Шаравын Цэвэлмаа. “Женко” клубын овоглож явсан тэрээр өнөөдөр Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчийн хариуцлагатай нэр хүндтэй албыг хашиж байгаа.
“Женко” клубт харъяалагдаж яваа П.Лхамдэгд, дэлхийн аварга М.Уранцэцэг, Ц.Наранжаргал, А.Цолмон, Г.Саранзаяа гээд түүний шилдэг шавь нарын буухиа цаашид үргэлжилж амжилтаараа жин, жиндээ цойлж яваа.
“Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг дасгалжуулагчаар тодорсон Ш.Цэвэлмаатай хийсэн ярилцлагыг сонирхуулъя.
-2013 он жүдо бөхийн анхны дэлхийн аварга, багш хоёрын амжилтаар бахархсан жил байлаа. “Бөртэ чоно” наадамд шавьтайгаа хамт шилдгийн шилдгээр шалгарах мөч бахархмаар санагдсан?
-Баярлалаа. Шилдгийн шилдэг дасгалжуулагчаар шалгарах мөчид охиныгоо дэлхийн аваргын финалд Японыг ялах мөч байн, байн бодогдож байлаа. Гэхдээ Урнаагийн гаргасан амжилтыг би ганцаараа өмчлөх ёсгүй.
Шигшээ багийн хамт олон, анхны багш, шигшээгийн өмнөх болон одоогийн дасгалжуулагчид, “Женко” клуб, гэр бүл, найз нөхөд гээд олон хүний туслалцаа дэмжлэгээр хүрсэн амжилт. Миний хувьд 2012 онд жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдсон. Анхны дэлхийн аваргад яваад охиноо дэвжээнд авч гараад алтан медаль хүртсэн дээ.
-Шилдэг дасгалжуулагчийн шагнал хүртэхдээ юу бодож байв?
-2016 оны Бразилийн олимпийн талаар л бодож байлаа.
-Мэдээж олимпийн аваргыг төсөөлсөн байх?
– Тэгэлгүй яахав.
-“Женко” клубын анх дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн талаараа яриач та?
-Манай Эрдэнэт-Од гавъяат намайг “Аварга” дээд сургуульд өдөр хичээллэдэг секцэнд дасгалжуулагчаар орох уу гээд санал тавьсан. Тэгээд л тэндээ хүүхдүүдээ клубтээ хүлээж аваад хичээллэж эхэлсэн. Гэхдээ өөрөө тамирын сургууль учраас клуб хичээллэх шаардлагагүй болоод би гарсан л даа. Хүүхдүүд маань намайг дагаж явна гээд. Тэгээд тэмцээнд орох гэхээр татварын мөнгө төлөх болдог. Миний хувьд тамирчин байсан учраас хүүхдүүдийнхээ өмнөөс мөнгө төлж чаддаггүй. Ингээд явж байтал Энхбаяр багштай таараад.
-“Женко” клубын дасгалжуулагч Ж.Энхбаяр уу?
-Тийм ээ. Тэгээд Энхбаяр багшид “Охидуудаа тэмцээнд оруулах гэсэн чинь орох газар байдаггүй. Өөрөө ч харъяалагдах газаргүй болчихоод” гэсэн чинь шууд “Манай клубын нэр дээр орчих. Манайх эмэгтэй байхгүй” гэсэн. Тэгээд хоёр, гурван жил “Женко” клубын нэр дээр ороод яваад байсан. Гэтэл нэг өдөр Тулга ах дуудаж уулзсан.
-Х.Баттулга ерөнхийлөгч үү?
-Тийм ээ. Тулга ах уулзаад “Сайн уу миний дүү. Чи манай клубын өмнөөс ордог юм байна. Ах нь чамд өнөөдрөөс эхлээд цалин мөнгө олгоод явна. Эмэгтэй багийн дасгалжуулагчаар ажиллаарай” гэсэн дээ. 30 мянган төгрөгийн цалин аваад анх дасгалжуулагчийн гараагаа 2001 оноос эхэлсэн юм. “Женко” клубээс гараагаа эхэлсэн учраас би өөрийгөө их азтай гэж боддог.
