Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Цогзолмаатай ярилцлаа.
-Та НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдоод сар гаруйн хугацаа өнгөрлөө. Нэг сар гэдэг бага хугацаа ч гэлээ ямар ажил амжуулав?
-Өнгөрсөн нэгдүгээр сарын 17-нд НАМЭХ-ны ээлжит VI чуулган амжилттай зохион байгуулагдлаа. Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргээс 250 гаруй төлөөлөгч оролцсон. Манай эмэгтэйчүүдийн байгууллага маань МАН-ын дэргэдэх байгууллага. Тэр утгаараа чадварлаг эмэгтэйчүүдийг улс төрд бэлтгэх, сонгуульд идэвхтэй оролцох зэрэг үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Ерөнхийдөө МАН сүүлийн хэдэн сонгуульд амжилтгүй оролцсон.Өнөөдөр нийт сонгогчдын 50 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн намын гишүүдийн маань 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд байгаа тохиолдолд манай НАМЭХ нь улс төрийн сонгуульд бэлтгэх, намынхаа ажилд туслах, дэмжигч нь байх ёстой юм. Энэхүү зорилгын үүднээс чуулганаа хуралдуулж, шинэ бүтэц зохион байгуулалтаараа ажиллаад сар гаруйн хугацаа өнгөрч байна.
-Хэдий намын дэргэдэх байгууллага ч гэлээ эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийн төлөө дуу хоолойгоо хүргэхэд анхаарч ажиллана гэсэн. Та холбооныхоо эрхэм зорилгыг тодорхойлооч?
-Хэдий намын дэргэдэх байгууллага ч гэлээ эмэгтэйчүүдийнхээ өмнө тулгамдаж байгаа нийтлэг эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах нь ойлгомжтой. Нөгөө талаар эмэгтэйчүүдийн нэр хаягтай улс төрийн байгууллага учраас шийдвэр гаргах түвшинд буюу бүх шатны сонгуулиудад оролцох манлайлагч эмэгтэйчүүдийн хувийг нэмэгдүүлэх, тэдний нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлэх асуудалд онцгой анхаарна. Ингэснээр эмэгтэйчүүдийн гаргасан шийдвэрээр дамжаад эмэгтэйчүүдийг сонгосон эмэгтэйчүүдийн маань амьдралд бодитой сайн сайхан үр дүн гараасай гэж хүсч байгаа юм. Энэ бол эрчүүдээ үгүйсгэж байгаа асуудал биш бөгөөд нийгэмд байгаа бодитой хүлээлт бий болгосон асуудал юм.
-Та НАМЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн бэ. Түүний хэрэгжилт хэзээнээс эхэлж биелэх бол. Үүнийг манай эмэгтэйчүүд маань бас хүлээж байгаа болов уу?
-Би эмэгтэй хүн болгонтойгоо уулзах юмсан гэж бодож явдаг. Парламентын төлөвшил нь өндөр хөгжсөн улс орнуудын эмэгтэйчүүд нам харгалзахгүй хамтарч ажиллаж чаддаг. Эмэгтэйчүүд нь бие биенээ дэмжин ажиллаж чаддаг. Тиймээс бид ч гэсэн ялгаагүй намчирхаж зөвхөн намынхаа эмэгтэйчүүдийн төлөө ажиллана гэхээсээ илүүтэй Монгол Улсын нийт эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалахын төлөө юу хийх боломжтой байна тэр бүх ажлыг зохион байгуулж ажиллана гэсэн зорилготой байна. Байгууллагынхаа дотоод ажлаа цэгцлэхээс гадна гадаад ертөнцтэй холбох, эмэгтэйчүүдээ сургаж чадавхжуулах,тэдний манлайллыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон ажлууд хийхээр төлөвлөж байгаа шүү.
-НАМЭХ-ны удирдах зөвлөлд хэчнээн хүн багтаж байгаа вэ?
-Аливаа улс төрийн нам,ТББ, иргэний нийгмийн байгууллагууд ямарваа шийдвэрийг хамтарч гаргадаг. Манай удирдах зөвлөлд нийт 29 гишүүн сонгогдсон. Холбооны маань дүрмийн дагуу сар болгон хуралдах ёстой байгаа. Би хэдий холбооны ерөнхийлөгч ч гэлээ бусад гишүүд удирдах зөвлөлтэйгээ ярилцаж, хамтарч шийдвэрээ гаргаж,хамтын шийдвэрийн зарчмыг бодитойгоор хэрэгжүүлж ажилланаа.
