Монголын мото спортын тамирчид хоёр дахь удаагаа “Дакар Ралли” тэмцээнд оролцохоор болжээ. Өнгөрсөн оны тэмцээнд манай улсаас ОУХМ Н.Лхамаа, Д.Болдбаатар нар оролцож байсан юм. Тэмцээний талаар ОУХМ Н.Лхамаагаас тодрууллаа.
-“Дакар Ралли-2014”-т хэдэн хүний бүрэлдэхүүнтэй оролцох гэж байна вэ?
-Тэмцээнийг 35 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ жилийн уралдаанд манай улсаас Д.Болдбаатар, Т.Батболд болон миний бие оролцохоор болсон. “Дакар Ралли” энэ жил Аргентин, Болив, Чили Улсыг дамжин явагдана.
Хоёр долоо хоногийн хугацаанд 8700 км туулах юм билээ. “Дакар Ралли” тэмцээн мотоцикл, дөрвөн дугуйт, автомашин, ачааны машин гэсэн төрлөөр болно.
-Мото спортын олимп гэгддэг энэхүү тэмцээнд оролцох эрхээ хэрхэн авсан бэ?
-Манай улсад зохион байгуулж буй “SSER” тэмцээн нь олон улсын дүрэм, стандартаар явагддаг. Тиймээс энэ тэмцээнд амжилт гаргасан тамирчдад “Дакар Ралли”-д оролцох эрх өгсөн.
-Тэмцээнд оролцох тамирчдын зардал, хөрөнгө мөнгийг яаж шийдэж байгаа бол?
-Д.Болдбаатарыг “Зиг заг” компани ивээн тэтгэж оролцож байгаа. Т.Батболдыг “Алтай констракшн” ХХК ивээн тэтгэнэ. Харин миний хувьд найз нөхөд, хамтарч ажилладаг компаниудаасаа туслалцаа авсан.
-Дакарт өмнө нь оролцсон туршлагатай тамирчны хувьд энэ жилийн уралдааныхаа төлөвлөгөөг эртнээс боловсруулж байгаа байх?
-Өнгөрсөн жил уралдахдаа би мотоцикл түрээсэлсэн. Ер нь Дакарт оролцох гэж байгаа бол түрээслэгч, түрээслүүлэгчийн хооронд маш сайн гэрээ хийх ёстой гэдгийг ойлгосон.
Тэр үед анх удаа түрээсийн мотоцикл унасан. Тэгээд аюулгүй байдлаа хангаад тэмцээнийг орхисон доо. Энэ жилийн уралдаанд түрээсийн мотоцикл унахгүй, шинийг авсан. Хуучин мотоциклоор яваад хаширсан шүү.
-Манай мото спортын тамирчдыг гадаадад хэрхэн үнэлж дүгнэдэг юм бол?
-Манай тамирчид олон улсад өрсөлдөх чадвар сайтай. Хамгийн гол бааз нь бүрдээгүй байна. Бидэнд мэргэжлийн дасгалжуулагч хэрэгтэй. Түүнээс биш тамирчид гологдохгүй.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: