БНХАУ-ын дэлхийд алдартай “Үндэсний их театр” буюу Сувдан театрт Монголын уран бүээлчид 10 дугаар сарын 29-нд ая дуугаа өргөв.
Энэхүү гайхамшигт театрын тайзнаа дэлхийн улс орнуудын шилдгүүд уран бүтээлээ толилуулдаг. Харин энэ удаа Монголын язгуур урлагийн долоон хамтлагийн нэгдсэн тоглолт Сувдан театрын тайзнаа амжилттай болов. Тус тоглолтод манай 80 гаруй уран бүтээлч оролцсон бөгөөд Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам ерөнхий найруулагчаар нь ажиллажээ. Түүний санаачлан, зохион байгуулсан тоглолтод “Алтайн оргил”, “Алтан ураг”, “Арга билэг”, “Жонон”, “Домог”, “Тэнгэр аялгуу”, “Хөсөгтөн” хамтлаг, есөн уран нугараач, гурван уртын дуучин, Улаанбаатар чуулгын бүжигчид оролцон уран бүтээлээ толилуулав.
Энэ долоон хамтлагийн нэгдсэн тоглолт өнгөрсөн хоёрдугаар сард Улаанбаатар хотноо болж байсан. Д.Сосорбарам гавьяатын санаачилгаар эхлүүлсэн Монголын язгуур урлагийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчлах төслийн нэг хэсэг энэ удаа Сувдан театрт болж өнгөрлөө. 2012 онд таван хамтлагийн тоглолтыг анх зохион байгуулсан бол ирэх жилийн цагаан сараар илүү олон хамтлагийг хамруулсан нэгдсэн тоглолт хийхээр төлөвлөжээ.
Дашрамд сонирхуулахад, Сувдан театр нь зургаан жилийн бүтээн байгуулалтаар босч 2007 оны 12 дугаар сард хөшгөө нээсэн түүхтэй. Хэдхэн хоногийн дараа тус театрт Сан Диегогийн симфони оркестрын тоглолт болох бол 12 дугаар сард Маринскийн театрын домогт Валерий Георгиев өөрийн оркестртой ирж уран бүтээлээ толилуулах аж.