-2014 онд хийх ажлынхаа талаар танилцуулаач?
-Эмэгтэйчүүдийн байгууллага илүү сайн ажиллах боломжтой. Тиймээс бид 2014 онд хийх ажлынхаа төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд байгууллагын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааг нэлээн шинэ төвшинд гаргаж ирэхийг зорьж байна. Энэ утгаараа хэдий богино хугацаа өнгөрсөн ч байгууллагынхаа бүхий л үйл ажиллагаатай холбоотой дотоод журмуудыг нэлээн цэгцэлж хуулийн хүрээнд сайжруулан баталлаа. Одоо өдөр тутмынхаа ажилд хэрэгжүүлэх л чухал байна. Эмэгтэйчүүдийн холбоо маань ажлын албатай байхаар батлагдсан. Мөн энэ алба нь хэдэн хүнтэй байх, ямар ажил үүргийн хувиартай байх, удирдах зөвлөл нь ямар журмаар ажиллах гээд бүгд шинээр зохион байгуулагдлаа. Хэдий намын үзэл бодлыг дэмжиж манай холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон ч гэлээ үүрэг хариуцлагатай байх ёстой. Олон эмэгтэйчүүдийг төлөөлж сонгогдсоны хариуд намынхаа эмэгтэйчүүдийн төлөө,бас нийт эмэгтэйчүүдийн төлөө олон талт ажилд идэвхтэй санаачлагатай байх ачааллыг 2014 оноос төлөвлөж хэрэгжүүлнэ бид. Намынхаа шинэ бүтэцтэй уялдуулан бүсчилсэн хөгжлийн бодлогоор хөдөө орон нутгуудаа идэвхжүүлж,бүсчилсэн сургалтууд,эмэгтэйчүүдийнхээ чуулга уулзалтуудаа энэ жилээс тогтмолжуулна. Нийслэлийнхээ эмэгтэйчүүддээ чиглэсэн тусгай хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ дээ. Эмэгтэйчүүдээ дэмжих сан байгуулж, тэдний өрхийн орлогыг нэмэгдүүлэх замаар амьдралын чанарт нь нааштай өөрчлөлт гаргах боломжуудыг судалж ажиллах гээд олон ажлуудыг энэ жил ч цаашдаа ч хийнээ.
-Байгууллагын санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэх юм бэ. Таны дээр хэлсэн ажлуудыг хэрэгжүүлэхийн тулд нэлээн хөрөнгө мөнгө шаардлагатай болов уу. Намын дэргэдэх байгууллага гэдэг утгаараа намаас ямар нэгэн санхүүгийн дэмжлэг авна биз дээ?
-НАМЭХ Олон нийтийн байгууллага учраас бидэнд төрөөс ч юм уу, намаас маань тогтсон санхүүжилтийн дэмжлэг байхгүй. Гэхдээ намаас бүхий л ажилд маань бодлогын дэмжлэг хангалттай үзүүлж байгаа. Үйл ажиллагаандаа зарцуулагдах санхүүг өөрсдөө босгож, хандив, хураамж зэргээр хуулийн хүрээнд зохицуулж ажиллана. Тиймээс санхүүжилтийнхээ журмыг тодорхой болгох ажлыг эхлүүлсэн. Ер нь нэлээн нээлттэй, ил тод ажиллах зарчмыг миний хувьд барина. Ерөнхийдөө санхүүжилтийн тогтвортой байдал нь жигдрээд ирэхээр намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага маань илүүтэй олон нийтэд нээлттэй, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх төвшинд хүрэх зорилтыг тавина. Тиймээс зөвхөн намын гишүүддээ үйлчлэхээс гадна манай байгууллагыг сонирхсон охид, бүсгүйчүүд, хэн бүхэнд манай байгууллагын үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Энэ хүрээнд бид холбооныхоо дэргэд сайн дурын клубуудыг,мэргэжил сонирхлын бүлгүүдийг бодлогоор дэмжиж ажиллуулахаар төлөвлөж байна.Өсвөр насны охидын клуб байж болох ба хуульч,эмч эмэгтэйчүүдийн клуб байж болно шүү дээ. Ямар ч гэсэн эдгээр ажлыг бид энэ жилээс эхлүүлж, нээлттэй хамтарч ажиллахыг зорино доо.
-Орон нутагт байгаа эмэгтэйчүүддээ хэрхэн хүрэх вэ?
