Компьютер ширтэн, хамаг анхаарал тань дэлгэц рүү уусаад орчихсон мэт үед та хэрхэн амьсгалж байгаагаа мэдэрдэг үү. Үгүй байх гэж тааж байна. Үнэндээ бидний 80 орчим хувь нь компьютер дээр ажиллаж байхдаа, ялангуяа текст шивж байхдаа амьсгалаа хянахаа больж, буруу амьсгалдаг гэнэ. Бидний хамаг анхаарал ажилдаа төвлөрсөн байдаг тул зарим үед амьсгалаа түгжих, хэвийн бус амьсгалах нь түгээмэл тохиолддог. Бид үүнийг анзаардаггүй ч олон цагаа сууж ажилласны дараа толгой эргэх, бие тавгүйрхэх гэх мэтийн шинж тэмдэг танд илэрдэг биз дээ. Энэ бол буруу амьсгалсны үр дүн юм.
Ийм байдлаар байнга ажиллаад байвал эрүүл мэндэд багагүй сөрөг нөлөө учруулдаг гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Хэрэв та анзаардаг бол илүүдэл жинтэй хүмүүсийн дунд унтах үедээ амьсгал нь үе үе тасалдаж, тэгснээ гэнэт хүчтэй амьсгаа авдаг өвчин байдаг. Компьютер дээр ажиллахдаа амьсгалаа хянахгүй байх нь яг ийм өвчлөлд ч хүргэж болзошгүй гэнэ. Ийм өвчний үед амархан ядардаг, өглөө сэрэхдээ хоолой нь хатаж хуурайшсан байдаг, ой тогтоолт муудаж, төвлөрөхөд хэцүү байдаг, толгой өвддөг, бие загатнадаг, уурлаж бухимддаг зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс хэрэв та компьютер дээр олон цагаар ажилладаг бол энэ бүх шинж тэмдгийг өөртөө байна уу үгүй юу гэдгийг эргэцүүлэн бодоод, ажиллах үедээ аль болох зөв амьсгалахыг хичээж байгаарай.
Б.Сэвжидмаа