Өөрийн нэрийг бусад хүмүүс мартаасай гэж бодож явдаг хүн ертөнцийн хаана ч байдаггүй биз ээ. Бусдын нэрийг цээжлэх нь бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж, найрсаг харилцаа тогтоох хамгийн найдвартай арга юм.
Наполеоны амжилт юу байсан бэ?
Наполеон урд нь хүний нэрийг тогтоохдоо маруухан байжээ. Үүнээсээ болоод тэр найз нөхдийнхөө дунд ч , өөрийн харьяанд байдаг хүмүүсийн дунд ч нэр хүнд нь өсч өгөхгүй байв. Хожим нь Наполеон хүмүүсийн нэрийг цаасан дээр бичиж аваад, өрөөнийхөө хаалгыг хааж, ухаан санаагаа төвлөрүүлэн байж цээжилдэг болжээ. Үүнийхээ ачаар тэрбээр хэчнээн завгүй байсан ч бусдын нэрийг хольж солилгүйгээр дуудаж чаддаг болсон гэдэг. Энэ нь эргээд олон түмний хайр хүндэтгэлийг хүлээж, шүтэн бишрэх сэтгэгдэл төрүүлсэн байна.
Хүний сэтгэлийг татах арга
Зарим хүн бусдын нэрийг тогтоодоггүй нь хичээл зүтгэл гаргадаггүйд л оршдог байна. Ерөнхийлөгч Франклин Лосиф уулзаад өнгөрсөн бүх хүний нэрийг тогтоож явдаг бөгөөд ганц удаа үг солиод өнгөрсөн техникчийн нэрийг ч мартддаггүй аж.
Нэг удаа ерөнхийлөгч Лосифт зориулан нэгэн шинэ машин угсарчээ. Машиныг ноён Жем техникчийнхээ хамтаар цагаан ордонд хүргэж өгч гэнэ. Хожим нь ноён Жем “Намайг цагаан ордонд очиход Ерөнхийлөгч инээмсэглэн дөхөж ирээд, миний нэрийг халуун дотноор дуудахад би жигтэйхэн их баярлаж билээ. Ерөнхийлөгчид машин их таалагдсан нь надад хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн юм. Ерөнхийлөгчийн талархалд хуурамч маяглал огтхон ч байхгүй байлаа” хэмээн дурсамжиндаа бичжээ.
Франклин Лосиф хүний сэтгэлийг татах нэгэн энгийн хэрнээ маш чухал аргыг сайтар эзэмшсэн нь бусдын нэрийг тогтоох.
Харин бидний дундаас чухам хэдэн хүн ингэж чадах бол?
Бид хэн нэгэнтэй танилцаад хэдхэн минут ярьж суучихаад “баяртай” гээд салах үедээ түүний нэрийг бараг л мартчихсан байдаг шүү дээ.
Наполеоны зээ хүү гуравдугаар Наполеон танилцсан бүх хүнийхээ нэрийг мартддаггүй байжээ. Түүний бусдын нэрийг цээжлэх арга нь маш энгийн Танилцсан хүнийхээ нэрийг сайн сонсоогүй бол “Уучлаарай, би сонссонгүй” гэх юм уу ховор тохиох сонин нэртэй хүн байвал “таны нэрийг яаж бичдэг юм бэ?” гэж асуудаг байжээ. Тэгээд түүнтэй ярилцаж байхдаа нэрээр нь хэд дахин дуудаад, түүний зүс царай, онцлог байдал, ерөнхий төлөвийг нь сайн цээжилнэ. Харин танилцсан хүн нь чухал хэрэг болж мэдэх хүн бол гуравдугаар Наполеон аргаа нарийвчлан, хажуудаа хүнгүй болохыг хүлээж байгаад өнөө хүнийхээ нэрийг цаасан дээр бичиж, сайтар цээжилсэний дараа урж орхидог байжээ. Хүний харах мэдрэмж нь сонсохоосоо илүү ой тогтоолтод сайн нөлөөлдөг байна. Бид андынхаа нэрний цаана агуулагдаж байгаа бүхнийг сайтар ухаж ойлгох хэргтэй. Нэр бол зөвхөн түүнийг л төлөөлөх зүйл.