-21 аймаг, есөн дүүрэг, 330 сум нийслэлийн бүх хороо гээд ерөөсөө засаг захиргааны бүх нэгжид НАМЭХ-ны бүтэц байдаг. Хамгийн гол нь энэ бүтцээ жаахан идэвхжүүлэх хэрэгтэй байна. Яагаад гэвэл улс төрийн намын дэргэдэх байгууллага учраас сонгууль болохоор үйл ажиллагаа нь идэвхждэг сонгууль дуусахаар саармагждаг ийм байдлаас гарах хэрэгтэй. Ер нь сүүлийн хэдэн сонгуулийн үр дүн бол биднийг өдөр тутмын байнгын үйл ажиллагаатай байж, сайн ажиллах шаардлагатай гэдгийг л анхааруулж байгаа хэрэг. Тиймээс эдгээрийн үйл ажиллагааг тогтмолжуулах тал дээр нэлээн дэмжлэг үзүүлж ажиллана гэж бодож байна. Зарим идэвхжүүлэх аргаа ч бодож, салбар нэгж, бүтэц болгон эмэгтэйчүүдийнхээ байгууллагын нэр хаягаар нэрлэгдсэн нэг, нэг брэнд ажилтай болох зорилт дэвшүүлсэн. Жишээлбэл, манай нийслэлийн эмэгтэйчүүдийн холбоо жил болгон “Гоо сарнай”-г зохион байгуулж,энэ ажил нь олон нийтэд хүрсэн байгаа шүү дээ. Нийгмийн сайн сайхны төлөө өөрийнхөө мэдлэг боловсролоо зориулж буй эмэгтэйчүүдийг шалгаруулдаг. Үүнтэй адил Ховд, Хөвсгөл аймгийн эмэгтэйчүүд ч гэсэн өөрсдийн гэсэн брэнд ажилтай болох хэрэгтэй. Аймаг сум, дүүргийн эмэгтэйчүүдийн байгууллага ямар төсөл боловсруулж ирснийг шалгаруулж урамшуулах уралдааны болзлыг ч боловсруулсан байгаа. Удахгүй болох намынхаа 93 жилийн ойгоор уралдааныхаа болзлыг зарлах гэж байгаа.
-Том намын дэргэдэх байгууллага учраас та бүхэн гадаад ертөнц рүү хэрхэн харилцах вэ. Гадаад улс орнуудын эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтарч ажиллах төлөвлөгөө бий юу?
-Мэдээж гадаад ертөнцтэй холбогдохгүйгээр эмэгтэйчүүдийн байгууллага хөгжихгүй. Тиймээс ажлынхаа албанд гадаад харилцааны мэргэжилтэнг орон тоогоор ажиллуулахаас гадна олон улсын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагагуудтай хамтарч ажиллах, тэдгээр байгууллагуудын ажлын сайн туршлагыг судлах, гадагшаа олон улсууд руу суралцах боломжуудыг судлах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөж байна. МАН улс төрийн томоохон хүчин учраас олон орны улс төрийн намуудтай харилцаатай байдаг Социнтерний эмэгтэйчүүдийн байгууллага, Фридрих эбертийн сан, хөрш орнуудын намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтарч хамтын ажиллагаануудыг идэвхжүүлэх ажлыг санаачлах төлөвлөгөөтэй байна.
-Та дээр Монгол Улсынхаа бүх эмэгтэйчүүдтэй уулзах юмсан гэж хэлсэн. Тэр үг их сэтгэлд хүрлээ?
