Ардын уран зохиолч Д.Цоодол, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Хулан нарын ухаарал, уярал хайрласан гайхалтай сайхан шүлгүүд, монгол түмний хүндлэлд багтсан гэгээн амьдралын мөр Цэвэлмаа эгч рүү хөтөллөө.
Д.Цоодол гуайн гэргий, Ардын боловсролын тэргүүний ажилтан, уран бүтээлчдийн онгод хөглөгч түүнтэй ярилцлаа.
-Юуны өмнө танд шинэ оны мэнд хүргэе. Таны хань, охин хоёр Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн яруу найрагчид. Тэдний тийм сайхан шүлэг бичихэд таны нөлөө байсан нь дамжиггүй. Тиймээс би тантай уулзмаар санагдаад, санал тавиад бараг хоёр сар болчихлоо.
-Намайг хүндэтгэн ирсэн танай сонины хамт олонд баярлалаа. Энэ тухай өвгөн надад нэлээн дээр хэлсэн ч эмнэлэг, сувилал гэж явсаар өдий хүргэчихэж. Бас том охин маань Германаас ирээд манайхан завгүй л байлаа.
-“Шуудангийн машинд зэрэгцэн сууж явахдаа Цэвэлмаагийнхаа зүрхний цохилтыг мэдрэх шиг болж билээ”гэж Д.Цоодол ах ярьсан удаатай. Та хоёр чинь нэг нутаг усных байх аа?
-Бид мэдээ орсон цагаасаа л бие биеэ мэднэ. Төв аймгийн Бүрэн суманд саахалтын зайтай зусдаг, Талын булагтаа тоглож наадаж өссөн хүмүүс. Эгч нь нарийн нандин зүйлээ ярих дургүй, дээдэлж явахыг хичээдэг. Бие биеэ хар багаасаа мэддэг ч сэтгэл татагдсан үе маань 1962 он. Цоодол маань 17, би 15 настай байж. Тэр үед шуудангийн машинаар сургуулийн хүүхдүүдийг аймагт авчирдаг байлаа. Машин зэргэлдээ сумын хүүхдүүдийг аваад шөнөдөө манай суманд ирлээ. Тэр үеийн ахлах ангийн хөвгүүд дээлээ хөөргөөд бүсэлчихсэн, айргийг хул хулаар нь уугаад халамцуухан явсан. Эгч нь хоёр салаа гэзэгтэй байлаа. Хөвгүүд дэггүйтээд миний үснээс татна. Би айгаад, нэг сумынх болохоор Цоодолыг бараадаж дэргэд нь сууж явсан. Манай хүн ч намайг дэргэдээ суулгах дуртай байснаа хожим нь яриад инээлддэг юм. Тэр л үеэс эхлэн зүрх сэтгэл маань бие биенээ үгүйлж, хаана юу хийж яваа бол хэмээн сураг тавьдаг болсон. Төөрөг тавилан гэж байдаг даа. Бид хоёрын тавилан тэр үеэс холбогдоод төөрөлгүй явж байна.
-Цоодол ах тэр үед дунд сургуулийн сурагчидтай хаа хүрэх гэж явсан юм бэ?
-Цоодол долдугаар анги төгсөөд аймаг орж, ажил хийхээр явсан нь тэр юм. Өвгөн маань үеийнхнээсээ өөр хүүхэд байсан. Үеийн залуус нь мод толгой түрийлчихээд айраг ууж, айл хэсэн давхилдаж явахад Цоодол өндөр настанд тусалж, аргал, хомоол түүж, адуу малаа хурааж, хонио хариулж л явна. “Дөнгөт Жаажаагийн хүү ухаантай шүү” гэж нутгийн буурлууд магтана. Саахалтаас харахад гэрийнхээ сүүдэрт ном уншаад л суудаг хүүхэд байж билээ.
-Та хоёр тэгээд хэзээ гэр бүл болсон бэ?
-Өвгөн 20, би 18 настай байхдаа айл болсон. Бидний аав, ээж айхтар их мал хөрөнгөтэй хүмүүс байгаагүй болохоор хөрөнгө тасалж өгөөгүй. Бид хоёр “Болно доо, бүтнэ дээ” гэж бодож, зүтгэсээр өнөөдрийг хүрлээ. Айл болохдоо тавилга гэмээр юмгүй хэрнээ 200 номтой байж билээ.
