Дэлхийн толгой баячуудын нэг, барилгын магнат Дональд Трамп сүүлийн үед хэл ам ихтэй, өр зээлийн асуудалд ороод байгаа. Үүний тухай татвараас зайлсхийсэн, иргэд, зээлдэгч болон ажилчдаасаа хууль бусаар мөнгө татаж байсан шуугиан хэвлэлээр одоо ч намжаагүй байгаа. Дональд Трамп цаг үеийн асуудлаар болон сүүлийн үед саятнууд юу ярьж байгаа талаар “Huffingtonpost” сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Дональд та бол дэлхийн толгой баячуудын нэг. Сүүлийн үед таны нэр хүндэд халдсан, худал үнэн нь мэдэгдэхгүй олон яриа гарсаар байгаа. Та энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлж бидний ярилцлагыг эхлүүлэхгүй юу?
-Аливаа бизнесмэн хүн өөрийн эрсдэлийг урьдаас тооцоолсон байх нь алтан дүрэм. Би одоо болоод байгаа хэрүүл, миний талаархи янз бүрийн гүжирдлэг зэргийг хүлээн авсаар байгаа. Нийгэмд миний тухай сэдэв болон хийсч байгаа зүйлд худал ч зүйл бий, үнэн ч зүйл бий. Энэ асуудал биш. Удахгүй цэгцэрнэ.
-Өөрөөр хэлбэл удахгүй тодорхой болж, хэн нь худал, хэн нь үнэн хэлж байгаа нь ойлгомжтой болох нь?
-Яг тийм.
-Таны санхүүгийн өсөлт зогссон гэдгийг дэлхий нийт гадарлаж байгаа байх. Гэхдээ бизнесийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа цагт санхүүгийн өсөлт, хувийн ашиг орлого зогсоно гэж байхгүй биз дээ?
-Мэдээж миний хувийн ажил, хувийн гэсэн ашиг сонирхолд ямар ч зөрчил байхгүй. Харин хүмүүсийн, миний ажилчдын, хувьцаа нийлүүлэгчдийн хөрөнгө оруулалт хийсэн гэх мэт ганц хоёр салбар улсын эдийн засгийн удаашралтай холбоотой бага зэрэг буурсан нь үнэн. Яагаад гэвэл улстай уялдаа холбоо сайн байдаг бизнесийн салбар төрөөс шалтгаалж ажил хэрэг нь хэлбэлздэг нь бизнесийн хууль.
-Сүүлийн жилүүдэд дэлхийн баячууд хөрөнгөө нуун дарагдуулах, ер нь “саятан” гэх тодотголоосоо бүр мөсөн холдох хүсэлтэй болсон гэсэн. Энэ үнэн үү. Таны хүрээлэн буй найз нөхөд энэ талаар ямар яриа өрнүүлж байх юм?
-Үнэндээ энэ бүхэн АНУ-ын долларын ханштай холбоотой л доо. Долларын ханш буурах тусам бид дагаад л мөнгөө алдаж байна гэж ойлгож болох нь. Гэхдээ бүгдийг нь биш л дээ. Ямартай ч ам.долларын уналт, өсөлтөөс болон бидний насаараа хөдөлмөрлөж байж олсон хөрөнгө дагаж хямарч байдаг гэхэд буруудахгүй. Жишээ нь, ам.долларын ханш буурах бүрт бид дагаад өөрсдийн ашиг орлогыг алдангид оруулахгүйн тулд үнэ ханшаа өсгөөд байдаггүй. Тиймээс л энэ бизнесийн салбар гэдэг чинь өөрөө маш эрсдэлтэй бас ухаалаг байх ёстой гэдгийг харуулаад байгаа юм.
-Харин олсон ашиг орлого, хэрэглээний талаар?