-Тийм ээ. Миний төлөвлөж байгаа томоохон ажлын нэг л дээ. Би миний ажил гээд намынхаа эмэгтэйчүүдтэй уулзахаас илүүтэй нийт эмэгтэйчүүдийнхээ талаар илүү судлах юмсан гэдэг бодолтой явдаг хүн л дээ. Би төрийн албанд намынхаа дэмжлэгээр тодорхой албанд ажиллаж байхдаа дандаа л хүүхэд,залуучууд,эмэгтэйчүүд гээд нийгмийн бүлгүүдийн асуудлыг хариуцдаг байсан. Монгол Улсад тэдэн өрх толгойлсон эмэгтэй, тэдэн ажилгүй эмэгтэй бий гээд л янз янзын судалгаа байдаг. Үүнийг нэгтгэж яг хэчнээн эмэгтэй өрх толгойлж байгаа юм, хэд нь ажилгүй гэртэй байдаг зэргийг нарийн судалгаа байхгүйд эмзэглэдэг. Тиймээс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан өдөр буюу гуравдугаар сарын 8-д үндэсний хэмжээний томоохон судалгааны ажил эхлүүлэхээр бэлдэж байна. Энэ ажил бол бидний хамгийн эхний бөгөөд хамгийн том ажил байх болно. Судалгааг Үндэсний статистикийн газраас мэргэжлийн зөвлөгөө авч, намын дэргэдэх Стратеги академи, мөн олон улсын байгууллагатай хамтарч явуулахаар зорьж байна. Ингэхдээ судалгааны хамгийн сайн аргачлал загварыг сонгож ажиллах болно. Судалгаанд бүх эмэгтэйчүүдээ хамруулах хэцүү бас том зорилтыг шантрахгүйгээр тавьж байгаа. Гэртээ хүүхдээ хардаг, өндөр настай , ажилгүй гээд бүх эмэгтэйчүүдээ хамруулаад оны эцэс гэхэд судалгаагаа дүгнэнэ. Мэдээж дээрх судалгааны дүнд дараа жилийн төдийгүй цаашдаа хийх ажлын төлөвлөгөөгөө боловсруулна. Яагаад гэвэл бид хэн нэгэн даргын хүссэн хэлбэрийн төдий,нэг удаагийн ажлыг бус бодит судалгаанд тулгуурласан олон нийтээс хүлээлт үүсгэсэн хариулт нэхсэн тийм л ажлыг төлөвлөж хэрэгжүүлэх учраас энэ ажил маань үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Үүнээс гадна эмэгтэйчүүд рүү хандаж улс төрийн намууд цаашлаад нийслэл, орон нутаг, Засгийн газар юу хийх шаардлагатай байна вэ гэдэгт энэ судалгаа хариулт өгөх болов уу. Тиймээс оны эцэст Үндэсний чуулган зохион байгуулж, судалгааныхаа дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэхээс гадна судалгааныхаа дүнд суурилсан бодитой ажлуудыг 2016 оны сонгуулийг угтаж эмэгтэйчүүдээ дэмжиж, бас тэдэнтэйгээ хамтарч ажиллавал л үр дүн гарна гэж найдаж байгаа.
-НАМЭХ ч тэр, бусад бүтэц ялгаагүй хүний нөөцийн асуудлаа хэрхэн шийдэж явах юм. Эмэгтэйчүүдээ удирдаад манлайлал болж байгаа эмэгтэйчүүд цөөхөн юм шиг санагддаг. Чадварлаг эмэгтэйчүүдийг хэрхэн бэлдэх вэ?
-Улс төрийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын боловсон хүчин, хүний нөөцийн асуудал маш чухал. Ер нь аль ч шатны сонгууль болохоор хэдэн эмэгтэйчүүд дарга болох гээд ч байгаа юм шиг, нэр дэвших гээд ч байгаа юм шиг ийм хэлбэрийн ойлголтоос иргэдээ ч салгамаар байна, сонгогчдоо ч салгамаар байна. Эмэгтэйчүүдийгээ ч салгамаар байна. Өөрөөр хэлбэл боловсролтой, ажлын туршлагатай эмэгтэйчүүдэд улс төрийн сонголт хийх зам нь нээлттэй байх ёстой. Өөрийгөө энэ төвшинд бэлтгэгдсэн гэж үзэж улс төр сонирхоод эмэгтэйчүүдийн байгууллагыг зориод ирж байгаа хүмүүсийн улс төрд орох гүүр нь манай байгууллага байх ёстой. Тиймээс бид манлайлагч эмэгтэйчүүдийг салбар салбараар нь судалж гаргах ирэх зорилго тавьж байгаа. Эмэгтэйчүүдээ олон нийтэд танилцуулах ажлыг байгууллагын бодлогын нэг хэсэг болгож авч явна. Өөрөөр хэлбэл санамсаргүй хүн улс төрд орох боломжгүй болно гэсэн үг. Монголчууд биеэ засаад гэрээ зас гэдэг шиг эмэгтэйчүүд маань өөрийгөө улс төрд бэлтгэж,төлөвшүүлэхэд нь манай байгууллага тосч аваад хамтарч ажиллах чадавхтай байх бодлогыг цогцоор нь шийдэх зорилттой ажиллана даа. Үүнтэй холбоотойгоор эмэгтэйчүүдийн чадавхи, манлайллыг дээшүүлэх бүхэл бүтэн сургалтын модул гаргаж, хэрэгжүүлэх бодолтой байна. Тэгээд л УИХ, нийслэл, дүүрэг, хороо, багт нэр дэвших эмэгтэйчүүдээ бэлдэнэ дээ. Манай эмэгтэйчүүдийн боловсролын төвшин Азийн орнуудын эмэгтэйчүүдийн боловсролын төвшнөөс их өндөр. Азид бичиг үсэг мэддэггүй, боловсролгүй гэдэг тоон үзүүлэлт их өндөр гардаг. Хамгийн гол нь манай эмэгтэйчүүдийн боловсролын түвшин өндөр мөртлөө шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоо хангалтгүй үзүүлэлттэй байгаа.Тиймээс эмэгтэйчүүдийнхээ манлайлалыг дээшлүүлж, оролцоог нь нэмэгдүүлэх талд анхаарч ажиллах шаардлага гарч байна.