(Хажуугаас нь Д.Цоодол ах “Өөрсдийн хүчээр босгосон амьдрал үнэ цэнэтэй байдаг юм. Ах нь өмсөх ч малгайгүй хэрнээ эхнэр авч байлаа” гээд инээлээ)
-Та сурагч байхдаа аймгийн клубт “Од” шүлгийг уншдаг, үе тэнгийн хөвгүүдийн сэтгэлийг хөдөлгөсөн, сэргэлэн охин байсан гэдэг юм билээ…
-Тэр үедээ авьяастай охидын нэг байлаа. Сургуулийнхаа шинэ жилийг олон жил хөтөлсөн. Сургууль төгсөөд хот руу явсан залуус нутгаасаа ирсэн хүмүүсээс “Шинэ жил сайхан болов уу” гэж асуудаг байж. Нөгөө хэд “Цэвэлмаа “Од” шүлгээ уншаад, чанга дуугаар баяраа хөтлөөд сайхан боллоо” гэдэг байсан гэсэн. Эгч нь яруу найрагт дуртай, шүлэг овоо уншдаг байсныг тэр үеийнхэн мэднэ. Манай анги гучин гурвуулаа. Бүгдээрээ авьяастай. Ангийн багш маань мэдрэмжтэй хүн байсан болохоор хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлж чадаж байж. “Залуу гвард” гэдэг жүжгийг өөрөө найруулж, биднийг тоглуулж билээ. Төв аймгийн 40 жилийн ойн арга хэмжээг эгч нь хөтөлж байлаа. Энэ мэт дурсамжтай сайхан мөчүүд олон бий.
-Та олон жил нутагтаа ажилласан юм билээ. Хөдөө талд эрдмийн үр тарьж байсан үеэ дурсаач.
-Багшийн мэргэжил их сайхан. Бяцхан хүүхдүүдэд ертөнцийг таньж мэдэх хаалгыг багш хүн нээж өгдөг. Төв аймгийн арван жилийн сургуулийг 1966 онд төгсөөд энэ мэргэжлийг сонгосон. Миний эмээ Хорол гэдэг буурай байлаа. Эмээ маань авга ах Авирмэдэд (сургуулийн захирлаар олон жил ажилласан хүн) “Миний охиныг малчин болгох гээд байна. Чи хариуцаад багш болгоод өгөөрэй” гэж захисан байдаг юм. Намайг энэ мэргэжилд дуртайг эмээ маань мэдсэн хэрэг. Тэр үеэс хойш миний ах дүү нараас олон хүн багш болсон. Бүрэнгийн сургуульд бид ах дүүсээрээ олон жил багшилсан. Одоо би хамгийн ахмад багш нь болжээ. Эгч нь Багшийн сургууль төгсөөд нутагтаа ирэхэд эмээ маань 94 настай байсан. Цалингаа аваад хамгийн амттай гөөхийг шилэн байж эмээдээ авч өгөхөд их баярласныг санадаг.
-Анхны юм бүхэн хүнд сайхан дурсамж үлдээдэг. Багш болоод анх хэддүгээр анги дааж авч байв?
-Би өөрийгөө азтай хүн гэж боддог. Сургуулиа төгсөж ирээд хичээл заалгаж байсан хүмүүстэйгээ мөр зэрэгцэн ажилласан. Мэргэжилдээ сэтгэл зүрхээ зориулсан сайхан багш нар надад мөн ч их тусалсан даа. Тэднээсээ чадахгүй зүйлээ асууна, зөвлөгөө авна. Тэр үеийн хүмүүс хүүхдэдээ анхаарал тавьж, хичээл сурлагандаа ямар байгааг ирж шалгадаг байлаа. Төв аймгийн Засаг дарга байсан н.Дашдэмбэрэл гуайн хүүхэд миний сурагч. Тэр том дарга ирээд хичээлд суучихна. Айж сандарч байвч ажлаа хийсэн шиг хийх ёстой гээд л зүтгэдэг байж билээ. Би боловсролын салбарт 34 жил ажилласан. Богд уулынхаа өвөрт тэврүүлж амьдралынхаа гарааг эхэлж байсан бол одоо ард нь үүрүүлээд амьдарч явна. Хан уулынхаа нөмөр нөөлөгт хоёр талд нь амьдрах хувьтай байж гэж боддог юм.
