Ардын жүжигчин, дуучин А.Долгор энэ сарын 8-ны өдөр “Зүйрлэшгүй сайхан” уран бүтээлийн тайлан тоглолтоо үзэгч олондоо өргөн барина
Тэрбээр жил бүр эмэгтэйчүүдийн баяраар уран бүтээлээрээ олон түмэнтэйгээ учран золгодог. Тоглолтдоо эх, үрийн элбэрэл хайр, эх орны сэдэвтэй дуунуудаа дуулахаар төлөвлөжээ. Мөн гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяатай “Эх дэлхий бидний ээж”, ДБЭТ-ын дуучин Г. Ариунбаатартай “Эх дэлхий бидний ээж”, дуучин Т.Дэлгэрмөрөнтэй “Сэтгэлд мөнхөрсөн ээж” зэрэг дуугаа хүргэх аж.
Төв аймгаас төрсөн дуучиндаа ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, П.Бадарч, Б.Лхагвасүрэн, Ш.Дулмаа нар найраг шүлгийн дээжээсээ сорчлон зочдын сонорыг мялаах юм.
Тэрбээр Төв аймгийн Хөгжимт драмын театрт анх 1973 оноос дуулж эхэлснээс хойш уран бүтээлээ тасралтгүй туурвижээ.Өнгөрсөн намар урлагт зүтгэсэн 40 жилийн ойдоо зориулсан тайлан тоглолтоо цөөн үзэгчдийн хүрээнд тэмдэглэсэн байна.
Ж.Болор