мэдэхгүй эргэлзэж зогстол оройноос хойш чимээгүйхэн суусан Ундрах гэнэтхэн ам нээж “Гайгүй байлгүй дээ. Би Сарааг хүргээд өгчихнө” хэмээн шулуухан хэлэв. Ангийнхан нь гайхаж эргэлзэж байгаа нь илт. Харин Балт л “За, ангийнхаа хамгийн холоос ирсэн, хамгийн том дарга бүсгүйг уг нь өөрсдөө л хүргэж өгөх байсан юм. Сараа чи өөрөө мэд” хэмээн нэг их том асуудал шийдэх гэж байгаа хүний дүр гаргав. Сараа инээмсэглэж, “За сүртэй гэдэг нь. Ямар танихгүй хүн дагаж явах гэж байгаа биш. Би Ундрахаар хүргүүлчихье. Тэгээд ч мотоцикль сонин байна” хэмээн хэлж байж тэдний анхаарлыг өөрөөсөө холдууллаа. Ундрах түүнээс “Хаашаа явах вэ” гэж ч асуусангүй. Шууд л мотоциклио асаагаад хөдөллөө. Сараа юу ч хэлж амжсангүй. Ундрах шууд давхисаар Дэлгэрмөрний эрэгт ирлээ. Тэнгэрийн хаяа захаасаа сэмэрч, одод бүдгэрэн хариугүй үүр цайх гэж байгаа нь илт. Дэлгэрмөрний тунгалаг ус цалгилан долгиолж, од алгадан тоглож байх шиг үзэмжтэй харагдана. Ундрах “Яасан. Хулгайлчихлаа гэж айсан уу?” хэмээн инээснээ “Холоос ирсэн хүн Дэлгэрмөрөнгөө сайн харж аваг гэж бодсон юм” хэмээн гэмээн цайруулах мэт дуугаа намсгав. Бүдэг бадагхан гэгээ улам бүр цайрсаар, зуны богинохон шөнийг хуу татаж, үүр цайлаа. Хаа нэгтээ хөхөө донгодож, тунгалаг цэнхэрхэн усны чимээг аргадах мэт шаргал ангир чимээгүйхэн хөвж харагдана. Шаргал туяа татуулан хөх ус эргээ даган урсаж, нам гүмхэн шинэ өглөөг усны хоржигнох чимээ л чимж байлаа. Сараа Дэлгэрмөрний эрэг дээр үүр цайхыг үнэндээ харж байсангүй. Ундрах чимээгүй сууж байснаа “Чамайг хэзээ нэгэн цагт хүрээд л ирнэ гэж мөн ч их хүлээсэн дээ” хэмээн дахиад л дуугаа намсгав. Сараа гайхаж “Чи л өөрөө сураггүй алга болчихсон шүү дээ” гэхэд Ундрах “Би биш, чи л алга болсон шүү дээ. Харин би үргэлж чиний дэргэд байсан” гэснээ инээмсэглэв.
-Чи нээрээ хаачсан юм гэхэд Ундрах нэг их санаа алдсанаа
-Ард чинь л явж байсан. Өглөө гэрээсээ гарахад чинь дагана, хичээл тарахад ч бас л хамт гэрийн чинь үүдэнд ирдэг байсан
-Хачин юм яриад л… Би чамайг хайгаад олдоггүй л байсан.
-Чи яаж олох вэ дээ. Төмрөөтэй уулзаж байхад чинь ч би хажууд чинь л хараад зогсож байсан.
-Хүүе. Тэр чинь манай Цэнгэлд хайртай байсан юм. Би зуучилагч хийдэг байлаа. Одоо тэр хоёр хоёр хүүхэдтэй сайхан амьдарч байгааг чи мэдэж байгаа биз дээ.
-Хм
-Ундрахаа чи надад итгэхгүй байгаа юм уу?
-Би чамд хайртай байсан. Үүнийг чи мэддэг байсан уу?
-Би ч чамд дасчихсан байсан. Нэг л мэдэхэд чи өөрөө л алга болчихсон шүү дээ.
-Танай ангийн хөвгүүд бүгдээрээ л мэддэг байсан. Тэгээд л өнөөдөр намайг дуудсан юм. Чамайг ирсэн байна. Ирж уулзаач гэж хэлсэн юм гэхэд Сараад хэлэх үг олдсонгүй. Чимээгүйхэн сууж байснаа “Яагаад тэд надад хэлээгүй юм бол”гэхэд Ундрах инээмсэглэснээ “Эр хүний нууц” хэмээн тун додигор хэлэв. Сараад нэг л гомдолтой санагдаад болдоггүй.
-Би ч гэсэн чамд хайртай л байсан шүү дээ гэхэд Ундрах “Тийм гэж үү” гэхээс өөр юм хэлсэнгүй, нэг их санаа алдав. “Эр хүний нууц” энэ үг л Сарааг хатгаад байлаа. Сараа хэсэг чимээгүй сууснаа
-Хүүхэд насаа гэж… Хэтэрхий гэнэн томоогүй байж дээ. 15 жил өнгөрчихсөн байна шүү дээ. Чи эртхэн хань ижилтэй болооч дээ гэвэл Ундрах “Чамайг л хүлээгээд…” гээд бас л таг болчихлоо.
-Битгий тэнэгтээд бай. Би аль эрт нөхөр хүүхэдтэй болсон гэж хэлэхдээ Сараа хачин их сандарч байлаа.
-Зүгээр л хайртай байснаа хэлчихвэл дотор онгойж, сэтгэл амрах гээд байсан юм. Чи минь сайн сайхан амьдарч байгаа хойно надад гуниж гутрах юм байхав гэснээ Ундрах үнэхээр л санаа нь амарсан бололтой нэг их уужуухан амьсгаа авав. Тэгснээ “Нэг бүсгүй байгаа хө. Их сайн хүүхэн. Тэнэг намайг хүлээгээд л ганцаараа яваад байх шиг санагддаг юм. Өнөөдөр уулзанаа. Ханилья гэж гуйнаа гэснээ явахаар босов.
Ундрах Сарааг зочид буудлынх нь үүдэнд буулгаж өгөөд буцлаа. Сараагийн чихнээс нөгөө л “Эр хүний нууц” гэсэн үг сонсогдоод салдаггүй. Он цагийн урт шалгуурт итгэл сэтгэлээ гээгээгүй эр хүний гэнэн, цагаахан үгэнд түүний сэтгэл хаврын ногоо шиг л нялхарч хоцорсныг тэр сая л анзаарав.