-Цоодол ахыг оюутан гээд таныг дээд сургуульд оруулаагүй тухай би яруу найрагч нараас сонссон. Чухам юу болсон юм бэ?
-Цоодол ах нь Намын дээд сургуулийн сэтгүүлчийн ангид суралцахаар ирсэн юм.
-Намын дээд сургуульд сэтгүүлчийн анги байсан хэрэг үү?
-Сэтгүүлч бэлтгэдэг байсан. Эгч нь дээд сургуульд орохоор шалгалт өгөөд тэнцчихсэн байсан юм. Тэр үед боловсон хүчнийг орон нутгаас нийслэл рүү тэр бүр шилжүүлдэггүй байлаа. “Нөхөр нь сургуульд орсон юм чинь Цэвэлмааг сургуульд явуулж болохгүй” гээд хасчихсан. Тэглээ гээд би муудаагүй. Хүүхдийн дуу цангинасан газар хүнд ямар их эрч хүч өгдөг гээч.
-Манай уншигчид танай хүүхдүүдээс яруу найрагч Хуланг андахгүй. Харин бусад охидын чинь талаар сайн мэддэггүй байх аа…
-Манайх гурван охинтой. Таван зээтэй болоод байна. Булган, Архангай нутгийн гурван сайхан хүргэнтэй. Хулан манай дунд охин. Охид маань сонирхсон мэргэжлээ эзэмшээд дор бүрнээ сайн сайхан амьдарч байна.
-Дөрвөн бүсгүйн дунд амьдардаг Цоодол ах азтай хүн юм аа.
-Тэгэлгүй яахав. Цоодол маань дөрвөн ээжтэй хүн шиг л байдаг. Охид аавдаа санаа тавина, халамжилна гэж жигтэйхэн шүү дээ. Нэг инээдтэй явдал болж билээ. TV-5 телевизийн хоол хийдэг нэг нэвтрүүлэг байдаг даа. Тэр нэвтрүүлэгт өвгөнийг урьсан юм. Хөтлөгч нь “Цоодол гуай, гурил зуураад тавьчихсан, та элдэнэ шүү” гэж. Гэтэл өвгөн “Би гурван хүүхэнтэй. Эхнэр маань одоохондоо хоол хийж чадахтайгаа байна. Би элдэхгүй, өдий наслахдаа гурил элдэж үзээгүй” гэхэд нөгөө хөтлөгч “УИХ-ын дарга хүртэл гурил зуурч, элдээд байхад” гэж байсан юм. Өвгөн элдэхгүй гэж зүтгэсээр байгаад нэвтрүүлгээ дуусгаж байсан. Дөрвөн бүсгүй хүн байхад өвгөнөө хоол цайнд юу гэж оролцуулах вэ дээ.
-Та нарын үеийн сэхээтнүүд Зөвлөлтөд сургууль төгсөж ирэхдээ гэрийн тавилгаа бэлдээд ирдэг байсан гэдэг. Харин Цоодол ах “Тэр бясааны үүрээр яадаг юм” гээд авчраагүй гэдэг. Та тэр үед уурлаж байв уу?
-Өвгөн маань чемодан дүүрэн ном авчирдаг байлаа. Москвад сурч байхад нь би нэг удаа бага охинтойгоо очлоо. Москвад очсон хүнд авах зүйл их байлгүй яахав. Өвгөн хамт явж байснаа байсхийгээд л “Болж байна уу, юмаа хурдан ав” гээд байна. Айлын эмэгтэй хүн чинь хэрэгтэй бүхнээ авах гэж хичээнэ биз дээ. Монголд усны хоолой бөглөрөхөд бөглөөг нь гаргагч байдаггүй байлаа. Би хайж байгаад түүнийг авсан чинь өвгөн янз нь дургүй байна аа. ГУМ-ээс гараад явж байтал нөгөө юмыг маань байшингийн булан руу чулуудчихдаг юм байна. Би “Хамгийн хэрэгтэй зүйл хаялаа” гээд буцааж авч байж билээ. Хэзээ хойно “Цэвэлмаа, чиний авсан бөглөөс гаргагч хэрэгтэй зүйл юм байна шүү” гээд инээж байж билээ.
