Би чам руу л уйлах юм.
Чи миний нулимсийг яг л хөвөн шиг шингээх, эсвэл төөнөн хатаах…
Би чам руу л уйлах юм.
Би чам руу л инээдээ барьж очих юм.
Миний инээд ууттай, үлээсэн гүзээ шиг, амыг нь би барьж хадгалсаар …
Би чам руу очих юм.
Би чам руу л уурлах юм.
Миний уур өөдгүй. Чамайг л олж хардаг. Гэмгүй чи минь л миний ууранд олзлогддог. Өөртөө дургүйцэхэд өмнөөс минь чи гэмших…
Би чам руу л уурлах юм.
Би чам руу зүрхлэх юм.
Чиний бүх юм минийх, үснийг чинь задалж, энгэрийг чинь эзэмших…
Чиний гоо сайханг үрэн таран хийх, би л чамд том зүрхтэй.
Би чам руу зүрхлэх юм.
Би чам руу л тэмүүлнэ.
Би үхэхдээ өлгийтэй хүүхэд шиг чам руу өмөгнөнө. Би мэдэж байна.
Би дэлхий ертөнцөөс хагацахыг чамаар л төсөөлнө.
Би чам руу л тэмүүлнэ.
Чи бол миний амьдрал ба дэлхий минь.
b.batregzedmaa (REGZED)