…буюу Ажлын ярилцлаганд зориулж юу, юу бэлдэх вэ?
Мөрөөдлийнхөө ажлыг шүүрч авахад чинь чамд тун бага зай үлдсэн байна. Бүх зүйл ганцхан ярилцлагаа хэр өгөхөөс чинь л шалтгаалах гээд байгаа биз? Гоолингоогийн ажлын ярилцлагын жагсаалтыг хэвлэж аваад, биелүүлснийхээ урд + тэмдэг тавиарай. Хэдий чинээ олныг тэмдэглэнэ, төдий чинээ чиний хүсэл биелэх магадлал ихэснэ.
Ярицлагын өмнө
______ Эхлээд чиний бэлтгэл, нөхцөл байдал тэр компанийн шаардлагад тохирч байгаа эсэхийг шалга. Мөн тэр компанийн нөхцөл чиний сэтгэлд нийцэж байгаа эсэхийг хар.
______ Өөрийнхөө мэргэжлийн чадвар, хийсэн бүтээлийг хамгийн сайнаар танилцуулахад бэлд. Чамайг цорын ганц, шилдэг нь гэдгийг батлах зүйлсийг тодотго.
______ Өөрийн уулзах гэж байгаа компани, түүний удирдлагуудын талаар судла.
______ Судалгаагаа ашиглаж, ярилцлагын үеэр тэр компанийн талаар ухаалаг дүгнэлт хэлж, оновчтой асуулт асуухад бэлд.
______ Өмнө нь хийж байсан ажлынхаа туршлагад тулгуурлан өөрийгөө “борлуулах”-ад бэлд.
______ Болзошгүй асуултуудын жагсаалт гаргаад, хариулахад бэд.
______ Өөрийнхөө мэдлэг, чадварын дутууг яаж дүүргэхээр бэлдэж байгаа тухайгаа ярихад бэлд.
______ Мэргэжлийн танилын хүрээгээ энэ местэнд хэрхэн сайнаар нөлөөлж болох талаар тайлбарлахад бэлд.
______ Чиний хэтийн зорилго компанийн хэтийн зорилготой хэрхэн нийцэж байгаа талаар ярихад бэлд.
______ Өөрийгөө өөрчлөгдөн хувьсаж, өдрөөс өдөрт сайжирч чаддаг болохоо өнгөрсөн үеийнхээ туршлагаар батлан харуулахад бэлд. (Баримтжуулсан ч болно)
______ Ярицлаганд өмсөх классик, уламжлалт, мэргэжлийн харагдахуйц хувцас бэлд. Тэр хувцас чиний очих гэж байгаа местэнд тохирсон байх ёстой. Тачаангуй, моодны, хэтэрхий тод хувцсыг хас. Бас том ээмэг, зүүлт, коктейл бөгжөө орхи.
______ Ахин дахин дасгал сургуулилт хий! Тольны өмнө зогсоод, асуултанд хариулж байгаа мэтээр бэлд.
______ Ярилцлага авах газарт яаж очихоо өмнө нь тооцоолох хэрэгтэй. Тийшээ хамгийн хурдан аваачих тэргийг ол. Замын түгжрээ, такси баригдах хүртэлх хугацаа зэргийг тооцоолоод гэрээсээ хэд гэж гарахаа бод.
______ Өмнөх шөнө нь сайн гэгч нь унтаж амар.
Ярилцлагын өглөө
______ Хөнгөн өглөөний цай уу.
______ Нялуун үнэртэй ус, тод будалт хийх хэрэггүй.
______ Цүнхэндээ шинэ “шилэн трико” нөөцлө (юу ч болоо билээ?).
______ Гэрээсээ жаахан эрт гар. Эрт очсоны буруу гэж байхгүй. Хүлээх хэрэгтэй болсон ч тэр хооронд ярилцлагандаа бэлдэж байхад болно.
Ярилцлагын туршид
______ Цагтаа оч! (Одоо үүнийг дахиж давтах хэрэггүй болсон тийм үү?)
______ Гар утсаа унтраа.
______ БИТГИЙ бохь зажла.
______ Нарийн бичиг, хүлээн авахын хүмүүстэй эелдэг харьц. Tэдэнтэй яаж харьцахыг чинь ч ярилцлагын комисс ажиглаж байгаа.
______ Ярицлагын комисстой танилцахдаа гарыг нь итгэлтэй атгаж, нүд рүү нь харж, инээмсэглэ.
______ Өөрийнхөө авч очих материалуудыг ажил хэрэгч хавтсанд, эмх цэгцтэй хийж очоорой. Ямар нэг юм үзүүлэх болоход шууд гаргаж өгөхөд бэлэн байх ёстой. Хариуцлагатай гэдгийг чинь харуулна.
______ Ярилцлагын үеэр тэдний нүд рүү нь хар. Өөр тийшээ, доошоо харах хориотой.
______ Тохиромжтой хариулт хэлэхийн тулд асуултыг нь сайн сонс.
______ Хувийн амьдралынхаа талаар ярихаас зайлсхий.
______ Үнэнээ хэл.
______ Тэр байгууллагад орох чин хүсэлтэй гэдгээ харуулахын тулд ярих явцдаа тэднээс нэг хоёр ажлын холбогдолтой асуулт асууж болно.
______ Ярьж байхдаа гараа хэтэрхий их хөдөлгөж зангахаас зайлсхий.
______ Гэх шиг, энэ тэр, гэж мэгээд, байхгүй юу зэрэг хар ярианы үгнээс зайлсхий.
______ Урам зоригтой, эрч хүчтэй гэдгээ харуул.
______ Удаан ойлгомжтой ярь. Хурдан яриа хүнийг ядраадаг.
______ Үзэг, нүдний шил, ширээний хулдаасаар оролдох хэрэггүй.
______ Хэтэрхий БИ-төвтэй яриа үүсгэж болохгүй.
______ Юм тэмдэглэж авах нь сайн хэдий ч, дэвтрээ ширтэж удаж болохгүй.
______ Өнгөрсөн үеийнхээ бүтэлгүйтлийн тухай яриаг эвтэйхнээр амжилтынхаа тухай яриа луу шилжүүл.
______ Өмнөх ажлынхаа тухай жаахан ч атугай муулж болохгүй.
______ Цалин хөлсийн талаар мэдэхийг хүсч байгаагаа нэг их харуулаад хэрэггүй. Иймэрхүү сэдвийг эцсийн ярилцлагын үеэр хэлдэг.
______ Өрөөнөөс гарахдаа ч комиссынхны гарыг итгэлтэй атгаж, нүд рүү нь хараад дахиж уулзана гэдэгтээ итгэлтэй байгаа тухайгаа хэл.
Ярилцлагын дараа
______ Гэртээ очмогцоо ярилцлага авсан хүн рүү талархсан мэйл бичээд, өөрийгөө яагаад хамгийн шилдэг нь болохыг дахиад товчоор илэрхийл.
______ Ярицлаганд тэнцэх магадлалаа жагсаалтынхаа тэмдэглэгээг харж тооцоолоод, их ч бай, бага ч бай, өөр компанийн ярилцлаганд орохоор бэлдэж эхлэ.
Ярицлаганд орно гэдэг бол чи энэ хорвоо дээрх хамгийн ашигтай, шилдэг бүтээгдэхүүн болох ӨӨРИЙГӨӨ борлуулж байна гэсэн үг болохыг санаж яв. Ярицлага авагчид чиний үйл хөдлөл бүрийг харж, ажигладаг учраас биеийн хэлэмжээ ч бас анхаараарай.