Хүмүүс нэрэндээ юунаас ч илүү хайртай
1989 онд Нью Йорк хотын Локлэндэд нэгэн эмгэнэлт явдал болсон юм. Нэгэн жаахан хүү хорвоог орхин оджээ. Тэр өдөр Жим Фари адууны жүчээнээсээ оршуулах ёслолд унаж явах морио гаргахаар очиход, газарт цас лавсан орж, тэнгэр маш хүйтэн байлаа. Энэ хүйтэнд хэдэн өдөр гадагш гаралгүй жүчээнд зогссон морь жүчээний булан эргэх үед гэнэт цоройн цамнаж гарчээ. Жим Фари мориндоо өшиглүүлэн бас өөд болжээ. Ийнхүү богинохон хугацаанд хоёр ч оршуулга болсон байна.
Жим Фари гурван хүүхэдтэй бэлвэсэн эхнэрээ хэдхэн зуун долларын даатгалын мөнгөтэй л үлдээжээ. Түүний хамгийн том хүү Жим нь дөнгөж 10 нас хүрч байлаа. Тэгсэн ч тэрбээр бяцхан биедээ баймгүй хүч гарган, тоосго зөөх ажилд оржээ. Хөөрхий хүүд сургуульд суралцах боломж олдоогүй боловч хэний ч гайхлыг төрүүлэхүйц хүний нэр тогтоодог хүүхэд байлаа. Хожим нь тэр хүү улс төрийн хүрээнд гарч иртлээ өссөн байна. Түүнийг 46 нас хүрэхэд дөрвөн ч дээд сургууль төгсөлтийнхөө дипломыг гардуулсан гэдэг. Төд удалгүй тэр Америкийн Ардчилсан Намын Зөвлөлийн тэргүүлэгч, Шуудангийн ерөнхий товчооны даргаар томилогджээ.
Сурвалжлагч Жимээс:
-Та амжилтад хүрсэн нууцаасаа дэлгээч гэхэд тэрбээр энгүүнээр инээмсэглээд.
-Хичээх хөдөлмөрлөх гэж хэлжээ. Үүнийг сонссон сурвалжлагч хэтэрхий энгийн үгийг дотроо чамлан,
-Та тоглож байгаа байлгүй дээ.
-Та тэгвэл юу гэж бодож байна?
-Таныг арван мянган нэрийг хольж солилгүйгээр дуудаж чаддаг гэж ярьдаг шүү дээ.
-Би тавин мянган нэрийг ч чөлөөтэй дуудаж чадна гэж Жим хэлсэн байна.
Жимийн аль эрт анзаарсан зүйл нь хүмүүс өөрийнхөө нэрэнд энэ дэлхийн ямар ч хүний нэрнээс илүү хайртай байдаг явдал юм. Хүний нэрийг тогтоож, түгдрэлгүй зөв сайхан дуудах нь уран нарийн, үр дүнтэй магтаал болдог.
Олон жилийн дараа нэгэн танил чинь тааралдах үед таны оюун ухаан тэр хүний нэрийг санахгүй бол та инээмсэглэн мэндлээд,
-Чи чинь турчихаа юу даа? гэж асуугаарай. Таргалах, турах гэдэг байдаг л асуудал учраас ийм маягийн асуулт таныг эвгүй байдалд оруулахгүй. Та бас,
-Юу хийж байгаа вэ? Гэр чинь хуучиндаа юу? гэж асууснаар таны ой ухаанд мартагдсан нэр сэргэж магадгүй. Ингэж асуугаад ч таны санаанд түүний нэр буухгүй бол “асуух” бус “магтах” аргыг сонгоорой.
-Энэ хэдэн жилийн дотор улам залуужчихсан байна шүү. Үгүй ингэхэд чи чинь. . . гэхэд ихэнх тохиолдолд цаад хүн нь нэрээ хэлдэг байна. Энэ богинохон магтаал таныг олон зүйлээс аврах болно.
Хэрвээ та бусдад нэр хүндтэй байхыг хүсдэг бол үүний хамгийн гол оньс нь бусдын нэрийг тогтоох. Хүний нэр гэдэг тухайн хүний хувьд хамгийн гайхамшигтай, хамгийн чухал авиа байдаг байна.