“Эмэгтэйчүүд эрчүүдээс хүүхэд гаргадгаараа давуу” л гэнэ. Эрчүүд тэгвэл “хүүхэд хийж чаддагаараа илүү” гэж барьцах биз. “Эрчүүд хэзээ ч даашинз эсвэл банзал өмсөж чадахгүй. Зөвхөн бид л чадна” гэнэ. Шотландуудыг тэгээд юу гэх вэ? Халуун өдөр салхи саваа ороод сайхан л байдаг байх л даа. “Хамгийн том давуу тал нь хөөрхөн, үзэсгэлэнтэй” гэнэ. Энэ ч харин үнэн шүү. Гэхдээ түүнийг нь магтан сайшаахын зэрэгцээ гаднаас нь бас дотроос нь мэдрүүлж чаддаггүй эр хүн байхгүй бол хэчнээн гоё сайхан байгаад яах вэ дээ.
“Тэвчээртэй, сэтгэлийн хаттай”-гаараа илүү. Энэ бас л үнэн. Тийм ч учраас бурхан эмэгтэй хүний төрж чаддаг болгожээ. Эмэгтэй хүнийг төрөх үед мэдрэгддэг өвчнийг эрэгтэй хүнд шилжүүлбэл шууд үхнэ гэж байгаа. Магадгүй үүнтэй холбоотойгоор эмэгтэй хүн илүү тэсвэр, тэвчээртэй байдаг биз. Дээр нь бас үр хүүхэддээ санаа зовсон сэтгэл нь тэднийг эрчүүдээс илүү хатуу чанга болгодог байж мэднэ.
“Хөвгүүд шиг тоогоо өгсөх гэж үерхдэггүй, тооцоон дээр үндэслэж гэр бүл зохиодоггүй, зүрх сэтгэлтэйгээрээ давуу” гэх мэт хорслыг бяцхан цог гялалзсан хариултууд ч байна. Энэ бол зөвхөн эрэгтэй хүнд бус ер нь хэн хүнд байдаг зан чанарууд.
Харин эмэгтэйчүүдийн эрчүүдээс давууг харуулсан шинжлэх ухааны үндэслэлтэй хэдэн сонирхолтой баримтуудаас чамд дэлгэж байна.
Эмэгтэй нүд
Хүний нүд бусад амьтныхаас илүү их уурагтай байдаг аж. Тэр дундаа эмэгтэй хүний нүд эрэгтэй хүнийхээс их уурагтай бөгөөд нүдээрээ олон дохио илгээж бас хүлээж авч чаддаг байна. Ийм учраас эмэгтэй хүний нүднээс сэтгэл хөдлөлийн маш олон хэлбэрийг харж болно. Дээр нь эмэгтэй хүн эрчүүдийг худлаа ярьж байгааг хараад л мэддэг.
Дээр нь эмэгтэй хүн ардаа нүдтэй гэж хэлбэл нэг их буруудахгүй. Тэдний харааны өнцөг зургийн аппаратныхаар бол өргөн өнцөгийн дуран л гэсэн үг. Тэд хажуудаа байгаа юмыг харж чаддаг. Тийм учраас сонирхож буй залуудаа азаарталгүйгээр түүнийг сонжиж чаддаг. Харин эрчүүд бол хүзүү эсвэл биеэрээ эргэж байж харж чаддаг. Тэд зөвхөн урдаа байгаа юмыг л харж чаддаг.
Тэгвэл яагаад хамар доороо байгаа юмыг олдоггүй юм бэ? Эрэгтэй хүний нүд харанхуй өрөөнд гар чийдэнгээр тусгаж байгаа мэт юмыг хардаг бас хайдаг. Үүнээсээ болж “сохор номин”, “хүний гэрт байгаа юм шиг гэрийнхээ юмыг олохгүй ээ” гэх мэт зэмлэл хүртэнэ. Дээр нь аливааг төрхөөр нь биш нэрнийх нь эхний үсгээр хайдаг гэж нэг сайтанд бичсэн байна билээ. Жишээ нь “Хөргөгчнөөс цөцгий аваад ирээрэй” гэвэл хөргөгчний хаалгыг цэлийтэл нээгээд “Ц” үсэгтэй зүйл хайдаг гэсэн үг. Үнэн байж мэдэх л юм.
