Б.ДАМДИН-ОЧИР
Интернэтийн http://dvab.gov.mn/ хаягаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газрын мэдээллийн санд нэвтэрч болно. Нэвтрээд орохул тус газрын дарга М.Галбадрахын булган малгай духдуулж, “хүн зах”-тай дээлээр гоёж, хаш хөөргөөр гангараад Сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн сайхан зураг угтана.
Нэлээд ухаж байж Мал эмнэлэг үржлийн газрын ажлын тайланг олж үзнэ. Энэ газрынхан өнгөрсөн оны сүүлчээр энэхүү цахим хуудаст ажлынхаа явцын тайланг оруулжээ.
“Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 2013 оны арга хэмжээний хүрээнд 24 төрлийн тарилгад давхардсан тоогоор 48.3 сая мал, лабораторийн 22 нэр төрлийн шинжилгээнд 655.5 мянган малыг хамруулахаар төлөвлөж, Биокомбинат ТӨААТҮГ-тай 14.391.882 литр шингэн вакцин, 27.655.73 мян тун хуурай вакцин, биобэлдмэлийг 5.1 тэрбум төгрөгт нийлүүлэх гэрээ байгуулан графикт хугацаанд нь захиалгын дагуу орон нутагт нийлүүлж, мал эмнэлгийн нэгдсэн арга хэмжээ явагдаж байна.
Мал эмнэлгийн хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2013 оны халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээнд 3.833 тэрбум, лабораторийн оношлогоо шинжилгээ ариутгал халдваргүйжүүлэлтэд 1.617 тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр гүйцэтгэх юм.
Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зүүн таван аймгийн 53 сумын 17.6 сая малыг вакцинжуулах ажлыг 04 дүгээр сарын 20-ноос эхлэн эхний ээлжийг хийж дуусаад байна.
Мөн бруцеллёзын өргөн вакцинжуулалтад Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Завхан аймгийн бүх үхэр, бог малыг, бусад аймгийн төл нийт 20.9 сая малыг тус тус хамруулна…” гэсэн байна.
Эндээс үзвэл малын халдварт өвчний вакциныг тэрбум тэрбумаар нь мөнгө зарж байж оруулж ирэн малдаа хийдэг. Монголын мал тэр чигтээ вакцинд хамрагдаж, хэр баргийн халдварыг тоохооргүй болсон гэж бодохоор. Гэвч үгүй ажээ.
Он солигдохтой зэрэгцэж идэвхижсэн шүлхий өвчин “явж өгч” байгаа. Ирж буй цагийн дулааралд цохиулан энэ жилдээ намдах төлөвтэй хэмээн мэргэжилтнүүд найдаж байна. Мөн ОХУ-аас нэмэгдэл вакцин оруулж ирэхээр захиалгаа өгчихсөн ажээ. Хүн малын хөл хорьж, шүлхийн халдвар авсан гэх олон зуун малыг устгах… Ингэхгүй байж болохгүй юу гэдэг асуулт аль хэдийнээс гараад байгаа.
Хариулт өгөх газар, хүн үнэндээ байхгүй. Харин энэ шүлхийний буруутнаар хужаа, цагаан зээр хоёр л тодорсон. Аргаа барсан л “хариулт”.
Ямар нэг халдварт өвчин гарахаар төсвөөс, эсвэл төр засгийн нөөц хөрөнгөөс дахин хэмжээний мөнгө гаргаад хаанаас ч юм вакцин худалдаж авдаг жишиг тогтоод уджээ. Зарим талаараа хэн нэгэн хэсэг бүлэг хүний бизнес ч яваад байх шиг.
Чухамдаа манайхны хувьд шүлхий шинэ өвчин биш, вакцин энэ тэр дахин захиалдаг ч өнөөдөр тохиож байгаа эд биш. Одоогоос дөрвөн жилийн өмнө 2010 оны арваннэгдүгээр сард шүлхий дэгдэж бас л асуудал дэгдэж байв. Тэр үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд байсан Ж.Сауле,
“Өнөөдрийн байдлаар 200 мянган тун вакцин оруулж ирсэн. Үүгээр Улаанбаатарын 450 мянган малыг вакцинжуулна. Мөн ОХУ-аас 200 мянган тун вакцин авна. Япон 200 мянган ам.долларын мөнгөн тусламж үзүүлэхээр болсон. Энэ хооронд Засгийн газар зүгээр хараад суугаагүй. 5.1 тэрбум төгрөг гарган шуурхай ажиллаж байна.
Жил бүр орон нутагт вакцин хийдэг. Хүнд нэг удаа вакцин хийхэд насан туршид дархлаа үүсдэг. Харин малд жилд нэг удаа хийхэд тухайн жилээ даадаг. Улсын онцгой комисс болон Засгийн газарт бид ажлаа тайлагнана. Хариуцлагын асуудлыг ч хөндөж ярина. Хариуцлага байх ёстой. Өнгөрсөн жил вакцинжуулсан юм бол яагаад үр дүнгээ өгөөгүйг ярих л хэрэгтэй.