-Таны хувьд тамирчин байхдаа ямар амжилт гаргаж байв. Жүдо бөхийн спортыг Монголд үүсгэн байгуулагчдын нэг, улсын шигшээ багийн анхны ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Чойсүрэнгийн Машбат гэж мундаг хүний шавь гэдгийг тань мэдэх юм байна?
-Шалихгүй дээ. Самбо бөхийн дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай. Есдүгээр ангидаа жүдо бөхөөр хичээллэж Машбат багшийнхаа удирдлага дор хичээллэж эхэлсэн. Тэгээд нэг жилийн дараа Югослав улсад залуучуудын дэлхийн аваргад оролцсон ч хөлөндөө гэмтэлтэй очсон болохоор амжилт гаргаагүй. 1997 оны самбын дэлхийн аваргад хүрэл медалийн төлөө барилдаад ялагдсан. 2000 онд самбын дэлхийн аваргаас мөнгө, 2001 онд хүрэл медаль авсан. Ид барилдах үедээ гэмтэл бэртэл салаагүй дээ.
-Миний мэдэж байгаагаар сүүлийн улсын аваргуудад “Женко” клуб тэргүүлж байгаа?
-Тийм шүү. 2001-2004 хүртэл улсын аваргаас мөнгө, хүрэл медаль хүртдэг байлаа. 2005 оноос хойш насанд хүрэгчид, залуучууд өсвөр гээд багаараа түрүүлэх болсон доо.
-Дэлхийн аварга М.Уранцэцэг танай клубт хэзээ орж байв. Анх хараад дасгалжуулагчийн хувьд хэрхэн дүгнэж байв?
-2006 онд л анх над дээр ирсэн. Их л бяртай, шөрмөстэй охин байсан. Манай нөхөр Урнааг харчихаад “Чамд дээр ч мундаг хүүхэд ирж дээ. Юм дуулгана даа” гэж хэлсэн. Гэтэл би “Урнаа бярдахаас цаашгүй. Ямар ч мэхгүй” гээд үгүйсгэдэг байлаа шүү дээ. /инээв.сур/
-Тэгэхээр шавиа анх чамласан байх нь ээ?
-Ганц хийдэг мэх нь этэх. Гэхдээ барилдаан техник нь эрс сайжирсан. Хэвтээ барилдаанд бүр илүү болж ирсэн. Бяртай хүний гол давуу тал хэвтээ барилдаанд төгс болчихвол хамгийн чухал. Сууж үүрэх мэхийг бас сайн сурсан. Мэхнээс гадна барилдааны комбинаци, мэдрэмж хамгийн чухал. Миний охин чинь энэ тал дээр үнэхээр мундаг.
-Кураш, самбо, жүдо бөхийн дэлхийн аварга. Гурван өөр бөхийн төрлөөр дэлхийн аварга болно гэдэг бас л том амжилт шүү?
-Тийм ээ. Над дээр ирснийхээ дараа жил 2007 онд кураш бөхийн дэлхийн аварга болсон. 2010 онд самбын дэлхийн аварга, 2013 онд жүдо бөхийн дэлхийн аварга. Гурван жилийн давтамжтай богино хугацаанд бөхийн гурван төрлөөр дэлхийн аварга болсон гэхээр ховор тохиолдол.
-Дараа, дараагийн олим, дэлхийн аваргын залуу халаа хэрхэн бэлтгэгдэж байна вэ?
-Шавь нар минь зөндөө сайхан барилдаж байгаа. Залуучуудын дэлхийн аваргаас анхны мөнгөн медаль авчирсан Наранжаргал, Мөнгөнчимэг, Баттуул, Цолмон, Баттуул олон сайхан охидуудтай азтай хүн. Чөлөөтийн Одончимэг, Наранчимэг, Лхамдэгд гээд сайн бөхчүүдийг дасгалжуулсан л даа.
-Би таныг их хатуу чанга дасгалжуулагч гэж боддог. М.Уранцэцэг, П.Лхамдэгд, Ц.Наранжаргал нар ялчихаад байхад л муу байлаа гээд загнаж байгаа олон харсан юм. Улсын аваргаар бол жүдогийн танхимд таны орилох хамгийн илүүтэй сонстдог?
