Сүүлийн үед тахианы махны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор Америк, Хятад, Орос, Солонгосоос тахианы мах импортоор орж ирэх нь жилээс жилд нэмэгдсээр байгаа билээ. Энэ хэрээр тахианы махгүй ресторан, тахианы мах иддэггүй айл гэж байхгүй болсон.
Харин тахианы махтай холбоотой өвчлөлүүд чих дэлсэж байгаа нь хэрэглэгч биднийг худалдан авахаас татгалзахад хүргэж байгаа. Хэзээ, хаана үйлдвэрлэсэн гарал үүсэл нь тодорхойгүй, зориулалтын тээвэрлэлт, стандартын шаардлага ханган хилээр орж ирж эцсийн хэрэглэгчдэд хүрч байгаа нь тодорхойгүй тахианы мах зах, дэлгүүрүүдээр зарагдсаар байна.
Малын махыг 1, 2, 3-р зэрэглэл гэж ангилдаг шиг мах гэдэг утгаараа тахианы маханд ангилал байх ёстой байх. Гэтэл галууны гуя шиг том том тахианы гуяны гарал үүслийг асуухад тодорхойгүй хариултыг өгдөг.
Хөлдөөгчгүй контейнероор, өөрөөр хэлбэл, урд нь ямар ч бараа ачиж байсан нь тодорхойгүй зориулалтын бус тээвэрлэлтээр өвөл тахианы махыг импортлон оруулж ирдэг нь сэрэмжилмээр санагдана.
Учир нь тогтмол -18С-аас дээш хөргүүрийн зориулалттай контейнерт ачиж ирэх ёстой тахианы мах ердийн контейнерт ачигдаж ирэхдээ гадны температураас хамааран хадгалалтын горим зөрчигдөж байна. Энэ байдлыг зогсоож, монголчуудынхаа эрүүл мэндэд анхаарах цаг болжээ.