Манай сэтгүүлийн зочин олны танил, үзэсгэлэнт бүсгүйчүүдийн охидод өгсөн гоо сайхны энгийн зөвлөгөөнүүдийг хүргэж байна. Тэдний нүдээр “хөөрхөн охин” гэж ямар охидыг хэлэх вэ?
ЗАГВАР ӨМСӨГЧ С.ТӨГС |
Мэдээж хамгийн сайн бас үнэтэй гэсэн бүтээгдэхүүнийг боломж л байвал хэрэглэж байх хэрэгтэй. Ёстой гэсэн үг биш л дээ, гэхдээ эмэгтэй хүн арьсаа эрхлүүлэх хэрэгтэй. Би өөрөө make up artist мэргэжилтэй. Берлин дахь сургуульд сурч байхдаа гоо сайхан байхад арьс арчилгаа, чанартай бүтээгдэхүүн хэрэглэх нь хамгийн чухал гэдгийг ойлгож авсан. Гэхдээ өөрөө тамхи татаад, нойргүй хоноод, архи уугаад байвал ямар ч гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд нэмэргүй. Нойроо сайн авч, ус сайн ууж байх хэрэгтэй.Өөрийн гэсэн стильтэй бусдаас өөр охид хөөрхөн санагддаг. Одоо нэгэн хэвийн солонгос царай моодонд ороод байх шиг байна. Тийм охидуудыг муухай гэхгүй, зүгээр л сонирхолгүй санагддаг. |
МУСТА, ДУУЧИН Д.ОТГОНЖАРГАЛ |
Охидууддаа хандаж хэлэхэд биеийн тамирын хичээлдээ идэвхитэй сайн оролцож байгаарай гэж зөвлөмөөр байна. Биеийн тамир, хөдөлгөөн бол гоо сайхан, эрүүл мэндийн анхны А үсэг учраас тогтмол хичээллэж байгаарай. Мөн зөв хооллох хэрэгтэй. Мэдээж нас биед хүрээд том болохоор бусад зүйлүүдийг хэрэглэж эхлэх бизээ. |
ЖҮЖИГЧИН О.ДӨЛГӨӨН |
Охидууд бүгд хөөрхөн. Элдэв гоёл чимэглэл, элдэв будаг, брэнд хувцас гэхээсээ илүү залуу нас, эрч хүч гэдэг өөрөө хүнийг чимж байдаг. Хөөрхөн охидууддаа хандаж хэлэхэд элдвийн баталгаагүй будгаар сайхан арьсаа хэтэрхий эрт битгий гэмтээгээрэй. Өөрийнхөөрөө байж, өөрийнхөө гоо сайхныг бусдад гайхуулах гоё шүү. |
ДЭЛХИЙН АВАРГА, БУУДЛАГЫН СПОРТЫН ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР Ц.ХОНГОРЗУЛ |
Миний тогтмол хийдэг нүүрний арчилгаа бол орой болгон нүүрээ сүүтэй мөсөөр арчдаг. Дажгүй үр дүнтэй шүү. Бас охидыг заримдаа харахад гар, хумсныхаа гоо сайхныг мартаад байх шиг санагддаг. Ер нь тэгээд бодоод үзэхэд дэндүү гоё охин хиртэй хумстай байвал эвгүй шүү дээ. Тиймээс гарандаа анхаарал тавьж байгаарай. |
МОНГОЛЫН САЙХАН БҮСГҮЙ ТЭМЦЭЭНИЙ “АРД ТҮМНИЙ МИСС” ӨРГӨМЖЛӨЛТ, ЗАГВАР ӨМСӨГЧ Д.АРИУНЦЭЦЭГ |
Эмэгтэй хүнийг энгийн, эгэл даруу чанар илүү их чимдэг юм шиг санагддаг юм. Охид бүхэн л хөөрхөн. Гэхдээ өөртөө итгэлтэй , өөрийгөө болон бусдыг хайрладаг, зөв боловсон харьцаатай, ухаалаг даруу, хамгийн гол нь сайхан сэтгэлтэй байвал илүү хөөрхөн гэж би тодорхойлно. Гоо үзэсгэлэн толины өмнө бус сэтгэл татсан гэгээхэн нүдний гүнд нуугдаж байдаг болохоор дотор буй гоо үзэсгэлэнг гэрэлтүүлэх хэрэгтэй.