Сүхбаатар аймагт дархлаажуулалтын вакцин хийсээр байтал 47 хувьтай, Дорнодод 87 хувьтай тогтсон байна. Үүний цаана нэг юм байгаа биз” гэж байв. Гэсэн ч тэр байдал өнөө хэр яг хэвэндээ л байсаар.
Ж.Саулегийн хэлснээр цаана нь ямар нэг юм байна. Мал эмнэлэг үржлийн газрын хувьд “дарга нар”-ын мөнгө угаадаг газар болсон талаар дээр дооргүй л ярьдаг. Вакцины “наймаа” хамгийн орлоготой гэж байгаа. Тэр утгаараа вакцинтай холбоотой маргаан нэлээд хэдэн жилийн өмнөөс улбаатай. Өдгөө Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж буй Л.Гансүх 2002 онд вакцины маргааны талаар хэвлэлийн бага хурал зарлан сэтгүүлчдийг цуглуулж сүрхий зарга хийж байв. Мань хүн тэгэхэд төрд ороогүй, Унгарын “Сева фелаксиа” гэдэг малын эмийн үйлдвэрийн охин компанийг Монголд төлөөлж байсан шиг санаж байна. Тэрээр “ХуМо фарма” хэмээх монгол компанитай заргалдсаар дийлж байв. Вакцины импортоос болж л маргасан хэрэг шүү дээ. Асар их ашигтай энэ тендерээс хасагдах нь ямар хохирол эрсдэлтэй нь тодорхой. Энэ мэтчилэн төр тендер зарлаад, тэр нь жаахан лоохуутай болж хэн нэгэн эрхийг нь аваад Монгол руугаа вакциныг тонн тонноор нь зөөж өгдөг. Авчирсан вакциныг нь Мал эмнэлэг үржлийн газрынхан аймаг сумдаар нэг тарааж, тарьснаар “Вакцинжуулалт” хэмээх том ажил дуусч байгаа нь тэр.
Энэ байдал өнөөдөр ч яг хэвээрээ. Мал эмнэлэг үржлийн газрынхан шүлхийний вакцин худалдаж авах тендерийг хоёр хоногийн өмнө зарлажээ.
Энд маш хачирхалтай нэг юм байгаа. Тендерийн урилга гээч дээрээ тендерт оролцогч нь зөвхөн тавьж буй санхүүгийн шаардлагыг хангана гэж заажээ. Гэрээний санхүүжилтэд захиалагчаас нэг жилд дунджаар зарцуулах хөрөнгийн 45 хувиас багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгийн 1,000,000,000.00 /нэг тэрбум/ төгрөгөөс багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо, сүүлийн хоёр жилийн буюу 2012, 2013 оны санхүүгийн жилийн эцсийн тайлан, тендерийн хамт өөрийн санал болгож буй үнийн дүнгийн 1 /нэг/ хувьтай тэнцэх хэмжээнийнтөгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ” гэсэн байна. Түүнээс биш хаагуур баталгаажсан, ямар вакциныг аль улсаас оруулж ирэхээ тайлагнана гэсэн шаардлага огт байхгүй. Марзан байгаа биз.
Ядаж байхад манайд орж ирсэн вакцин оношилж, шинжилдэг лаборатори гэж байхгүй. Тэгэхээр санхүүгийн чадвартай л бол, бас тендер авчих танилтай бол үүгээр мөнгө хийх боломж бүрэн нээлттэй гэсэн үг болох нь. Төрөөс мөнгө авчихна, түүнээс нь баахан ашиг унагаад вакцин хэмээх өөрөө ч мэдэхгүй савласан шингэнүүдийг ачаад оруулаад ирнэ. Тэгээд л гүйцээ. Сайхан бизнес.
Ачиж ирсэн вакцин жинхэнэ байна уу, аль эсвэл өнгийг нь өөрчилсөн зүгээр л нэг ус байна уу, юуны хамаа. Мал ямар ёо гэх биш. Ус тарьчихлаа гэж халуурч бүлээрээд, улцайж уйлаад байх биш.
Олон ч жил ийм жишгээр “Вакцинжуулалт” явж иржээ. Зарим нэг хяналт шалгалтын багийнхан “Асуудалтай байна…” сулхан дуугардаг л байж. Зургаан жилийн өмнө
Д.Чулуунбат / Монголын хүний хөгжлийн бодлого судлалын хүрээлэн (МХХБСХ)-ийн тэргүүн, магистр/, Г.Баттулга /МХМЭХ-ын тэргүүн, магистр/, Г.Төмөрхадуур /МХМЭХ-ын гишүүн, мал эмнэлгийн ухааны доктор/, Г.Энхтуяа /МХМЭХ-ын гишүүн/, З.Оюунгэрэл /МХМЭХ-ын гишүүн/ нар Дорноговь аймгийн Дэлгэрэх, Эрдэнэ сум, Булган аймгийн Хишиг-Өндөр, Могод сум, Дархан-Уул аймгийн Орхон, Дархан сум, Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Хэрлэн сум, Орхон аймгийн Орхон, Жаргалант сум зэрэг говь, хангай, баруун, зүүн, төвийн бүсийн таван аймгийн 13 сумын хувийн 25 мал эмнэлэг, найман төрийн байгууллага, 55 малчин өрхийг хамруулан мониторинг хийжээ.
