Нэгэн цагт өөрөөсөө үе мултарсан залуутай дэр нэгтгэсэн хэмээн багагүй шүүмжлэлд өртсөн жүжигчин бол Дэми Мур. 50 гаруй кинонд сэтгэл татам дүрээ мөнхөлж, энэ цагийн хамгийн шилдэг жүжигчний тоонд багтсаар байгаа мөнхийн залуу Деми Мурын “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргье.
-Хүний наймааны золиос болж буй мянга мянган хүүхдүүдийн төлөө ажиллаж, зүрх сэтгэлээ худалдсан жүжигчин Деми Мур яагаад энэ талаар ингэтлээ их санаа тавих болов?
-Эмэгтэй хүн ухаан орсоноосоо хойш эрчүүдийн барлаг хийж, тэдний төлөө амьдардаг атал байнга хүний наймааны золиос болдог. Харамсалтай нь эр хүн эмэгтэй хүнийг цаг наргүй ажилладаг машинаар төсөөлж байгаа нь гутамшигтай. Одоо хүртэл Ази гэлтгүй европын зарим орнуудад бага насны охид бэлгийн мөлжлөг, хүний наймааны золиос болж, бяцхан биедээ байхааргүй зовлонг мэдэрч байгаад сэтгэл минь их өвддөг. Холливуудын кино найруулагч нар энэ талаар сэтгэл сэрдийлгэсэн уран бүтээл хийж байгаа ч үр дүнгээ хараахан өгч чадахгүй байна. Би өөрийнхөө нэр хүндийг бага ч гэсэн ашиглаж, нийгэмд цочроо өгөхийг оролдлоо.
-Миний санахаар хуучин нөхөр Качертай иймэрхүү төслийн олон ажил хийж байсан санагдаж байна?
-Өө өнгөрсөн асуудал. Тэр замаасаа буцсан. Харин би цаг шиг л хөдөлмөрлөж, ганц ч гэсэн хүүхдийг аврахаар ажиллаж байна.
-Та сүүлийн үед Качерийг буцаж ирж нийлэхийг хүсч байгаагаа нэлээн олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр ярьж байхыг сонслоо. Качер ямар нэгэн байдлаар хариу өгсөн үү?
-Үнэндээ яг юу хүсч гэрлэснийг би сайн мэдэхгүй. Гэхдээ тухайн үед бид хоёрыг гэрлэнэ гэхэд хүмүүс сайнаар яриахгүй байсан санагдана. Зөвхөн яриад зогсохгүй тэд бичиж, дооглож байсан. Олон нийтийн анхаарал татсан явдал болсон шиг байгаа юм. Тэгээд бүр удаан хугацааны турш олны хэл ам огт тасраагүй амьдарсаар л байсан. Найзууд минь “Деми сонсч байна уу, Качер тэр модельтой бүжиглэсэн, хоолонд орсон, хамтдаа хоносон, зугаалж байна” гэж үргэлж хэлдэг байлаа. Би түүнд маш их итгэдэг байсан болохоор, амаа тас зуугаад, нөхрийгөө горьдлогын нүдээр хараад л гэртээ сууж байдаг байлаа ш дээ. Орой 12 цаг болоход найзууд минь үнэн хэлсэн бол яанаа гэж айдаг байсан. Тэрнээс минь үнэртэй ус биш архи үнэртэж байвал би түүнийг уучлах болно гэж боддог байснаа нуухгүй. Найман жилийн амьдралынхаа сүүлийн гурван жилд нь ингэж амьдарсан. Нэг л өглөө салах шийдвэр гаргаагүй юм шүү. Удаан бодож, нухацтай тунгаасан. Сүүлийн үед Качерт буцаад нийлэх санал 2, 3 удаа тавьсан. Харамсалтай нь хариу ирээгүй л байна.
-Яагаад гэнэт нийлэхийг ингэтлээ хүсээд байгаа юм бэ. Эмэгтэй хүний үнэ цэнээ бага багаар алдаад байгаа юм биш үү?
-Эмэгтэй хүний үнэ цэнээ. Больж үз. Зүрхээ би хайраар дүүргэж л байвал эмэгтэй хүний бахархалаа орхиж чадна.
