Үргүйдлийг эмчлэх нэг хэлбэр нь тээгч эхээр дамжуулан үр хүүхэдтэй болох арга юм.
Манай улсад тээгч эх гэх ойлголт 1995 оноос үүсч бий болсон хэдий ч хосууд тээгч эхийн тусламжтайгаар хүүхэдтэй болох шинжлэх ухааны аргыг амьдралд хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин байдаггүй байна.
Эмэгтэй хүний өндгөвч нь үр хөврөл бий болгох үүрэгтэй бол умай нь үүсч бий болсон үрийг тээх үүрэгтэй байдаг.
Тэгвэл үр тогтсон хэдий ч хүүхдээ тээх боломжгүй эхчүүдэд туслах шинжлэх ухааны нэг арга нь “тээгч эх” юм. Эмэгтэй хүн зүрх судас, хавдар, элэг, бөөр, уушгины өвчлөлөөс шалтгаалан мөн төрөлхийн савны гажигтай тохиолдолд хүүхэд төрүүлэх боломжгүй болдог байна.
Харин тээгч эхийн тухайд 32 хүртэлх насын, нэг болон нэгээс доошгүй удаа төрсөн, суурь өвчингүй, хүүхэд тээх ямар нэгэн эсрэг заалт байхгүй гэсэн шаардлагыг хангасан байх ёстой байдаг байна. Гэхдээ манай улсад тээгч эхийн тусламжтайгаар хүүхэдтэй болохыг зохицуулсан хууль эрх зүйн орчин байдаггүй учраас ийм эмчилгээ хийх боломж нь бүрдээгүй гэж байна.
Дэлхийн бусад улс оронд үүнийг хуулиар маш сайн зохицуулж өгсөн байдаг байна. Гэхдээ тээгч эхээр дамжуулан хүүхэдтэй болохыг хүссэн эмэгтэйн хувьд хүүхэд тээх ямар ч боломжгүй, хүүхэд тээсэн ч өвчтэй төрөх магадлалтай, мөн хүүхдээ төрүүлж чадахгүй байсан тохиолдолд л ийм боломж үүсэхийг хуулиар зохицуулж өгчээ. Харин ийм аргаар хүүхэдтэй болохын тулд зөвхөн тээгч эхэд гэхэд л 10-20 мянган доллар, бусад зардалтайгаа нийлээд 80-120 мянган доллар шаардагддаг байна.
Тээгч эхийн хувьд тухайн хосуудын цусан төрлийн хамаатан байх нь илүү үр дүнтэй байдаг байна. Тодруулбал, үр хөврөлийг өөр эхийн умайд шилжүүлэн суулгана гэдэг нь эрхтэн шилжүүлэн суулгахтай ойролцоо байдаг учраас аль болох цусан төрлийн хүнээр тээгч эхийг сонгодог байна.