Шөнө дундаас хойхно цаг. Өүлэн эх ахлах хэвтүүлийг дуудан ирүүлээд:
– Тэмүжин, Бөртэ тэргүүтэй хөвгүүд, бэрс, шадар, баатруудыг үтэр цуглуул … гэж зарлиг айлдахад:
– Жа.. гээд эргэх гэснээ зогтусч:
– Ахайтан! Их эзнийг дээшлүүлэх гэж үү гэвэл өтгөн буурал гэзгээ задлаж суусан хатан ээж:
– Тиймээ. Тэр улсын хаан боловч миний үр учир үгийг дагах ёстой гэв.
Хатан эхийн зарлигийг сонссон хөвгүүд, бэр, жанжин, хүлэг баатрууд тунгалаг тэнгэрт одод анивчиж, мичид шингэх мөчид эхэд бараалхах ёс жаягаар хувцаслан цуглав. Толгой гудгар, царай уравгар Өүлэн ээж, зөөлөн зөөлөн алхалсаар ирж түр чимээгүй зогссоноо:
– Хамаг Монголын Хаант улсын нэгэн эрхэм чухаг иргэн хорвоогоос халилаа. Иймийн учир бүх эрчүүл цагаан бүс зүүж, эмс бүсгүйчүүл гэзгээ задлан гашуудацгаа! гэж зарлиг буулгаад:
– Энэ хэн болохыг та нар мэдэх учиртай. Эзэн дээдсийн төлөөнөө ёсч шударга, цэгц үнэн журмыг сахихын үлгэрийг үзүүлсэн энэ иргэнийг хамаг монголын хаад, ноёд, харцардхэн боловч мартах ёсгүй … гэхэд хамагэрчүүл, зардсын барьсан цуулмал цагаан бүсийг малгайдаа зүүж, бүсгүйчүүл үсээ задлан унжуулав.
Өүлэн эх баруун ханцуйг үл ялиг хөдөлгөн цэнхэр пансан алчуур гаргаж хацар дагасан сувдан нулимсаа арчаад:
– Хаан Тэмүжин чи хагацлын үг айлдах уу? гэв. Хаантан эхийн зүг мэхэсхийн хүндэтгээд:
– Эрэг шороо нурж
Энхэл донхол үүсдэг бол
Иргэн хүн хальж
Элэг зүрх эмтрэв
Хоёр сэтгэлт хүнийг
Эр бус эм хэмээлтэй
Нэгэн сэтгэлт эмийг
Эм бус эр хэмээлтэй … гэсэн үг байдаг.
Хаан, харц биднээсээ хагацан одсон Хуагчин эмгэн таныгаа баатрын ёсоор хүндлэх учиртай. Та хаан эцэг Есүхэйн үеэс хатан ээжид минь үнэнч зүтгэж, хайртай Бөртэ хатныг минь бүхээгт тэргэнд нууж бие, сэтгэлээрээ хамгаалж явсан билээ.
Хуагчин та тэр нэгэн цөвүүн өдөр довтлон айсуй дайсныг солонго мэт сонсож, үен мэт үзэж хатан эхэд минь хэлж биднийг сэрээгээгүйсэн бол бидний бөөс мэт биес минь гурван мэргэдийн сумны зэв, сэлэмний ирийг мялаагаад дуусах байсан биш үү!
Таны ачаар амьд гарсан бид өсч өндийж, өрх гэрээ толгойлж, улс үндсээ аварч өштөнөө өвдөглөж, атаатнаа атгаж өдий зэрэгт хүрэв.
“Хаан хэдий хүчтэй ч
Харцын хүчинд түшьюү”
гэсэн мэргэн үг буй. Иймийн тул эмгэн зарц таныгаа бид түүхэндээ бичиж, түмэндээ сонордуулж явах болно гэж айлдаад хойшоо гурав алхахад шарилчид эмгэний цонхигор нүүрийг гэвлүүрээр бүтээв.
Бөөр алаг үхэрт хөллөсөн бүхээгт тэрэг Бунхат уулын зуг хөдөлж холдон холдсоор үүрийн харанхуйд уусан одлоо.
2003 он