Монгол Улсын ХЭҮК, Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Засаглалын хөтөлбөр хамтран “Хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар тайлагнах нь” сэдэвт форумыг зохион байгууллаа.
Энэ үеэр ХЭҮК-ийн ажлын албаны дарга Г.Золжаргалтай цөөн хором ярилцав.
-Форумын гол зорилго нь юу вэ. Манай улсын тухайд хүний эрхийг дээдэлдэг орон гэдэг ч бодит байдал дээрээ үгүй юм шиг?
-Үүнийг ярихын тулд эхлээд хүний эрхийг хангахтай холбоотой гэрээ конвенц хууль тогтоомжийн хүлээсэн үүрэг нь ямар хэмжээнд биелүүлэгдэж байна гэсэн асуудал гарч ирнэ. Гэрээ конвенцод нэгдсэн улс орны Засгийн газрууд тайлан бэлтгэж явуулдаг. Монгол Улсын хувьд гэвэл хоёр үндсэн тогтоолоор энэ асуудлыг зохицуулаад явж байна. Эхнийх нь хариуцсан байгууллагуудыг тодорхойлсон тогтоол байгаа. Дараагийнх нь НҮБ-ын хүний эрхийн зөвлөлөөс шинээр бий болсон ээлжит нэгдсэн хэлэлцүүлэх комисс байдаг.
Үүнээс гарсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2011 онд Засгийн газрын тогтоолоор баталж байсан. Энэ хоёр үндсэн гэрээний хүрээнд тайлангийнхаа үйл ажиллагааг явуулж байна. Ерөнхийдөө олон улсын гэрээний мэдээллийн тайлан бол цаг хугацааны тухайд маш их хоцордог. Зарим тохиолдолд бүр олон илтгэлүүдийг нэгтгэж байгаад нэг удаа явуулдаг учраас мэдээлэл нь нэлээд хуучирсан байдал ажиглагддаг юм. Илтгэл бэлтгэж өгөх нь салбар яамны хийх ажил. Харин цааш нь явуулах нь Гадаад харилцааны яамны үүрэг байгаа. Гэтэл яам дээр хүлээж авч байгаа илтгэлүүд мэдээлэл нь хангалттай биш, чанаргүй гэсэн ажиглалтууд байдаг талаар Гадаад харилцааны яамны албаны хүн хэлж байна.
ХЭҮК-ийн хувьд хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих, боловсролыг дээшлүүлэх зэрэг үйл ажиллагааг тавьдаг. Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд Засгийн газар үүргээ хэрхэн биелүүлж байгаа вэ гэдэг дээр хамтдаа хяналт тавих, үйл ажиллагаагаа сайжруулах тал дээр энэхүү форумыг зохион байгуулж байгаа. Энэ нь зөвхөн хүний эрх гэх хаягтай байгууллагуудын хийх ёстой ажил биш. Хүн бүрийн төрийн өмнө хүлээсэн үүрэг байдаг. Тийм учраас төрийн бүх бодлого шийдвэр гэрээ конвенцоор баталгаажуулсан эрхүүд тусч биелэлээ олж байх ёстой. Тэгж явж чадаж байна уу үгүй юу гэдэгт хүний эрхийн байгууллагууд хяналт тавих юм.
-Манай улс олон конвенцод элслээ гэдэг. Үүний ач холбогдол нь?
-Эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн болон эрх зүйн хувьд хүлээсэн өөрсдийн сонгосон нийгмийн асуудал явж байгаа. Өөрөөр хэлбэл, хүний эрхийг дээдэлсэн нийгэмд амьдрая гэсэн зорилгоо бий болгон шинэ Үндсэн хуулиа батлаад түүнийгээ эрх үүргээ болгож зарлаад биелүүлэх гээд хичээгээд явж байгаа. Тэгээд үүнийгээ олон улсын хэмжээнд мэдээлж, тайлагнана гэдэг нь тэднээс туслалцаа дэмжлэг авах боломжийг нээдэг. Өөрөөр хэлбэл, хэрэгжихгүй байна гэж буруутгаж шүүмжлэхдээ гол нь биш.Тэр бэрхшээлүүдийг даван туулахад ямар боломж байгаа нь нээгддэг учраас энэ тал дээр нууж хаах зүйл байхгүй.
-Хэлэлцүүлэг хийгээд гэрээний хэрэгжилтэд ямар өөрчлөлт гарсан талаар тодорхой судалгаа бий юу?
-Хэлэлцүүлгийн дүн гаргасан зүйл байхгүй. Тийм тогтолцоо байдаггүй. Харин хамгийн сүүлд Хүний эрхийн зөвлөлийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлгээс Монгол Улсын Засгийн газарт 2011 онд өгсөн захирамжууд ямар хэмжээнд хэрэгжиж байгаа вэ гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээлэл цуглуулж дүгнэлт хийсэн. Энэ дээр тийм ч хангалттай дүн гараагүй. Дундаас доогуур дүн гарсан байгаа. Өөрөөр хэлбэл, маш олон ажлууд хийгдэх шатандаа явж байгаа. Тодорхой үр дүн нь гарсан тохиолдол байхгүй байгаа гэдгийг харуулсан.
-Хамгийн сүүлд хүний эрхийг хамгаалсан томоохон ажил гэвэл?
-Олон улсын гэрээ конвенцтой холбоод ярихад цаазаар авах ялыг устгах тухай иргэний болон улс төрийн тухай фактын хоёрдугаар протоколд нэгдэж орсон. Үүнд нэгдэж орсноор цаазын ял хуулийн утгаараа байхгүй болж байгаа юм. Түүнээс гадна нэгдэж орохыг уриалж байгаа олон конвенц байна. Энэ жил манай Засгийн газар нэлээд санаачилгатай ажиллаж байгаа. Тухайлбал, эрүүдэн шүүх конвенцийн нэмэлт протокол, хүүхдийн эрхийн конвенцийн гуравдугаар протоколын асуудлууд дээр нэгдэж орохоор ажиллаж байна. Манайд ирж байгаа гомдлын ихэнх нь эрүүдэн шүүх, хүнлэг бус хэрцгий хандах хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчих гомдол давамгайлдаг. Тиймдээ ч энэ конвенцод нэгдэх нь зүйтэй гэж үзэж байгаа.
-Манай улсын хүний эрхийн хэрэгжилт ямар байна вэ?
-Үүнийг нэг үгээр хэлчихэж болохгүй. Салбар бүрт ямар байгаа гэдгийг тухайн салбарын нарийвчилсан дүн шинжилгээ хийгдэж байж мэднэ. ХЭҮК-ийн тухайд жил бүр хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийн талаарх илтгэлийг УИХ-д өргөн барьдаг. Илтгэлээр хүний эрхийн холбогдолтой ямар тулгамдсан асуудал байгаа гэдгийг УИХ-ын гишүүдийн сонорт хүргэдэг. Улмаар үүнийг зохицуулах талаар тогтоол гаргаж Засгийн газарт хүргэдэг юм. Энэ тогтоолуудын хэрэгжилт тийм ч хангалттай бус. Тодруулбал, Засгийн газраас гаргасан тогтоолыг хэрхэн хэрэгжүүлж байна вэ гэдэг талаар одоогоор нэг ч тогтоол алга байна.
Б.Отгоо