Тэд дүгнэлтдээ “Мал, амьтны халдварт өвчнөөс эмчлэн сэргийлэхэд жилд дунджаар 22.2 сая толгой мал, амьтанд 29 төрлийн вакцин, ийлдэс үйлдвэрлэдэг. Улаанбаатар хотын Хан- Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Биокомбинат нь мал, амьтныг халдварт өвчнөөс эмчлэн сэргийлэх вакцин, ийлдэс үйлдвэрлэдэг цорын ганц улсын үйлдвэрийн газар, улсын төсвөөр улсын захиалгыг гүйцэтгэдэг учраас өрсөлдөгчгүй. Харин энд үйлдвэрлэдэггүй бараа, бүтээгдэхүүнийг шаардлагатай тохиолдолд тендер зарлан импортоор оруулж ирдэг. Уг үйлдвэрийн үйлдвэрлэлт, хадгалалтад тавих хяналт, шалгалт өндөр байдаг ч тээвэрлэлт, очсон хойноо хадгалах хадгалалтад тавих хяналт сул байгаа нь нийлүүлэгч, захиалагчийн хооронд бүтээгдэхүүний чанарын талаар маргаантай асуудал үүсгэдэг. Вакциныг зориулалтын бус, орон нутгийн тээврийн хэрэгсэл /галт тэрэгний тээш, ачааны автомашин, зарим аймагт нисэх онгоц/-ээр тээвэрлэдэг, захиалагч хүлээн авсан байранд бүтээгдэхүүн хадгалах зориулалтын тоног, төхөөрөмж дутагдалтай байдгаас ил, задгай хадгалдаг. Вакцин ийлдсийн захиалгыг өмнөх онд нь авдаг учраас мал хорогдсон газар илүүдэж очиж байна. Жишээ нь, Дорноговь аймгийн Эрдэнэ суманд 2007 онд үхэр их хорогдсон учраас үхэрт тарих бруцеллёзын вакцин илүүдэлтэй гарчээ. Мөн нийлүүлэгч захиалсан тооноос дутуу нийлүүлснээс үүдэн тухайн нутаг дэвсгэрт байгаа мал сүрэг бүрэн хамрагдах боломжгүй нөхцөл үүсч, улмаар өвчин гарвал хамрагдаагүй нь хохирол амсах буюу гараагүй тохиолдолд хамрагдаагүй нь ч болж гэх ойлголт захиалагчдад төрдөг болжээ. Вакцин тариад дархлаа тогтсон эсэхэд хяналт тавьдаггүйгээс вакцины чанарын баталгаа тодорхой бус, зарим нэр төрлийн вакцины савлагаа тохиромжгүй байна. Мэргэжлийн хүн хүчний нөөц дутмаг байдгаас ажил үйлчилгээний чанарын тал дээр эргэлзээ төрүүлдэг. Үүнийг Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 80 гаруй мянган толгой малд малын нэг их эмч, нэг бага эмч үйлчилгээ үзүүлж байгаагаас харж болно. Малын эмч, орон нутгийн засаг дарга болон малчидтай байгуулсан гэрээний дагуу ажил, үйлчилгээний гүйцэтгэлд олгогдож байгаа хөлс нь зах зээлийн үнэлгээнд нийцэхгүй, доогуур байгааг 1999 онд мал эмнэлгийн салбарын хувьчлалаар байгуулагдсан мал эмнэлгүүдийн ихэнх нь материаллаг баазын хувьд бэхжих нь бүү хэл, үүд хаалгаа барихад хүрээд байгаагаас харж болно. Малын эмч нар мэдлэг, боловсрол, ажил, үйлчилгээгээ нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлэн хөгжүүлэх талаар туйлын санаачилга муутай байна.
Вакциныг сонгох ямар ч сонголт байхгүй, зөвхөн Биокомбинатад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг л захиалж, үйлдвэрлэж, нийлүүлж, хэрэглэдгээс өрсөлдөх, сонгох, чанартай бүтээгдэхүүн хэрэглэх боломж харьцангуй хаагдмал байна.
Булган аймгийн Булган сумын “ Өндөр Хүр “ хувийн мал эмнэлгийн эзэн Г:
– Вакцины чанарыг муу гэж үздэг. 10-20 хувь л дархлаа тогтдог. Вакцин ихэнх нь тунадастай ирдэг. Төвөөс “Зайлж байгаад тарь” гэдэг зөвлөгөө өгдөг гэсэн.
Энэ дүгнэлт л гэхэд архивт хадгалагдсан цаас болж хоцорсон. Иймэрхүү маягаар вакцины тендер, ачилт, хадгалалт, тарилга гээд “Вакцинжуулалт”-ын бүх шат дээр хэлсэнчлэн “Мал ямар ёо гэх биш дээ, ямар хамаатай юм…” гэх уриатай хэрэгжсээр…
ЗУУНЫ МЭДЭЭ