Хэдхэн сарын өмнө Монгол охин Геннисийн амжилт тогтоолоо гэх баярт мэдээг та бид сонсч байсан билээ. Тэгвэл уран нугараач Э.Цацрал Дэлхийн геннисийн холбооны урилгаар өөрийн тогтоосон амжилтаа эвдэж, Геннисийн амжилтын номд нэрээ дахин бичүүлжээ.
Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-нд Унгарын Будапешт хотын “Circus Maximus” театрт “Marinelli”-ийн байрлалд буюу шүдэн дээрээ биеийнхээ жингээр тогтон нугардаг үзүүлбэрийн рекордыг хоёр минут 34 секундээр эвдэж, Геннисийн номд бичигдсэн билээ.
Тэрбээр мөн уран нугаралтаар өнгөрсөн долдугаар сарын 24-нд Туркийн Стамбул хотод дөрвөн минут 17 секундын амжилтыг тогтоожээ. Ингээд уран нугараач СТА Э.Цацралтай цөөн хором ярилцлаа.
-Геннисийн амжилтыг хоёр дахь удаагаа тогтоолоо. Сэтгэгдэл ямар байна вэ?
-“Marinelli” буюу шүдэн дээрээ биеийн бүх жингээрээ тогтох үзүүлбэр бол манай улсаас гаралтай. Энэ үзүүлбэрээр амжилт тогтоохын тулд жилийн өмнөөс бэлтгэж эхэлсэн. Би энэхүү үзүүлбэрээр дэлхийн рекордыг эвдсэн хоёр дахь Монгол охин болж байгаа.
Өмнө нь Монголын уран нугараач Л.Оюунгэрэл гэдэг охин 2008 онд 33, 55 секунд тогтож, Геннисийн номд нэрээ бичүүлж байсан юм билээ. Дахин геннисийн амжилт тогтооход монголынхоо үе, үеийн уран нугараачдаар бахархах сэтгэгдэл төрж байсан.
Учир нь бидний ахмад үеийнхэн уран нугаралтын үндэс суурийг үнэхээр сайн тавьж өгсөн. Амжилтаа эвдсэнээ мэдээд ээж, аав, ах, эгч нартаа бүгдэд нь чангаар баярлалаа гэж хэлмээр санагдаж байсан. Миний аав бол миний анхны багш байсан. Охиныхоо авьяасыг харж, хөгжүүлж чадсан аавдаа үргэлж талархаж явдаг.
-Харин гадаад орны хүмүүс таныг хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Яг амжилт тогтоогоод бууж ирсний дараа гадаадын үзэгчид “чи хүн үү, робот уу”, “шүд чинь жинхэнэ үү”, “ямар оогоор шүдээ угаадаг вэ” гэх зэрэг гайхширсан сонин асуултууд тавьж байсан.
Хүн ийм зүйл хийж чадах эсэхэд эргэлзэж хүлээж авсан. Би тэр үед нь эх орноороо бахархаж, монгол хүн л энэ амжилтыг эвдэж чадна. Монголын уран нугараачид дэлхийд нэгдүгээрт ордог гэж ам бардам хэлж байлаа.
-Геннисийн амжилт тогтооход ямар нэгэн мөнгөн урамшуулал олгодог уу?
-Үгүй. Миний хувьд Дэлхийн геннисийн холбооны урилгаар оролцсон болохоор унаа, хоол, байр гээд бүх зардлаа даалгасан. Мэдээж хувиараа оролцсон бол их зардал гарах байсан.
-Дахин геннисийн амжилт номд нэрээ бичүүлэх боломжтой гэж үзэж байна уу?
-Олон хүнээс дахин Геннисийн амжилт тогтоох санал ирсэн. Уран нугаралтын илүү хүнд төрлөөр амжилт тогтоохыг хүсч байгаа. Хэрэв хамтрагчаа олчихвол шүдэн дээрээ биеэрээ тогтох үзүүлбэрийг дээрээ нэг хүн тогтоож дэлхийн амжилтыг тогтоохыг хүсч байна.
-Өмнө нь ямар ямар тэмцээнд оролцож байв?
-2006 онд Францын нийслэл Парис хотод зохион явуулсан өсвөрийн циркчдийн тэмцээнд III байр эзэлж байсан. Өөр олон тэмцээнд оролцож, монголынхоо нэрийг дэлхийд таниулж явсан. Миний энэ их хөдөлмөрийг улс орон минь үнэлж, 2010 онд СТА цол олгосон. Энэ бол миний хувьд хамгийн том бахархал юм.
-Монголдоо ямар зорилгоор ирсэн бэ?
-Италийн цирктэй гурван жил ажиллах гэрээтэй. Энэ удаад амралтаараа ирсэн. Гэхдээ зүгээр нэг амраад явчихгүй. Монголчууддаа өөрийн үзүүлбэрээрээ бэлэг барих бодолтой байгаа.
Би “Монголжингоо” уран нугаралтын холбооны гишүүн. Манай холбоо ирэх сард дуучидтай хамтарсан томоохон хэмжээний тоглолт хийхээр болсон. Энэ тоглолтод өөрийн биеэр оролцох болно.
-Цаашдын зорилго юу байна вэ?
-Хувийн амьдралаа төвхнүүлэх бодолтой байна. 24 гэдэг гэр бүл зохиох нас. Гэр бүл зохиож сайхан амьдрахыг хүсч байна. Ажил мэргэжлийн хувьд зорьсон зорилго их бий.
Юун түрүүнд монголынхоо уран нугаралтыг улам илүү хөгжүүлэхийн тулд өөрийн чадах бүхнээ дайчилна. Мөн ирээдүйд хүүхэд багачуудад уран нугаралтын хичээл заах бодолтой явдаг. Өөрөөсөө илүү амжилт гаргах хүүхдүүд бэлтгэхийг хүсч байна.
Г.Сүрэн
Эх сурвалж: Үнэн.мн