Ш.Чимгээ нь С.Батбаяртай 2006 оноос хойш хамт амьдарч эхлээд нэг хүүхэд төрүүлжээ. Улмаар хоёр талаасаа херөнгө нийлүүлэн “Иксленд констракшн” хэмээх барилгын үйл ажиллагаа явуулах лиценз бүхий компанийг байгуулсан аж. Хөрөнгө нийлүүлэхдээ Чимгээ нь байр сууц, автомашин гэх мэт зүйлсээ зарж хөрөнгө босгосон гэнэ. Хөрөнгө гарсан учраас Ш.Чимгээ нь тус компанийн хувьцаа эзэмшигч болжээ. Гэхдээ тэрээр хүүхэд гаргаад гэртээ байсан учраас хувьцаагаа бэлэглэлийн гэрээгээр нөхөртөө шилжүүлсэн байна. Улмаар компаниа байгуулан Сүхбаатар дүүргийн X хорооны нутагт байрлах 700 мкв газартаа орон сууцны байшин барьж эхэлсэн аж. Гэтэл түүний нөхөр 2012 оны хоёрдугаар сарын 24-нд нас барсан ажээ.
Харин тус оны дөрөвдүгээр сард талийгаачийн дүү болох С.Баттулга нь ахынхаа компанийн эзэмшлийн газар, барьж байсан орон сууцны барилгыг нь өөрийн эзэмщлийн “Мөнгөн тулга цамхаг” ХХК-ийн нэр дээр шилжүүлчихсэн байж. Үүнийг нь хохирогч болох Ш.Чимгээ тус оны дөрөвдүгээр сард мэдэж улмаар оны тавдугаар сарын 10-нд Чингэлтэй дүүргийн Мөрдөн байцаах газарт шалгуулахаар өгчээ. Тэрээр эд хөрөнгөө дүүдээ шилжүүлсэн баримт дээр байгаа нөхрийнхөө гарын үсэг, тамгыг биш гэдгийг мэдсэн учраас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр шинжүүлэхээр болсон байна. Шинжээчийн дүгнэлт гарчихсан байхад түүнд үл хөдлөх хөрөнгийг нь өгөхгүй байсан аж. Удаан хугацаагаар хөөцөлдсөний эцэст шинжээчийн дүгнэлтийг авсан хэдий ч хэрэг өөрөөр эргэжээ.
Тухайн үед барилгын ажил нь 40 хувийн гүйцэтгэлтэй байсан бол өнөөдөр 95 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа гэнэ. Гэтэл Чингэлтэй дүүргийн мөрдөн байцаах газар жил гаруйн хугацаанд асуудлыг шийдвэрлээгүй нь гайхалтай. Талийгаач Батбаярын эхнэр Ш.Чимгээ анх 2012 оны тавдугаар сард Цагдаагийн байгууллагад хандаж, түүнд холбогдох хэргийг анх мөрдөн байцаагч ахмад Н.Доржтайван, Н.Дамдинжав нар шалгаж байсан аж. Үүний дараагаар Н.Батчимэг гэх байцаагч шалгаж байснаа хэргийг өөр тасаг руу шилжүүлчихсэн байжээ. Ингээд дараагийн мөрдөн байцаагч Ч.Билгүүн шалгах болов.
Хэдэн сарын дараа мөрдөн байцаагч Ч.Билгүүн “Би энэ хэргийг шалгахаа больсон, өөр хүнд шилжүүлсэн” гэсэн хариу хохирогч бүсгүйд өгөв. Одоогоор хэргийг Чингэлтэй дүүргийн мөрдөн байцаагч ахмад Н.Батцэрэн шалгаж байгаа гэх. Шалгагдаж байх үед иргэн Ш.Чимгээ нь хохирогч гэж явж байсан бол шинжээчдийн дүгнэлт гарсны дараагаар гэрч болчихсон “тууж” явна. Улмаар мөрдөн байцаагч Н.Батцэрэн нь түүнд “Та энэ хэргийн хохирогч биш байна. Та бол гэрч байна. Тиймээс энэ хэрэг таньд огт хамаагүй. Одоо энэ хавиар ирэх шаардлагагүй шүү!” гэж хатуу анхааруулжээ.