-Хэрэглээний талаар хүн бүр л өөр, өөр ойлголттой байдаг шүү дээ. Энэ нь хүн бүрийн өөрсдийнх нь хүсэл мөрөөдлөөс бага ч гэлтгүй шалтгаалдаг. Миний хувьд хэрэглээ өндөр хүн. Өмнө нь би багахан хэмжээний хөрөнгөө хэд нугалж ашиг олох үед надад нэг зүйл толгойд орж ирсэн юм. Хүний хүсэл мөрөөдөл бол дуусашгүй. Харин боломж бололцоо юу билээ гэдгийг сайн тунгаах хэрэгтэй. Боломж бололцоо нь өсөн дэвжиж, хүний хэрэгцээ тулж ирэхийн цагт дахиад л өөр зүйл хүсэн мөрөөдөж, түүнийхээ төлөө шинэ тэмцэл эхлүүлдэг байх. Хүсэл мөрөөдлөө томоор төсөөлөх хэрэгтэй. Мэдээж хүсэл мөрөөдлөөс болж өөрийн бүхэнд сэтгэл нь ханачихдаг тохиодол бий. Тэр нь тухайн хүний мөрөөдлийн эцсийн зогсоол. Би хэрэглээ өндөр. Хэрэглээгээ ч өндөр болгох болно. Учир нь бид бүхэн бүгдээрээ хэрэглээ, мөрөөдөл дунд тоглолт хийж байна шүү дээ. Энэ тоглолт, энэ мөрөөдөл хэний ч биш, чинийх л байх учиртай. Нэг ийм бодол байдаг юм.
-Авсан бол өгдөг байгалийн хуультай гэдэг. Таны энэ оргилд хүрч чадсан нь өгч чаддаг хүний бас нэг сайн чанар гэж ойлгодог юм?
-Баярлалаа. Энэ л ойлголт, энэ л бодол бизнесмэнүүдийг хооронд нь ялгаж байдаг байх. Олсон бүхэн эргээд алга болдог шиг ашиг орлого маань зарлага болон эргэдэх нь бизнесийн гол зарчим.
-Таны охин Иванкагийн хувьд сүүлийн үед их үрэлгэн байгаа гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн. Та охиноо эрхлүүлсээр байх уу. Ер нь түүний санхүүг хянадаг уу?
-Бусад эцэг эхчүүдийн адил тэгэх л байх даа. Гэхдээ Иванка маань маш ухаалаг нэгэн. Түүний юу бодож, юу хүсэж мөрөөддөг нь намайг баярлуулдаг шүү. Нас өндөр болж эхэлсэндээ ч юм уу, ач зээгийн талаар түүнтэй хааяа ярилцахаар тоглоом шоглоом болгочихдог сэргэлэн нэгэн. Хөрөнгө хувааж өгсөнөөс хойш тэр маань маш амжилттай өөрийн бизнесийн авч яваа. Энэ бизнес ухаан л түүнийг хол явуулах ёстой. Энэ талаар ярих бүрт Иванка инээмсэглэн “Аав, би одоо жаахан охин биш шүү дээ. Таныг сайн ойлгож байгаа” гэдэг.
-Ер нь таны дуртай өнгийг хүмүүс мэддэггүй. Та ямар өнгөнд дуртай вэ?
-Хүрэн бор.
-Яагаад?
-Өнгө бүхэн хүнийг тодорхойлдог гэдэг. Би бага байхын л хүрэн бор өнгөнд дуралчихсан жаал байлаа. Өнгийн харандаа байхгүй байхад хүрэн бор өнгөтэй бүхэн таалагдаж байв. Нэг тийм далд хүч мэдрүүлдэг гэх үү дээ. Манай найзууд ч гэсэн гайхаад байдаг юм.
-Таны бодлоор АНУ-ын эдийн засгийн бодлого ямар байвал таны болон улсын эрх ашигт нийцэж эдийн засгийн таатай орчин бий болох бол?
-Иргэд нь санхүүгийн эх үүсвэртэй улс орны эдийн засаг хамгийн хүчирхэг байдаг. Иргэд баян байхын тулд сайн ажилтай байх ёстой. Сайн ажлаар Засгийн газар, мужийн захиргаа хангах ёстой. Аль аль талаасаа л хүчирхэг санхүүгийн орчинг бий болгох байх л даа. Улс хөгжих гол эх үүсвэр бол ажилчин анги өндөр цалинтай бас амьдралын баталгаатай байх явдал. Ийм л бодлого явуулж чадах юм бол АНУ-ын эдийн засаг дахин хүчирхэг болохгүй гэхийн баталгаа үгүй.
Б.Баатар