– Дасгалжуулагч хүн тамирчнаа ялбал ялж, ялагдахад хамт ялагддаг жамтай. Байнгын стресстэй, сэтгэл давчдах мөч зөндөө. Тухайн тамирчны дэвжээн дэх ялалт, ялагдал миний хөлс хөдөлмөрийн том үнэлгээ шүү дээ. Охидууддаа хатуурхах, орилох, загнах үе зөндөө гарнаа. Бүр тэвчээр алдаад цохиод авах ч үе байдаг.
Өөр клубын охидууд ямар азаар Цэвэлмаа багшийн шавь болоогүй юм гэж хэлдэг гэсэн. /инээв. сур/ Гэхдээ энэ бүхэн охидуудынхаа л төлөө шүү дээ. Миний аргадсан, зөвлөсөн, уурласан ямар ч үедээ хэлсэн бүхнийг ойлгож авсан хүнд хэлсэн үг хатуудахгүй. Ээж болоод арай өөр болчихсон л доо. Амьдрал хүнийг өөрчилдөг юм байна шүү дээ. /инээв.сур/
-Ээж болсон гэснээс хоёр, гуравхан сартай хүүхдээ тэврээд улсын аваргаар ирчихсэн байсныг тань харж байсан. Халуун савтай хоол цай аваад ирчихсэн, шавь нартаа хүүхдээ өгчихөөд дасгалжуулагчаа хийгээд байж байсан?
-Тийм ээ. Манайх хоёр охин, нэг хүүтэй. Миний хувьд гэхэд гэр бүл, үр хүүхэддээ зориулах цаг маш багатай байдаг. Миний хань энэ бүхнийг зохицуулж ар гэртээ санаа зовохгүй байлгаж чаддаг. Охидуудаа гарснаас хойш их зөөлөн дасгалжуулагч болсон доо. Шавь нартаа ээж шиг нь хандахыг хичээдэг.
-Хүүхдүүдээ жүдогоор хичээллэж миний хүрээгүй амжилтанд хүрээсэй гэж бодож явдаг уу?
-Хоёр том нь охин. Дунд охиноо л дотроо горьдоод байгаа даа. Гэхдээ хүүхдүүд минь өөрсдөө л сонголтоо хийг. Тэрнээс жүдогоор хичээллэ гэж бол шахахгүй. Өөрөө дургүй бол мянга юм заагаад ямар ч амжилтанд хүрэхгүй.
-Ажиглаад байхад шавь нараа дандаа миний охид гэж ярих юм аа?
-Тийм ээ. Дандаа л миний охин гэдэг. Шавь нартайгаа ойлголцож илүү дотно байх нь амжилтанд нөлөөлдөг. Би чинь энэ хэдэн охидуудаа байнга л санаа зовно. Арав, арваннэгдүгээр ангид ороод ирэхэд л ямар сургуульд оруулах вэ, ямар мэргэжил зүгээр бол гээд л толгой гашилна. Би охидууддаа та нар битгий биеийн тамирын дээд, дасгалжуулагчийн анги сонгоорой гэдэг.
“Спорт бол залуу насных. Тийм учраас ирээдүйн амьдралдаа хэрэг болох мэргэжил сонго” гэж захидаг. Бас болоогүй найз залуу, нөхрийнх талаар бас бодно. Амьдралдаа хийх хамгийн том сонголт бол хань юм шүү. Эмэгтэй хүн сайн хүнтэй суух хэрэгтэй. Тэрний нөхрийг хар, энэний найз залуу нь сайн гээд бас үглэнэ. Миний охидууд зөв сайн хүүхдүүд учраас амьдрал гайгүй явна гэж боддог ч өөрийн эрхгүй л дотроо шаналаад явдаг даа.
-М.Уранцэцэг маань Монгол Улсын гавъяат тамирчин боллоо. Танай охидууд фейсбүүк хуудаснаа багшийнхаа зургийг оруулаад “Миний багшийн гавъяат цолыг хэзээ өгөх юм бол” гээд биччихсэн байна лээ?
-Яана тийм үү. Санаа зовмоор юм бэ.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. 2013 оны ялалтын гайхамшигт тэр мөчүүд ирэх онд ч гэсэн түүчээлэх болтугай?
-Баярлалаа. Жүдо бөхөд хайртай, дээдэлдэг Монголын ард түмэндээ шинэ оны мэнд хүргэе.
У.Бадамцэцэг GOGO.MN