-Эмэгтэйчүүдийн маш олон байгууллага байдаг л даа. Тэдгээрээс НАМЭХ юугаараа ялгаатай бас онцлогтой гэж та харж байна вэ?
-Эмэгтэйчүүдийн нэр хаягтай олон ТББ-ууд байгаа нь сайн хэрэг боловч, олон нийтэд хүрч ажиллах нь маш чухал шүү дээ. Манай байгууллага үндэсний хэмжээний бүтэцтэй. Тэр хэмжээгээрээ илүү олон эмэгтэйд хүрэх боломжтой гэсэн үг. Хаана ч очсон манай салбар зөвлөлүүд байдаг. Харин бидний үйл ажиллагаа бусад байгууллагаас ялгарч гардаг байх хэрэгтэй. Үүний төлөө ч бид шинэ бүтцээрээ сайн зүтгэж ажиллана даа. Бидний үйл ажиллагаа жигдрээд тогтмолжоод ирэх юм бол аяндаа асуудал шийгдэгдэх боломж бүрдэнэ. Өдөр тутмын тогтсон үйл ажиллагаатай байна гэдэг нь асар том боломжийг нээж өгнө.
-Та эмэгтэйчүүдийг улс төрд бэлтгэх талаар ярилаа. Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвших эмэгтэй хүн олдохгүй байна гэх шүүмжлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор энэ асуудлыг хөндөж байна гэж ойлгож болох уу?
-Парламентын засаглалыг хэрэгжүүлж байгаа ихэнхи улс орнуудыг хараад байхад эмэгтэйчүүдийнхээ төлөөллийг нэмэгдүүлэхийн тулд их олон арга хэмжээ авдаг. Үүнд квот хадгалах цахилгаан товчны арга буюу намууд нэр дэвшигчээ шийдэхдээ ч, листэндээ ч гурван эрэгтэй нэр дэвшигчийн нэрийг бичээд дөрөв дэхэд нь эмэгтэй нэр дэвшигчээ оруулж өгдөг. Энэ мэтээр явахад эхний 10-т хоёр эмэгтэй багтчихаж байгаа юм. Үүнийг хууль эрх зүйн хүрээнд улс төрийн намуудын түвшинд ч, үндэсний зөвшилцлийн хэмжээнд ч шийдэх ёстой. Улс төрийн бүх хүчин үүнийг шийдэх юм бол хүссэн хүсээгүй эмэгтэй гишүүдийн төлөөлөл бий болно. Ер нь 2012 оны сонгуулийн намуудын листийг хараад байхад хамгийн сүүлийн жагсаалтуудад эмэгтэйчүүдийнхээ нэрийг оруулсан байх жишээтэй. Одоогийн манай намын маань удирдлагууд 2016 оны листийг гаргахдаа энэ шударга төлөөллийн зарчмыг баримталж,эмэгтэйчүүдээ дэмжинэ гэдэгт бид итгэлтэй байгаа. Мөн энэ асуудалд ардчилалтай, улс төрийн соёлтой, ёс зүйтэй хандаж асуудлыг шийдүүлэхэд эмэгтэйчүүдийн байгууллага их хариуцлагатай байх үүрэгтэй . Намын дүрэмд нийт нэр дэвшигчийн 25 хувь нь эмэгтэйчүүд байна гээд заасан байхад дөнгөж 20 хувь хүргээд тасалчихаж байгаа юм. Тэгэхээр дүрмийн дагуу тоглолт хийдэг улс төрийн соёлыг улстөрийн намууд төлөвшүүлэх шаардлагатай байгаа. Энэ тохиолдолд нэр дэвших боломжтой олон эмэгтэйчүүдэд бодит боломж нээгдэнэ.