-Гэрийн галаа дальдраадаг эрчүүд цөөнгүй бий. Харин таны хань дальдраах нэг ч үг хэлж байгаагүй болов уу гэж би боддог юм. Та хоёр үг сөрж үзсэн үү?
-Энэ тухай асуухын ч хэрэггүй дээ. Цоодол ах чинь уурлах нь байтугай эвгүй үг хэлж үзээгүй хүн. Их тайван, амгалан хүн дээ миний хань.
-Цоодол гуай та хоёр охидоо гоёх дуртай байснаа дурссан байсан?
-Өмссөн дээлтэйгээ нийлсэн бид хоёрт анхны үр заяалаа. Охинтой хүн чинь сайхан харагдуулахыг хичээдэг юм билээ. Гурван охиноо сайхан, хөөрхөн байлгахыг чадлынхаа хэрээр хичээсэн. Гаднах төрхөөс гадна дотоод ертөнцийг нь нээж, гэрэл гэгээтэй болгохын төлөө бас чармайдаг байлаа. Манай гэрт номын л тухай яриа өрнөдөг, эргэн тойронд нь номноос өөр зүйлгүй болохоор хүүхэд аяндаа л номонд дурладаг. Манай охид ном их уншдаг байсан. Одоо ч хэвээрээ.
-Яруу найрагчид танайхаар орж гарах нь их байсан байх. Билиг танхай хүмүүс шүү дээ, тэд. Сархад ууна, хононо, өнжинө. Залуу байхдаа та цааргалж, уурладаг байв уу?
-Хэн нэгэнд уурлаж, загнаад гаргасан тохиолдол байхгүй байх аа. Олноороо ирнэ ээ, яруу найрагчид. Байн байн ирдэг байсныг нь бодохоор тэд надад, би тэдэнд сайн ханддаг байсных болов уу. Бид хотод ирээд айлын хажуу өрөөнд амьдарч байлаа. Өвгөн маань оюутан. Гэтэл нэг өдөр манайд Б.Явуухулан гуай ирлээ. Удалгүй С.Дашдооров, Эрдэнэ бааваа ирсэн. Жирийн нэг оюутныд мундаг зохиолчид ирнэ гэдэг өндөр хүндэтгэл шүү дээ. (Д.Цоодол гуай “Тэгээд л би од болсон юм даа. Залуу байхад найз нөхөд, яруу найрагчид нийлж, сархад уух өдөр цөөнгүй. Өглөө гарахад Цэвэлмаа “Өвгөөн, нэг шил архины мөнгө авах уу” гэнэ. Би нэрэлхээд “Үгүй, үгүй” л гэнэ. Найз нөхөдтэйгөө нийлсэн ч тэгтлээ их уудаггүй байсан. Бүсгүй хүний заль юм даа” гээд инээв) Эгч нь нөхөртөө итгэдэг, тэр их итгэлийг маань миний нөхөр дааж чадсан.
“Хол ойрын замд хуучтай юм шиг оройтож
Хором хормоор нойрыг чинь үргээсэн хүн
Хонгорхон үрээ бүлээрэхэд дахиад л эзгүй
Хоолойгий чинь өчнөөн удаа зангируулсан хүн…
…Жаргаана даа чамайгаа жаргаана гэж санасаар явтал
Жаахан чиний минь өвөр дээр ач нар тонгочлоо
Энэрлийг чинь мартсангүй, жаргааж л амжсангүй
Энхрийхэн чамдаа би өртэй”
-Цоодол ахын “Чамдаа би өртэй” гэдэг шүлгийг уншаад эр хүний ухаарлыг мэдэрсэн. Монгол эр хүн хань, үр хүүхдээ сэтгэлдээ бодож, дээдэлж явдгийн илэрхийлэл болсон сайхан шүлэг шүү.
-Надад зориулж бичсэн боловч олон гэр бүлд ухаарал хайрласан шүлэг гэж би боддог. Цоодолын бичсэн шүлгүүд хэн нэгнийг магтан дуулахаас илүү бусдыг ухааруулсан, амьдралын мөн чанарыг ойлгуулсан байдгаар нь би бахархдаг. Ханийн минь шүлгийг уншаад алдаж яваа нэгэн буруугаа ухаарч, зөв замаа олж чадвал сайхан шүү дээ.