Царай муутай хүн гэж байдаггүй залхуу нэгэн л гэж байдаг гэдэг үгтэй би санал нэг. Хэрэв хүн хүсвэл гадаад үзэмжийг өөрийнхөө хүчээр өөрчилж, бусдад сайхнаар харагдаж болно. Хамгийн түрүүнд охиддоо миний зөвлөх зүйл бол арьс. Одоо арьс, үсэнд хамгийн их арчилгаа шаарддаг хаврын улирал ирж байна. Хамгийн түрүүнд арьсаа сайн хамгаалж нар болон бохирдлоос хамгаалах тосыг өдөр тутамдаа байнга хэрэглээрэй. Наргүй бороотой өдөр ч байсан заавал хэрэглэж орой унтахын өмнө сайтар цэвэрлэж заншивал арьс гэмтэж толботохгүй эрүүл сайхан байх болно.Энэ бол хаана ч , аль ч улсын арьсны мэргэжилтэн, эмч нарын хамгийн чухалчилан өгдөг зөвлөгөө. |
ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧ ARIUNAA SURI \С.АРИУНАА\ |
Хүн юу иднэ, тэр нь нүүрэн дээр нь гардаг. Тэгэхээр зөв, эрүүл хооллох ёстой. Давхраатай нүдтэй, царайлаг охидыг хөөрхөн хэмээн тодорхойлдог байсан бол одоо хөөрхөн гэдэг ойлголт өөрчлөгдөөд байна. Хөөрхөн гэдэг тодорхойлолтонд өвөрмөц төрхтэй, түүндээ тохирсон нүүр будалт хийж, хувцаслаж чаддаг, энэ бүхэндээ итгэлтэй байдаг охидыг хамааруулж байна. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байх нь чухал. Хичнээн хөөрхөн охин өөртөө итгэлгүй байвал хөөрхөн харагдаж чадахгүй. |
“Мисс Монголия-2009” тэмцээний Тэргүүн мисс, “Гоёл-2010” наадмын Шилдэг загвар өмсөгч, Азийн модель агентлагийн Гүйцэтгэх захирал Х.БАДАМГЭРЭЛ |
Жимс цагаан идээ байнга хэрэглэх хэрэгтэй. Өнгөгүй жимс буюу банана, лийр, ногоон алим гэх мэт жимс арьсанд бас эрүүл мэндэд нэн тустай. Мөн өглөө оройдоо тараг, сүү хэрэглэж заншаарай. |
“KIWI” ХАМТЛАГИЙН АХЛАГЧ, ДУУЧИН Д.УЛАНБАЯР \УКА\ |
Чин сэтгэлээсээ инээмсэглэ. Инээмсэглэж чаддаг охид л хамгийн хөөрхөн. |
“МОНГОЛ МОДЕЛЬ” АГЕНТЛАГИЙН ЗАГВАР ӨМСӨГЧ Ж.ЭНЭРЭЛ |
Хүний гоо сайхан дотоод гоо сайхнаас нь илүү их хамаардаг юм шиг санагддаг. Ходоод муу бол нүүрэн дээр батга гарна, тийм учраас ус сайн ууж, хоолны зөв дэглэм барих хэрэгтэй. Тэгээд л нүүрээ сайн цэвэрлээд, чийгшүүлээд байхад болно. Заавал үнэтэй янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүй гэж боддог. Би будаггүй цэвэрхэн царайтай, хэн нэгнийг дуурайдаггүй, харилцааны соёлтой хүнийг л хөөрхөн гэнэ. |
УРТЫН ДУУЧИН Б.НОМИН-ЭРДЭНЭ |
Хүний нас болгон өөрийн гэсэн гоо сайхантай. Нүд бол таны бодлын толь. Тийм болохоор нүдний дасгал байнга хийж заншаарай. Охид бүр хөөрхөн. Тэдэн дундаас сайхан чанараа үргэлж зүлгэж, өнгөлж байдаг охид илүү тод өнгөтөй, гэрэлтэж харагддаг. |
ЖҮЖИГЧИН П.ШҮҮДЭРЦЭЦЭГ |
Өөрөөрөө байгаа охид, өхөөрдөм охидыг хөөрхөн охин гэж хэлнэ гэж боддог. Эмэгтэй хүн болгон өөрсдийн гэсэн өвөрмөц онцлогтой, тэд хэзээ ч дахин давтагдашгүй. Эмэгтэй хүн бүр өөртөө итгэлтэй, дур булаам байвал бүгд л хөөрхөн биш гэж үү. Гэхдээ дотроосоо гэрэлтдэг хүн гаднаа ч гэрэлтдэг гэдгийг мартаж болохгүй.
Эх сурвалж: Ohid.mn |