ЭХЭМҮТ нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эх, хүүхдийн цорын ганц эмнэлэг. Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан тус төвд ханиад, томуугаар өвдсөн хүүхэд олноор ирж байгаа аж. Энэ тухай тус төвийн Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Г.Амартай ярилцлаа.
-Ойрын өдрүүдэд хүүхдийн өвчлөл хэр байна вэ?
-Манай эмнэлэгт ирж байгаа хүүхдүүдийн хувьд өнгөрсөн долоо хоногийн байдлаар амьсгалын замын өвчлөл, суулгалт их байна. Ханиад, хатгаа, бөөлжиж суулгах, халуурах зэрэг зовиуртай ирж байгаа хүүхдийн тоо есдүгээр сараас хойш нэмэгдсэн. Улирлын чанартай өвчлөл ерөнхийдөө ихэсч байгаа. Мөн даралтны эм, янз бүрийн сиропон эмнүүдийн амтанд нь болоод их хэмжээгээр уух, хулганы хор болон химийн гаралтай угаалгын шингэн зэргийг ууж хордож ирдэг. Хүйтний улиралтай холбоотойгоор угаарын хийн хордлого ихсэх хандлагатай байна.
-Хүүхдүүд өвчлөлд өртөх гол шалтгаан нь юу байна вэ. Магадгүй эцэг эхчүүдийн анхаарал сул байгаатай холбоотой байх?
-Хүүхдийн өвчлөл ихэсч байгаа гол шалтгаан бол утаа. Хүйтрэхээр ханиад ихсэх хандлгатай байдаг нь вирус хүйтэнд идэвхждэгтэй холбоотой. Эмийн хордлогоор ирж байгаа хүүхдүүдийн хувьд эцэг, эх асран хамгаалагчийн хариуцлагагүй байдалтай шууд холбоотой.
Ядаж л уусан эм, угаалгын шингэн, жом, хулганы хор зэргийг хүүхэд хүрэхгүй газар байрлуулж хэвших, энэ асуудалд анхаарал болгоомжтой хандах хэрэгтэйг харуулж байна.
-Танайд ямар зовиуртай хүүхдүүд голчлон ирж байна?
-Ханиад үүсгэгч вирусээсээ хамаараад илэрч байгаа шинж тэмдэг нь харилцан адилгүй. Тухайлбал, хүүхэд ханиах, хамраас нь нус гоожих, хоолой нь өвдөх, чихээр нь хатгах, халуурах, гүйлгэх, бөөлжих зэрэг шинж тэмдэг голчлон илэрдэг. Өөрөөр хэлбэл амьсгалын замын болон ходоод гэдэсний хямралтай байдаг. Ходоод гэдэсний замын хямралыг өрх, дүүргийн эмнэлгүүд мэс засал гэж андуурч оношлоод нааш нь явуулах тохиолдол бас гарч байна. Яагаад гэхээр олгойн шинж тэмдэг мөн бөөлжиж гүйлгэдэгтэй холбоотой байх.
-Тасгийн ачаалал хэр байна. Ханиадтай холбоотойгоор ачаалал нэмэгдэж байна уу?
-Ачаалал гэдгийг манайхан буруугаар ойлгоод байна. 40 ортой эмнэлэгт 50 хүүхэд хэвтэж байгааг ачаалалтай гэж хэлнэ. Манайд одоогоор тийм зүйл алга. Гэвч эцэг, эхчүүд хүүхэд нь өвдчихсөн, яарч сандарч орж ирээд шууд үзүүлэх гээд дайрдаг. Гэтэл өмнө нь хүүхдээ үзүүлэх гээд хүлээгээд сууж байгаа эх байгаа гэдгийг ойлгодоггүй. “Та түр хүлээ. Дарааллынхаа дагуу хүүхдээ үзнэ” гэж хэлэхээр ачаалал ихтэй хүүхдүүдээ үзэж дийлэхгүй байна гэдэг яриаг гаргадаг. Хамгийн их ачаалалтай байгаа газар бол дүүргийн эмнэлгүүд байна.
