог. Эх хүн бүх зүйлийн эхлэл байдаг шүү дээ. Хүн болоод чадахгүй, мэдэхгүй бүх зүйлээ ээжээрээ заалгаж, сурдаг. Ер нь энэ амьдрал эмэгтэй хүний хатан ухаан дээр тогтдог байх. Миний ээж надад эмэгтэй хүн байхын мөн чанар, хүн байхын утга учир гээд бүх зүйлийн ухаан, суурийг тавьж өгсөн. Ээжийн минь хэлдэг нэг үг байдаг юм. “Эмэгтэй хүн зөөлөн, ариун байх ёстой” гэж сургадаг. Би их хурц зантай хүүхэд байсан. Нэг мэдэхэд л ангийнхантайгаа муудалцчихна, ах эгч нартаа тунирхаад суучихна. Миний энэ занг ээж минь дандаа зөөллөж, дарж өгдөг байсан.
-Тэр зөөлөн сэтгэл нь таны амьдралд яаж нөлөөлсөн бэ?
-Үнэхээр зөөлөн хүн. Ээжийгээ харахаар өөрийн эрхгүй тайвшраад байдаг юм. Тийм хүний хажууд уурлах шаардлага ч гардаггүй. Ээжтэйгээ байхад амар амгаланг дэндүү их мэдрэх юм. Ямар сайндаа л хамгийн бага хүүгээ ээжээрээ харуулахдаа “Ээжээ би хэзээ жаргах юм бол” гэж асуухав дээ.
-Ээж тань юу гэж хариулсан бэ?
-Ээж “Миний охин юу гэж байгаа юм бэ, эх хүний жаргал гэдэг чинь үр хүүхдээ харах шүү дээ” гэж хариулсан. Нээрэн л үнэн үг юм шиг. Ээж минь таван хүүхдээ өсгөсөн. Дараа нь ач, зээ нараа өсгөсөн. Бага дүү маань төрөөд удаагүй байтал том зээ нь зээнцэрийг нь тэврүүлсэн. Бид ч өөрсдийгөө өсгүүлчихээд албатай юм шиг хүүхдүүдээ өсгүүлдэг. Ээж минь хэзээ ч төвөгшөөж, гомдоллож байгаагүй. Харин ч “Эмэгтэй хүн бусдын төлөө биеэ золих гэж төрдөг” гэж хэлдэг юм. Тэр нь үр хүүхдийнхээ төлөө энэ амьдралаа зориулдаг гэсэн үг байх.
-Ээж минь миний амьдралын түшиж тулах багана юм шүү гэж хэлж байхыг чинь олон удаа сонссон санагдаж байна?
-Амьдралын минь хором бүрт үргэлж дэргэд минь байж ирсэн. Миний сэтгэл амар байх бүх бололцоог хангаж өгсөн хүн. Амьдралд гомдож туниад, сэтгэл гундуухан явахад энгэртээ тэвэрч, надтай адилхан шаналсан ачтан юм шүү дээ. Өөрийнхөө амьдралыг ээжгүйгээр төсөөлж чаддаггүй. Ээж байгаагүй бол би гэдэг хүн өнөөдөр өөрт чинь ярилцлага өгөөд сууж байхгүй байсан. Хоёр хүү минь эмээгийнхээ буянд л хүн болсон.
-“Гэгээн муза” наадмаас шагнал авахдаа энэ шагнал ээж, дүү хоёрынх минь шүү гэж хэлж байсныг тань тодхон санаж байна?
-Хэрэв би гэртээ, хоёр хүүдээ санаа зовоод уран бүтээлээ хийж чадахгүй байсан бол тэр эрхэм шагналын эзэн болж чадахгүй байсан. Би том хүүгээ дөнгөж төрүүлчихээд сар болоод кино зурганд явж байсан. Тэр хэний буян бэ, ээж дүү хоёрын минь буян. Дүү минь бүр ажлаасаа гараад манай хүүг харж байсан. Миний хүү чинь том болтлоо эгчийгээ ээжээ гэж дууддаг байсан. Ээж рүү таван хүүхэд нь зэрэг залгаад хүүхэд хараад өгөөч гэхэд хамгийн түрүүнд Ганцэцэгийн хүүхдийг ирээд хардаг. Ээжийнхээ энэ сайхан сэтгэл, итгэлийг алдахгүй юмсан гэж хичээж амьдарч байна.
-Ээжийнхээ ямар зан чанарыг эрхэмлэдэг вэ?
-Хэтэрхий зөөлөн юм шиг боловч их зарчимч хүн. Миний сэтгэл дотор орчихсон юм шиг намайг мэддэг. Ээжээс юм нууя гэсэн ч боломж байхгүй. Нэг мэдэхэд л мэдчихсэн байдаг юм.
-Эмэгтэй хүн ээж болохоороо л ээжийнхээ зовлонг ойлгодог гэдэг?
-Үнэхээр үнэн үг шүү. Хүүхэд төрүүлээгүй, эрх дураараа явахдаа ээжийгээ ойлгодоггүй байсан. Харин хүүхэд төрүүлэх тэр мөчид л ээжийгээ ойлгож, нулимс урсдаг юм билээ. Сэтгэлээс асар их хайр мэдрэгддэг.
-Анх хүүгээ хараад юу бодсон бэ?
-Энэ хорвоод хүн болох гээд намайг зориод ирсэн, бурханы элч л харагдсан. Би хөл хүнд байхдаа эгчээсээ асууж байсан “Хүүхэд төрүүлэхээр ямар мэдрэмж төрдөг вэ гэж” эгч минь сэтгүүлч мэргэжилтэй л дээ. “Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрдөг юм гэж” хэлсэн. Сэтгүүлч хүн үгээр илэрхийлж чадахгүй байна гэхээр ямар сайхан мэдрэмж төрдөг нь тодорхой. Би тэр шөнөө унтаж чадаагүй. Хүүгээ хараад л байсан, ээжийгээ дэндүү их хайрласан.
-Хүүхдүүдийн тань хүмүүжилд эмээгийн үүрэг их байдаг уу?
-Миний сургаалиас илүү эмээгийнхээ үгээр хүмүүжсэн хүүхдүүд. Том хүү маань эмээтэйгээ байсаар байгаад сүүтэй цайнд дуртай, тайван зантай болж өссөн. Намайг ажилтай байхад ээж маань л хувцсыг нь угааж, хоолыг нь хийж, энгэртээ тэвэрч хүн болгосон. Манай хоёр чинь эмээгийн хүүхдүүд шүү дээ.
-Ээжиийнхээ баримталдаг зарчмаас амьдралдаа хэр тусгадаг вэ?
-Ээжийнхээ зааж, зөвлөсөн замналаар амьдарч байгаа.
-Хүн ээжийнхээ ачыг хариулж бардаггүй гэдэг. Гэхдээ ачийг нь хариулахын төлөө амьдрах хэрэгтэй байх. Таны хувьд ээжийгээ хэзээ хамгийн их баярлуулсан бэ?
Тэр бүр дандаа баярлуулж амжихгүй л явна. Аав минь байгаль орчны мэргэжилтэй байсан юм. Таван удаа “Алтан гадас” одонд нэр дэвшээд авч чадаагүй. Намайг аавынхаа авч чадаагүй шагналыг авахад хамгийн их баярласан. Гэхдээ охин минь авлаа даа гэж биш, хань минь охиноо тэнгэрээс харж байгаа байхдаа гээд баярлаад уйлж байсан.
-Хэрэв ээжийгээ гомдоож байсан бол, уучлалт гуйж чадаагүй бол уучлалт гуйж болно шүү?
-Эх хүн үрдээ гомдож чаддаггүй байх. Тийм сэтгэл ч төрдөггүй. Харин уурлуулж, санааг нь зовоож байсан үе бишгүй байгаа байх. “Охиныгоо уучлаарай” гэж хэлье.
-Ээждээ “хайртай” гэдэг үгийг хэр хэлдэг вэ?
-Би “хайртай” гэдэг үгийг тэр бүр хэлж чаддаггүй. Харин танай сониноор дамжуулаад “Ээжээ охин нь тандаа хязгааргүй их хайртай шүү. Үр биднийхээ хажууд урт насалж, удаан жаргаарай” гэж хэлье.
ЭХ СУРВАЛЖ:ЗУУНЫ МЭДЭЭ