Жаргалаар наалдсан чи минь
Зовлонгоор ч зууралдсан чи минь
Үс чинь ч өвөрт минь унана.
Зүс чинь ч энгэрт хээ хэвээ үлдээнэ.
Хонгор минь, гэрэлтэй өдрийн ч түшиг минь
Харанхуй шөнийн ч хань минь, хайрт минь
Нулимсийг чинь дуустал би дэргэд чинь
Үсийг минь цайтал чи дэргэд минь
Аль цагийн үйлийн үр минь чи вэ?
Амрагласан хувь заяа минь, чамайг би тас тэврэнэ?!
Хэзээний сэтгэлийн өр нэхэл минь чи вэ?
Яаж би барах вэ? Хэзээ одуулсан хүслэн минь чи вэ?!
Хувиран ирсэн хүсэл минь чамайг би
гоо бүсгүй болсныг таньж ядна.
Хөлс минь чиний төлөө урсана.
Хөл минь чамайг зүглэнэ.
Урьдын ерөөл үү?
Учирмагц би чамд дурласан.
Урьд чи ус мөрөн байсан уу?
Урсалд чинь би биеэ угаасан уу?
Одоо чи миний сэтгэлд угаагдахаар
Зовлонгоо надад тоочино уу?
Жаргалаар наалдсан чи минь
Зовлонгоор ч зууралдсан чи минь
Хайр минь чамайг өлгийдөн өлгийдөвч
Харин чи уйлан дуулна.
Амрагласан хувь тавилан минь
Хувиран ирсэн хүсэл мөрөөдөл минь
Яаж чамайг агуулах вэ
Яаж ангиржуулан амраах вэ
Эцсийн нулимсийг чинь аргадах ёстой юу?
Эх ус мөрний төгсгөл тэр болох уу?
Гоо усан галбирт минь!
Гол мөрөн шиг чи минь!
b.batregzedmaa (REGZED)