-Түүхийг сөхвөл. Та хоёрыг хуримаа хийнэ гэхэд элэглэн шоолж байгаа хүмүүс амаа барьцгаахыг харсан Качер “амаа сайн хааж бай, бид хоёр та нарыг цусаар уйлтал чинь хамт амьдрах болно” гэж хэлж байсан. Тэр амласандаа яагаад хүрээгүй юм бол?
-Анх би 19 настайдаа анхныхаа дүрийг бүтээж байлаа. Тэр үед залуус толгойг минь эргүүлж, өдөх асуудал их байж дээ. Гэрийн минь гадаа хонож, намайг юу өмсөж унтдагийг минь харахыг тулд оройжингоо суудаг байсан залуусыг санаж байна. Сүнс кинонд тоглоод, нэр алдарын оргил дунд хөвөж байхад Холливуудын найруулагч нар кинондоо тоглуулахын тулд гэрийн минь үүдэнд сууж байсныг тодоос тод санаж байна. Харин амьдралд минь ямар ч урилга зарлагагүй ирсэн Качер гэх зочноос болж, анх удаагаа би хүмүүсийн хараалыг идэж, тэдний хувьд үзээрийн муухай шулам болж хувирсан. Эмэгтэйчүүд гэдэг чинь сахиусан тэнгэр байхын оронд нэг ч удаа хортой алим гартаа барьсан шулам болохыг хүсдэг л юм байна ш дээ. Тийм учраас түүнийгээ хайрлахаас өөр аргагүй юм. Түүний амласандаа хүрээгүй нэг шалтгаан бол “Нас минь өдрөөс өдөрт үрчлээ нэмж байгаа учир Качер намайг орхисон” байх.
-За үгүй дээ. Та хэлэхийн аргагүй гоо үзэсгэлэнтэй харагдаж байна шүү дээ?
-Би өглөө болгон таны хараагүй өө сэвийг толиндоо хардаг.
-Шоу бизнесийн ертөнцөд гэр бүлийн харилцаагаа тогтвортой байлгах хэцүү гэдэг ортой боллоо. Сүүлийн үед хосууд шинээр төрөөд л, салаад л, буцаад нийлэх бол энгийн үзэгдэл болжээ. Энэ шалтгаанаас болоод оддын нэр хүнд их унаж байна. Таны бодлоор тогтвортой амьдрал гэж юу юм бэ?
-Миний бодлоор харилцаагаа нэгдүгээрт тавих нь хамгийн их ач холбогдолтой. Ажилдаа амжилт гаргахын зэрэгцээ гэр бүлдээ ч халамж анхаарал тавина гэдэг амаргүй л дээ. Харин хоёр биенээсээ хол байдаггүй нь л өнөөдрийг хүртэл хамтдаа аз жаргалтай амьдрахад тус болдог болов уу. Таны хэлдгээр одод гээд байгаа тэр хэсэг бүлэг хүмүүсийн нэр алдраа өсгөхийг хүсэх бас нэг хэрэгсэл нь “салалт” болоод байгаа юм. Тэдний бодлоор салж, нийлж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн нийтэд ил болгох ёстой гэсэн мухар сүсэгтэй болсон хэрэг. Ганц кино, сэтгүүлийн нүүрэн дээр гарчихаад өөрийгөө Холливуудад орсон гэж бодож байгаа хүмүүст та нарын энэ тэнэглэл нэг л өдөр “хий” байсныг мэдэх ямар аймаар байдгийг одоо тунгааж, зөв амьдрах хэрэгтэй. Тэгэхгүй бол миний насан дээр ирээд өөрөөсөө дүү хүнийг дахин нийлээч гэж зогсч байх гутамшиг биз дээ.
-Хатуу бөгөөд үнэн үг хэллээ. Таныг харахаар хэлэх магтаалын үг олдохгүй юм. Качераас сайхан залуу олдохгүй байна гэж байхгүй дээ?