Дээр нь эмэгтэй хүний нүд эрчүүдийнхээ илүү олон өнгийг ялгаж чадна. Эрчүүдийн хувьд энэ ертөнц дээр солонгын 7 өнгө л байдаг. Харин эмэгтэйчүүдийн хувьд “үзмэн ягаан” гэдэг хүртэл өнгө бий.
Эмэгтэй зөн совин
Сэтгэл санаа нь тавгүй эмэгтэйг эмэгтэй хүн хараад шууд мэднэ. Ямар ч үйлдэл хийгээгүй байхад шүү дээ. Харин эрэгтэй хүн бол тийм эмэгтэйг цурхиран уйлж, үсээн үгтээж байгааг хараад сая нэг сэтгэл нь тавгүй байгааг ойлгоно. Эмэгтэйчүүд угаасаа өндөр мэдрэмжтэй төрдөг. Эрчүүдийг өөрсөд шигээ хэмээн санаж “Манай энэ мангар ёстой нэг мэдрэмжгүй шүү” хэмээн гоочилно. Энэ мэдрэмтгий байдал арьсанд хүртэл илэрнэ. Эмэгтэй хүний арьс эсрэг хүйстнийхийгээ бодвол илүү нимгэн байдаг тул мэдрэмтгий бас эмзэг. Тийм учраас уурласан үедээ “надад битгий хүр!” хэмээн ярдагладаг.
Эмэгтэй тархи
Эмэгтэй хүний тархины баруун ба зүүн талын бөмбөлөгүүд эрчүүдийнхийг бодвол илүү бүдүүн холбоосоор холбогдсон байдаг болохоор хоорондоо холбогдож, мэдээлэл дамжуулах чадвараараа эрчүүдээс илүү байдаг аж. Тийм учраас эмэгтэйчүүд санаа бодлоо төвөггүй илэрхийлэх ярих чадвартай, нэг дор олон үйлдлийг зэрэг хийж чаддаг байна. Эхнэр нь нөхрийгөө сонин унших юмуу, зурагт үзэж байхдаа миний хэлснийг яагаад сонсдоггүй юм бол гэж гайхна. Харин эмэгтэй хүн урьд нь хэзээ ч хийж байгаагүй хоолыг номноос уншингаа хоолоо хийж, хажуугаар нь утсаар ярьж, зурагт үзээд ойлгож чадна. Эрэгтэй хүн бол “хүн юм үзэж байхад чимээгүй бай л даа” гэж зандарна.
Дүгнэлт
Энэ өгүүллэгээрээ юуг өгүүлэх гээд байна гэхээр эмэгтэй хүн эрчүүдээс илүү юм биш. Зугээр л эмэгтэй хүнд байдаг зүйл эрчүүдэд байхгүй. Эрчүүдийг чаддагийг эмэгтэйчүүд чадахгүй. Тэд ердөө л хоорондоо жоохон өөр юм л даа. Энэ байдлыг хүн төрөлхтөн үүссэн үетэй холбон тайлбарлах нь элбэг. Эр хүн өглөө эртлэн босч, анд явна. Эмэгтэй нь гэртээ үлдэн үр хүүхэд, гэр хотоо манаж, бүгдийн аюулгүй байдлыг хангана. Ингэх явцдаа эрчүүдийн зүг чигийн баримжаа, хурд, авхаалж самбаа, алсыг бас аливааг том зургаар харах чадвар, ар гэр, авгай хүүхдээ хамгаалах чадвар нь түлхүү хөгжсөн бол эмэгтэйчүүдийн харааны өнцөг тэлж, зөн совин нь гүнзгийрсэн байна.
Эцэст нь хэлэхэд, хэдийгээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс ялгаатай ч бид бие биенгүйгээрээ амьдарч чадахгүй, хорвоог амжилттай бас аз жаргалтай туулж чадахгүй нь лав.