Эмэгтэй хүний насыг хүзүүний үрчлээтсэн арьс, унжсан хацар, давхар эрүү илтгэдэг. Гэхдээ та гадаад төрхөндөө хэр их цаг зарцуулна, төдий чинээ залуу насаа хадгалж үлдэх боломжтой гэдгийг санахад илүүдэхгүй. Давхар эрүү аль ч насанд үзэгдэж болно. Энэ нь илүүдэл жин, хорт зуршил, арьсан дахь насны өөрчлөлтөөс болж гардаг. Эмэгтэй хүний хүзүү гуя, өгзөг шиг өөх амархан хуримтлуулдаг. Тэр ч бүү хэл туранхай эмэгтэйчүүд ч эрүүний нь онцлогоос шалтгаалан давхар эрүүтэй болох нь бий. Ер нь эрүү, хүзүүний шугамын хоорондын өнцөг хэр бага байна, төдий чинээ давхар эрүүтэй болох магадлал ихэсдэг. Мөн төвөнх доор байрлах тусам давхар эрүү сунах нь нэмэгддэг байна.
Давхар эрүүнээс сэргийлэхийн тулд юу хийх вэ?
-Хүзүүндээ тос түрхэх бүртээ хуруугаараа иллэг хийх хэрэгтэй. Хүзүүний суурь хэсгээс эрүү рүүгээ чиглэлтэйгээр товших маягаар иллэг хийж, тос түрхэнэ.
-Том дэр дэрлэж болохгүй. Аль болох нуруугаараа цэх унтаж сур.
-Усан санд сэлэх нь давхар эрүү үүсэхээс сэргийлдэг. Мөн өдөр бүр зузаан ном толгой дээрээ тавиад хэсэг хугацаанд алхвал давхар эрүүнд санаа зовохгүй байж болох гэнэ.
Давхар эрүүтэй тэмцэх дасгал
1 .Эрүүнээс тань хүнд ачаа зүүсэн байна. Үүнийг өргөх ёстой гэж төсөөл. Толгойгоо гэдийлгэж, эрүүгээ алгуурхан дээш өргөж, хүзүүнийхээ бүх булчинг чангал. Энэ дасгалыг 5-6 удаа хийгээрэй.
2.Доод уруулаа шүдээ харагдтал доош сунга. Энэ үед хүзүүний булчин чангарна.
З.Гараа зангидаж, эрүүнийхээ доор байрлуул. Энэ байрлалаараа амаа ангайх гэж оролд.
4.Толгойгоо зүүн тийш гилжийлгэн, зүүн мөрөө доошлуул. Энэ дасгалыг хоёр тийш тав таван удаа хийнэ.
5.Толгойгоо гэдийлгэн, доод уруулаа хамрын үзүүртээ хүргэх гэж байгаа юм шиг эрүүгээ дээш сунгана. Энэ дасгалыг таван удаа давтаарай.