-Гайхалтай роматик залуу. Тэр романтик гэхээсээ илүүтэй гэр амьтай, зоогийн газар биш гэртээ оройн хоол идэхийг илүүд үздэг нэгэн байсан. Хэрэв та манай гэрт бид хоёрыг амьдарч байхад очсон бол хайрын үгтэй зурвас хаа сайгүй үлдээсэн байхыг олж харах байлаа. Салсныхаа дараа тэр бүх зурвасыг гэрээсээ гаргах гэж нэлээдгүй хугацааг өнгөрүүлсэн шүү.
-Таны санаанд хамгийн тод үлдсэн зурваст юу гэж бичсэн байдаг вэ?
-Өглөө сэрээд харсан чинь нэг ягаан сарнайтай зүрхэн хэлбэртэй зурвас байсан. Нээгээд харсан чинь “Чи мэдэх үү, чиний уруул яг энэ сарнай шиг ягаан гэдгийг. Чи мэдэх үү, чиний минь нүд энэ ягаан сарнайгаас гоё өнгөтэй гэдгийг мэдэх үү” гэж бичсэн байсан. Боссоныхоо дараа нээрэн ийм гоё өнгөтэй юм байхдаа гээд хэсэг толиныхоо өмнө эргэлдсэнээ санаж байна.
-Үнэхээр тод санаж байгаа бололтой, тэр зурвас доторх үгсийг?
-Мэдээж хэрэг. Амьдралдаа авч байсан хамгийн сайхан бэлэг байсан учраас.
-За хоёулаа өнгөрсөний тухай арай их хуучиллаа. Одоо хүний наймааны талаар яриагаа эхлэх үү?
-Хүний наймааны эсрэг нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, тэр ч байтугай “Жинхэнэ эр хүн охидыг худалдан авдаггүй” гэсэн компанит ажил зохион байгуулж байгаа. Гэхдээ бид энэ ажлаа эхлүүлснээс хойш иргэдийн олонх нь бодит байдлын талаарх мэдлэг мэдээлэл, ойлголттой болсныг анзаарсан шүү. Харамсалтай нь хүн төрөлхтөнд тулгараад буй энэ асуудалд хүмүүс тэр бүр ач холбогдол өгөхгүй юм. Магадгүй шийдэх гарцыг нь олчихвол хүмүүс дорвитой алхам хийж эхлэх байх. Тиймээс энэ асуудлыг шийдэх хэд хэдэн арга боловсруулан хүн бүр жаахан хүч гаргавал хүний наймаа гэгч аймшигтай зүйлтэй дорвитой тэмцэж чадах юм байна гэдгийг ойлгосон. Нэгдүгээрт, энэ ажилд хүн бүр бага хэмжээний мөнгө хандивлах. Хоёрдугаарт, нисэх буудлын аюулгүй байдлын талаарх хууль, дүрэм боловсруулах хэрэгтэй байгаа юм.
-Харамсалтай нь манай улсад 4-5 муж л хүний наймааг ноцтой гэмт хэрэг гэж үздэг юм билээ?
-Хуульд байдаг бас нэг цоорхой бол насны ангилал тогтоосон явдал. Хэрэв хүний наймааны гэмт хэрэгт холбогдсон нэг залуу шүүхийн танхимд дуудагдвал “Өө би түүнийг насанд хүрээгүй гэж мэдээгүй юм” гэж хэлээд л ялаа хөнгөрүүлэх, цаашилбал мултрах жишээтэй. Бас хэрэгтнүүд зохих ял шийтгэлээ хүлээхгүй байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг улам даамжруулж байна гэсэн үг.
-Гэхдээ хохирогч бүсгүйчүүдээс мэдүүлэг авдаг биз дээ?
-Хэрэгтнүүд тун сайн жүжигчин байдаг юм шүү. Би танд нэг жишээ хэлье л дээ. Миний танил нэг охиныг 11 настай байхад нь хулгайлсан байдаг. Гэмт хэрэгтэн түүнийг “McDonald’s” болон их дэлгүүрээр удаан хугацаанд дагуулж явсан гэсэн. Төөрүүлэхийн тулд тэгж явсан хэрэг. Эцэст нь түүнд өдөр бүр 1500 ам. доллар өгч байна хэмээн хуурч, Лас Вегас руу дагуулж явж худалдаалдаг байсныг сонсоод л бага насны охидын эрхийг хамгаалахыг хүссэн юм.
Б.Дэлгэрцэцэг