-Амжилт бүтээлээр дүүрэн яваа эр хүний ард сайхан эзэгтэй байдаг нь хууль. Сайхан яруу найрагчдын ар тал нь болж яваа хүн хамгийн эхний уншигч, шүүмжлэгч, бас онгод хөглөгч байдаг болов уу?
-Сэтгэл амар ажлаа хийх, үр хүүхдээ эрүүл саруул өсгөх гээд бүсгүй хүний ажил их шүү дээ. Тэр бүгдийг бусдын адилаар хийж явсан, хийсээр ч байна. Тэтгэвэрт гарахын өмнөхөн “Чамдаа би өртэй” гэдэг шүлгээ бичсэн. Цоодол ах чинь ингэж биччихээд одоо надад яаж тусалдаг талаар хэлэх үү.(инээв)
-Тэг л дээ.
-Ер нь болж л өгвөл туслахыг хичээнэ. Чанарын хувьд тааруухан ч сэтгэл нь сайхан юм. Сүүлийн хэдэн жил хувцсаа угаадаг болсон. Зах дээрээс хамгийн чанартай, сайн мах сонгож авчирна.
-Танайх Б.Явуухулан гуайн жороор цуйван хийдэг гэсэн үү?
-Дорнын их яруу найрагч Б.Явуухулан Цоодол ахын чинь багш шүү дээ. Явуу багш сайхан цуйван хийнэ. Зарим хүн цуйван хийнэ гээд тосонд хутгачихдаг. Явуу багшийн жор өөр. Өөх, мах нь алагласан махаа сонгинотой хуурахдаа бага зэрэг байцаа, манжин хийнэ. Гурилаа хатуухан зуураад тослохгүйгээр дээр нь жигнэж болгодог. Их сайхан хоол болдог юм. Явуу багшийн жороор одоо хүртэл цуйван хийдэг.
-Таны хань, охины чинь олон сайхан дууль, шүлэг бий. Тэр дундаас таны цээжинд ямар шүлэг явдаг вэ?
-“Жаргал минь талдаа бий”, “Нутгийн зургаан өнгө”, Төрийн шагнал хүртсэн “Тэнэг”, “Харамчийнхан” гээд олон шүлэг бий. Охины “Аавдаа”, “Ганцхан ижийдээ унших шүлэг” гээд зөндөө зөндөө. “…
Жигжид бурхныг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие чинь түүнээс ч олон гартай
Элбэг их хайр, ижий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла!”
-Таны охин “Ганцхан ээждээ унших шүлэг”-ээрээ 1994 онд “Болор цом”-ын эзэн болж байлаа. Охиноо шагнал авах үед та эмнэлэгт байсан гэл үү?
-Охиныгоо “Болор цом” авах үеэр би эмнэлэгт байлаа. Орой болсон хойно охин маань аавтайгаа хамт, найз нөхдөө дагуулсаар ирсэн. “Ээж ээ, би таныгаа бичээд энэ нэр хүндтэй шагналын эзэн боллоо” гээд ирэхэд нь би маш их баярлаж билээ. Миний охид бүгд 23 дугаар дунд сургууль төгссөн. Орос сургууль төгссөн хүүхэд эх хэлээ мэддэггүй, монгол ахуйгаас холддог. Харин манай хүүхдүүд өөр байсан. Аав, ээж маань нутагтаа малаа малладаг байлаа. Зуны амралт болохоор тэдэн дээрээ очиж, хурга ишиг хариулж амралтаа өнгөрөөнө. Аав маань лам хүн байсан болохоор хүүхдүүдэд амьдралын мөн чанарыг ойлгуулж, үлгэр домог ярьж өгдөг байсан. Монгол ахуй, өвөөгийнх нь хууч яриа миний хүүхдүүдийн хүмүүжилд онцгой хувь нэмэр оруулсан гэж би боддог. Дээрээс нь аавынх нь нөлөө их бий. Аавынх нь эхлүүлсэн номын цагаан буян хүүхдүүдэд маань ач тусаа өгч явна аа.
-Амьдралаа элэг бүтэн авч явахад эмэгтэй хүний үүрэг их. Аз жаргал мөрөөдөн, хэн нэгнээс хайж буй бүсгүйчүүдэд хэлэх үг танд бий байх?