Нэг эмч өдөрт 25 хүн үзэх ёстой. Гэхдээ энэ нь 08.00-16.00 цагт буюу зөвхөн ажлын цагаар. Харин 16.00 цагаас хойш орой болох тусам ачаалал нэмэгддэг. Оройн ээлжинд 80-120 хүүхэд ирэх жишээтэй. Эдгээрээс 10 хүүхдэд нь яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай байдаг. Гэтэл эцэг, эхчүүд дараалал үүсгэж хэл ам хийдэг. Тэгэхээр шөнийн ээлжинд гарч байгаа нэг эмч хаанаа ч хүрэхгүй самгардах тохиолдол гардаг.
-Шөнийн цагаар нэлээд ачаалалтай ажилладаг юм байна. Танай тасаг хүнд өвчтэй хүүхдийг хүлээж авах тусламж үзүүлэх үйлчилгээг давхар үзүүлдэг гэсэн үү?
-Эрүүл мэндийн сайдын 375 дугаар тушаалд бүх эмнэлэгт Яаралтай тусламжийн тасаг байх ёстой гэж заасан. Үүний дагуу манай тасаг байгуулагдаж шинэчлэгдсэн. Өмнө нь хүлээн авах гэдэг байсан. Хүлээх авахын хувьд гаднаас ирсэн хүүхдийг үздэг байсан бол одоо зөвхөн яаралтай тусламжаа ч үзүүлнэ. Хүүхдээ ч хүлээн авна. Нэг үгээр хэлбэл давхар ажил хийдэг болсон гэсэн үг. Гэхдээ манайхан нэг буруу ойлголттой. Тэр нь юу гэхээр аль болохоор дээр шатлалын эмнэлэгт үзүүлэх сонирхолтой. Уг нь дүрэм журмаараа бол эхлээд өрхийн эмнэлэгтээ үзүүлсэний дараа дүүргийн эмэнэлэг бүр нарийн мэргэжлийн эмчилгээ үйлчилгээ авах бол нэгдсэн эмнэлэг болон үндэсний төвд хандах ёстой. Гэтэл тэгдэггүй. Шууд л хүүхдээ аваад хүрээд ирдэг. Энэ байдал нь эргээд эрүүл мэндийн салбарыг ачаалалд оруулдаг сөрөг нөлөөтэй.
-Хүүхдээ аливаа өвчлөлд өртүүлэхгүй байхын тулд эцэг, эхчүүд юуг анхаарах ёстой вэ. Тэр дундаа хүйтний улиралд?
-Нэгдүгээрт, дулаахан хувцаслах хэрэгтэй. Дааруулахгүй байна гэдэг хүйтний улиралд хамгийн чухал. Мөн онц шаардлагагүй бол олон нийтийн газар хүүхдээ дагуулж явахгүй, чанартай, витаминлаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Шингэн зүйл их уулгаж, ханиад хүрсэн үед аньс, чацаргана, халуун аарц сайн уулгаж байх хэрэгтэй. Ер нь ийм үед антибиотик гэхээсээ илүү хүний дархлааг дэмжих хүнсийг хэрэглэх нь чухал. Энэ хэмжээгээр вирус устдаг.
-Эцэг эхчүүд ажилтай байгаад хүүхдээ өвдсөнийг нь мэддэггүй. Ажлаа тараад гэртээ очтол хүүхэд нь өвдчихсөн эмнэлэг хаачихсан байдаг. Тиймээс яах ч аргагүй шатлал алгасдаг. Энэ тохиолдолд яах ёстой вэ?
Энэ тохиолдолд дүүрэг бүрт хүүхдийн түргэний мөн дуудлагад явдаг эмч гэж бий. Мөн дүүргүүдэд хүүхдийн түргэний утас гэж бас бий. Тиймээс эхлээд дүүрэгтээ хандах ёстой. Хүүхэд нь өвдчихсөн сандарсандаа болоод хаана хандахаа мэдэхгүй манайд шууд ирэх явдал их. Тиймээс эцэг, эхчүүдэд хэлэхэд хүүхэд тань өвдсөн тохиолдолд эхлээд хаана хандах ёстой билээ гэдгээ мэддэг байх хэрэгтэй байна.
ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