Kate Moss загварын билэг тэмдэг гэхэд хэн ч маргахгүй бизээ. 14-хөн насандаа Storm агентлагын үүсгэн байгуулагч Sarah Doukas-н хараанд өртөснөөр түүний гялалзам амжилттай амьдрал эхэлсэн гэж хэлж болно. Тэрээр 15 настайдаа John Galliano-гийн нэр хүндтэй шоунд оролцсоноор загварын анхны гараагаа эхэлж, их амжилт нь энэ л өдрөөс хөвөрч эхэлсэн байна. Тэрээр 18 насандаа Calvin Klein-ы нүүр царай болон ажиллах гэрээнд гарын үсэг зурсан нь том брэндүүдийн нүүр царай болох гараа нь болсон төдийгүй саятаны амьдралаар амьдарч эхэлсэн эхлэл нь байлаа. Асар их гнэр хүнд хүнийг эвддэг жишиг ч бас түүнийг тойроогүй юм. Kate Moss загварын шоунд гарах бүртээ согтууруулах ундаа хэрэглэж байсан гэдэг. Бараг 10 жилийн хугацаанд ийм байдалтай амьдарсанаа ч тэрээр нуугаагүй юм. 1998 онд архины эмчилгээнд хүртэл эмчлүүлж байсан билээ. 2005 онд мөн хар тамхины дуулиант хэрэгт татагдаж түүний нэр хүндийг нэг талаар сэвтүүлсэн ч нөгөө талаар түүний карьерыг өсгөж орхив. Тухайн үеийн энэхүү хэргийн гол баримт болох хар тамхийг хамраараа татаж буй зургийг нь Daily Mirror сонинд тавьсанаас үүдэн хамгийн том гэсэн ихэнх хамтрагч компаниуд нь гэрээгээ цуцлахад хүрчээ. Гэвч угийн дайчин, чадварлаг түүний хувьд энэ бүхэн төдийлөн саад болж чадаагүй юм. Нэг жилийн дараа загварын ертөнцдөө эргэн ирсэн тэрээр ирсэн даруйдаа 18 компанитай гэрээ хийж, “British Fashiоn Awards” наадмаас “Model of the year” шагналыг хүртжээ.Хэдийгээр ингэж алдаж байсан ч амжилт нь түүнээс ч их юм. Хамгийн өндөр орлоготой эмэгтэйчүүдийн жагсаалтанд тэрээр 2000 оноос хойш одоог хүртэл бичигдсээр л байгаа. Мөн тайзан дээр алхах нэг удаагийн үнэлгээ нь ч бас хамгийн өндөр өртөгтэй моделийн тоонд зүй ёсоор орж байна. Түүний өвөрмөц төрх, бусдаас ялгарч чаддаг поозоор чимсэн сэтгүүлүүдийн тоо хэдэн зууг давна. Тэр зөвхөн Английн Vogue сэтгүүлийн нүүрийг л 30 удаа чимж байсан ба өвөрмөц төрхтэй фотогоор ажиллахдаа хамгийн мэдрэмжтэй модел хэмээн алдартай гэрэл зурагчид дүгнэдэг. Мэдээж, сайхан бүсгүйн амьдралд эрчүүд цөөнгүй байсан гэдэг. Холливудын алдарт жүжигчин Johnny Depp, Angtony Langdon, Leonardo Di Caprio, Billy Zane зэрэг хүмүүстэй нэр холбогдож явжээ. Kate Moss өдгөө Lila Grace хэмээх хөөрхөн охинтой бөгөөд охины аав нь Jefferson Hac хэмээх эр байдаг байна. Харин цуутай бүсгүй 2011 оны 7 дугаар сарын 1-нд Jamie Hince гэдэг гитарчин залуутай гэрлэсэн бөгөөд хуримандаа загварын тайзан дээр анх урьсан алдарт загвар зохион бүтээгч John Galliano-гийн урласан даашинзыг өмссөн байна.
Kate Moss үргэлж бүхний анхааралд байж чаддаг. Учир нь тэр бүхнийг дагуулах, бусдаас өөр байхыг мэддэг жинхэнэ модель билээ. Ингээд түүний анх загварт хөл тавьж байснаас эхлүүлээд өгсөж уруудаж явсан бүх он цагийг харуулсан фотог хүргэж байна.
GOOMARAL.COM