-Монгол эмэгтэйн уран ухаанаар амьдралаа сайхан авч яваа бүсгүйчүүд олон бий. Зарим нэг нь эд хөрөнгө мөрөөдөн, мөнгөтэй хүн хайж өөртөө зовлон хураах юм. Хүн мөрөөдөөд байгаа тэр зүйлээ хамтдаа бүтээж чадвал тэр аз жаргал болдог юм. Манай монголчууд аливаа зүйлийн голыг олж хэлэхдээ гаргууд хүмүүс. “Генералтай сууя гэвэл байлдагчийг сонго” гэдэг үг байдаг даа.
Ц.Хулан “Аавдаа”
“…Ачийг тань хариулна гэж би олон жил худлаа ярилаа
Ачийг нь гаргаж өгчихөөд харин нэг их гавьяатан шиг
Сөөг сөөг гэж хэвтүүлээд номхон тэмээг ноолуулах мэт
Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа мөлхүүллээ
Гараа өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх мэт
Гарцаагүй том алгаа дэлгэж та тэднийгээ хөтлөнө
Гариг дэлхийд уянгатай ийм найрагч байтлаа
Ганганасан хэдэн зээтэйгээ хэдэнтэй хэлд орно …”
-Өнөөдөр та хоёр дөрвөн хүүхдийн аав, ээж, таван зээгээ тойруулсан өнөр бүлийн эзэд болжээ. Ээж аавын үүрэг, эмээ өвөөгийн үүргээр солигдох амаргүй биз?
-Ач, зээдээ хүүхдүүдээсээ илүү хайртай болдог гэдэг үнэн юм билээ. Том охиноороо дүү нарыг нь харуулаад үлдээдэг л байсан даа. Гэтэл одоо зээ нараа харах хүнгүй боллоо гэхээр нь гүйгээд оччихно. Асууж, сураглаад л. Том зээ маань одоо 23 настай. Хүүхдүүдэд багаас нь англи хэл зааж, сургаж буйг би буруутгадаг. Эх хэлээрээ зөв ярьж, ойлгож сураагүй хүүхдэд гадаад хэл заана гэдэг байж боломгүй зүйл. Зарим нь унаган гадаад хэлтэй гэж гайхуулах л юм. Монгол хүн монгол хэлээ л эхлээд сурах ёстой юм шүү дээ.
-Хүүхдүүд утас, компьютер, зурагтнаас салахаа больжээ. Уг нь ном илүү ачтай баймаар. Та олон жил багшилж, охидоо номонд дурлуулж чадсан хүн. Туршлагаасаа хуваалцаж болох уу?
-Хүүхдэд идэх, өмсөхөөс гадна оюуны хэрэгцээ гэж асар их зүйл бий. Тэр хэрэгцээг хангах хамгийн амт шимттэй “хоол” бол ном. Саяхан тохиолдсон нэг явдлыг ярья. Такси барьтал жолооч нь 35 орчим насны залуу байна. “Явуугийн цэцэрлэгт хүрээлэн, 23 дугаар сургуулийн хажууд очъё” гэлээ. Нөгөө залуу “Явуу гэж юу байдгийн” гэдэг байгаа. Мэргэжлийн өвчин маань хөдлөөд “Би хаана төрөө вэ”, Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийн хэсгээс уншсан чинь “Аан тийм, иймэрхүү нэг юм сонсож байсан” гэж байна лээ. Ийм хүмүүс хүүхдэдээ ямар үлгэр дуурайл үзүүлэх вэ дээ. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг үг цаанаа ямар учир агуулгатайг сайн ухаарах ёстой гэж би боддог.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Урт насалж, удаан жаргаарай.
Ярилцлага өгөхөөс цааргалж байсан нь цаанаа учиртай юмсанж. “Ардын уран зохиолч П.Бадарч гуайн эхнэр Ичинноров эгч сонинд ярилцлага өгөөгүй байхад би юугаа ярих билээ” гэж А.Цэвэлмаа эгч хэлж байна лээ. Монгол хүний ахас дээдсээ хүндэлдэг нандин чанарын илэрхийлэл, бас Цэвэлмаа гэдэг хүнийг илэрхийлэх нэгэн өнгө энэ биз ээ.
Х.Оюунсүрэн