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, ахмад Б.Батсүрэн нь Ш.Чимгээгийн хүсэлтээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хэргийн баримтыг шинжүүлэхээр явуулжээ. Дүгнэлтээр С.Батбаярын дүүдээ шилжүүлсэн гэх баримт дээрх гарын үсэг болон тамга нь хуурамч болох нь тогтоогдсон байна. Эдгээрийг хуурамчаар үйлдэхдээ бичиг хэрэгсэл ашиглалгүй, дардас ашиглаж үйлдсэн нь нотлогдсон ажээ. Уг дүгнэлтийг криминалистикийн шинжээч мэргэжилтэй, тус мэргэжлээрээ хоёр дахь жилдээ ажиллаж байгаа, дэслэгч М.Эрдэнэжаргал илрүүлжээ.
Хохирогч Ш.Чимгээ ярихдаа: -Би энэ хэргийн хохирогч мөн. Эд хөрөнгөө нийлүүлсэн болон хүүхдийнх нь ээж учраас яах аргагүй хохирогч мөн шүү дээ. Гэтэл надад шинжээчдийн дүгнэлтийг өгөхгүй гэж байсан. Удаан хугацаанд хөөцөлдсөний эцэст энэ дүгнэлтийг авсан юм. Гэтэл одоо Цагдаагийн байгууллагынхан намайг хохирогч биш гэрч гэж дарамталж байна. Энэ хэргийг ингээд чимээгүй өнгөрөөх гээд байгаа юм шиг байдал ажиглагдаад байна. Яахав би хохирогч больё. Гэтэл хүүхэд нь яах вэ. Гэрлэлтээ батлуулаагүй нь миний алдаа болж. Гэхдээ эцгийнхээ нэрээр овоглосон хүүхэд нь байхад бидний эрхийг зөрчиж байна. Би яагаад гэрч болсноо мэдэх гэж мөрдөн байцаагч руу өөрөө ч орсон өмгөөлөгчдөө ч оруулсан. Одоо болтол надад ямар ч хариу өгөөгүй байна. Миний зүгээс хуулийн байгууллага хэргийг зөвөөр, хурдан шийдэж өгөөсэй л гэж хүсч байна.
Өмгөөлөгч Ц.Байгалмаа: -Хуульд ямар хүмүүсийг өв залгамжлагч байна гэж заадаг вэ гэхээр талийгаачийн төрсөн хүүхэд, эхнэр нөхөр, эцэгэх өвлөгч байхаар заасан байдаг. Энэ хүмүүс байхгүй тохиолдолд дүү нь өвлөгч байх хуулийн зохицуулалт байдаг. Гэтэл талийгаачийн төрсөн дүү С.Баттулга “Икслэнд констракш” компанийг хуурамч тамга тэмдэг ашиглан, хууль бусаар өөртөө шилжүүлсэн байна. Түүний нэрээр овоглосон хүү нь байхад ийм зүйл хийж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Мөн өв хөрөнгөд эрхлэн хамгаалах асуудал хууль зүйн хувьд тусгасан тул Ш.Чимгээ холбогдох байгууллагад хандсан хэдий ч энэ ажлыг нотариатын байгууллага хийнэ гэсэн хариу өгсөн. Гэтэл нотариатын байгууллага нь туршлага байхгүй, нэг ч удаа эрхлэн хамгаалалт хийж үзээгүй гээд энэ асуудлыг хойш тавьсаар байгаа нь хуулийн байгууллагын алдаа завхралын нэг хэлбэр гэв.
ЭХ СУРВАЛЖ: ОДОО ЦАГ