-Таныг 2016 оны УИХ-ын гишүүн гэж ярьж байна л даа. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Энэ бол намын дотоодын шийдэх асуудал. Манай эмэгтэйчүүдийн байгууллага хэнийг ямар түвшинд нэр дэвшүүлэх боломжтой юм гэдгийг бодлогоороо бэлтгэж гаргаж намдаа санал болгодог эрүүл тогтолцоог бий болгохыг зорьж байгаа. Би 1988 онд ОХУ-д сурч байхдаа энэ намыг сонгосон. Түүнээс хойш 26 жил өнгөрчээ. 26 жил намынхаа итгэл үнэмшилээр явсан хүн ямар нэгэн төвшинд нэр дэвшихэд гайхаад байх зүйлгүй биз дээ. Гэхдээ 2016 онд би өөрийнхөө нэрийг дэвшүүлнэ гэхээсээ илүүтэй энэ байгууллагын Ерөнхийлөгчийн хувиар эмэгтэйчүүдийгээ байх ёстой тэр квотод нь байршуулах асуудлыг нэн тэргүүний зорилт болгон ажиллана.
-УИХ дахь намын бүлгийн эмэгтэй гишүүд нэгдэж эмэгтэйчүүдийнхээ дуу хоолой болж ажиллана гэдэг л дээ. Үүнд та ямар бодолтой явдаг вэ. Би яагаад таниас ингэж асууж байна вэ гэвэл Монгол Улсын өнцөг булан бүрт байгаа эмэгтэйчүүдийн байгууллагын ерөнхийлөгч гэдэг утгаар нь асууж байгаа юм?
-Аливаа зүйлд олон нийтийн үнэлгээ гэдэг их чухал. Хувь хүн, нам, хамт олон үнэлэхээс илүүтэй ард түмэн, хүнийг үнэлнэ гэдэг маш том шалгуур гэж боддог. Саяхан манай залуучуудын байгууллага УИХ-ын эмэгтэй гишүүдийг олон нийт хэрхэн таньдаг вэ гэх сонирхолтой санал асуулга явуулсан. Гэтэл тэдний дундаас Д.Оюунхорол, Д.Сарангэрэл,Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нарыг илүү мэддэг гэсэн дүн гарсан байна лээ. Харин З.Баянсэлэнгэ, О.Бурмаа нарыг иргэд огт мэдэхгүй байна гэсэн дүн гарсан гэхэд харамсалтай л сонсогдож байсан. Уг нь УИХ-ын гишүүн болоод эмэгтэйчүүдээ төлөөлөөд сууна гэдэг асар том үүрэг хариуцлага. Яагаад гэвэл УИХ-ын бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацааны хоёр жил нь явчихсан байна шүү дээ. Тэд хэзээ иргэддээ танигдах юм бэ. Тиймээс бэлтгэгдсэн эмэгтэйчүүд л эмэгтэйчүүдийнхээ дуу хоолой болж ажиллаж чадах юм байна гэсэн итгэл үнэмшил хүссэн хүсээгүй төрж байгаа юм.. Өнөөдөр хамгийн хариуцлагатай нийгмийг эмэгтэйчүүд л бий болгодог. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирлаа гээд л байгаа мөртлөө гол тусгал нь ард түмний амьдралд шууд буух ёстой биз дээ. Тэгээд өнөөдөр ард иргэдийн амьдрал сайхан болчихоод байгаа нь хаана байна. Энэ талаар дуугарч байгаа эмэгтэй гишүүд алга байна.Магадгүй тэд цөөхүүлээ байж болно. Ер нь олон орны туршлагаас харахад эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд олноороо бий болвол тодорхой цаг хугацааны дараа монголын нийгэм, монголчуудын амьдралын чанарт өөрчлөлт гарна гэдэгт би итгэдэг.
-2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд 12 эмэгтэй парламентад орлоо. Энэ том алхам биш гэж үү?
Үнэхээр сүүлийн жилүүдэд гараагүй том ахиц гарсан шүү дээ. Ард түмний олгосон мандатыг тэд хэрхэн сайн биелүүлж байна вэ гэдэгт ард түмэн үнэлгээгээ өгч байгаа. Манай эмэгтэйчүүдэд олон асуудлаар тэдний туслалцаа хэрэгтэй байгаа нь тодорхой шүү дээ. Тэднийг хааяа телевизийн өмнө гарч, ярихаасаа илүүтэй заалнаасаа гарч, тэдний амьдрал дунд нь орж ажиллаасай гэж хүсдэг дээ.
Д.МЯГМАРСҮРЭН
Эх сурвалж: