Алдартай аавын охин байх, аавын энд хүрч үнэлэгдэнэ гэдэг бүр ч амаргүй. Тэр тусмаа төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров хэмээх агуу хүн ард нь зогсож байдаг учраас хазгай гишгэх эрх түүнд байгаагүй. Гэсэн ч тэр хэний ч туслалцаагүйгээр өөрийн замаар алхаж чадсан юм. Тиймдээ ч Жанцанноровын гэхээсээ Морин хуурын чуулгын гэх овог Ууганааг илүү тодотгодог. Анхны мэргэжлийн эмэгтэй морин хуурчдын нэг, Морин хуурын чуулгын ууган гишүүдийн нэг, аавын ууган охин Н.Жанцанноровын Уугантуяаг “Нэртэй хүний зүстэй охин” буландаа урилаа. Тэрбээр морин хуурчаас гадна чуулгынхаа менежерийн албыг давхар хашдаг.
-Багадаа ер нь ямархуу хүүхэд байв. Урлагийн орчинд өссөн хүүхэд бусдаас арай л өөр юм шиг санагддаг.
-Мэдээж төрсөн цагаасаа л дуу хөгжим сонсож өссөн. Ухаан орсон цагаас л аав маань шөнөжингөө төгөлдөр хуур тоглож, хөгжмөө зохиогоод суудаг байсан. Амралтын өдрүүдээр юм уу, эсвэл баяраар урлагийн сайхан хүмүүс манайд ирж, яриа өрнүүлэх, нэгнийхээ хийсэн шинэ уран бүтээлийг анх сонсох, санал шүүмжлэл өгөх ч юм уу, эсвэл хамтарч ажиллах гэж байгаа уран бүтээлчид нь ч ирдэг юм уу, ер нь л маш өрнүүн амьдралаар амьдарч ирсэн. Урлаг бол амьдралын маань нэгээхэн хэсэг биш, бүхэл хэсэг маань. Уран бүтээлч болох замд аав минь чиглүүлж өгсний хажуугаар би өөрөө их сонирхолтой байсан. Сонсголоороо төгөлдөр хуур тоглож сурсан. Хааяа дүүтэйгээ хоршиж тоглоно. Ямар ч багшийн тавилтгүйгээр сурсан гэх үү дээ. Манай Батчулуун багш, аав хоёр багын сайн найзууд. Найзлаад бараг 30 жил болж байна. Намайг төрдөг жил тэр хоёр хамт ЗХУ-д тоглолтоор явж байсан гэдэг юм, 1978 онд. Хожим хоёр найз ярилцаад анхны эмэгтэй морин хуурч бэлтгэвэл яасан юм бэ гэж шийдсэн юм байна лээ. Мэдээж авьяас, чадвартай юу гэж шалгасан байлгүй. Тэгээд мэргэжил сонгоход минь санал болгосон.
-Аравдугаар ангид байхад чинь уу?
-Үгүй тавдугаар ангид. Хөгжим бүжгийн коллеж тавдугаар ангиас нь элсэлт авдаг юм. Би 12-13 настай л байсан байх. Намайг тэр үед аав минь чиглүүлж, урлагийн хүн болгосон учраас би өдий болтол зүтгэж явна. Мэргэжлийн морин хуурч гэж өмнө нь байгаагүй. Анхны элсэлтээ авахдаа урлагийн гэр бүлд төрсөн хүүхдүүдийг элсүүлбэл дээр юм болов уу гэж бодлогын хувьд шийдсэн юм шиг байгаа юм. Тэгээд одоо хүртэл хамтарч ажиллаж байгаа найз Уянгаа маань Эрдэнэтээс шалгарч ирсэн. Аав нь хөгжимчин хүн байсан. Сэлэнгээс Оюунаа гэдэг охин ирсэн. Аав нь бас дуу хөгжмийн багш. Тэгээд Уянгаа бид хоёр л төгссөн.
-Бусад нь дандаа эрчүүд байсан уу?
-Тийм ээ. Угаасаа дандаа эрэгтэй хүүхдүүдийг морин хуурч болгохоор сонгодог байсан. Гэхдээ зөвхөн бид хоёр л эмэгтэй морин хуурч гэсэн үг биш. Хөдөө орон нутгаар эмэгтэй хуурчид, хуур татдаг ардын авьяастнууд зөндөө байдаг. Харин яг нот харж татах ч юм уу, тэр талаасаа бид анхных нь байсан. Бид хоёроос хойш маш олон эмэгтэй морин хуурч төрж байна. Уянгаа бид хоёр ямар ч гэсэн эмэгтэй хүн морин хуур тоглож болдог юм байна гэдэг зам нээж, хүмүүсийн сонирхлыг татаж чадсан юм болов уу гэж боддог. Жишээ нь Дундговь аймагт дан эмэгтэйчүүдээс бүрдсэн сонирхогчдын морин хуурын чуулга байна. –
Анх хөгжим тоглож байхад аав чинь зөвлөдөг байсан уу?
-Ер нь мэргэжлийн тал дээр тэгж тогло, ингэж тогло гэж хэзээ ч хэлдэггүй, зөвлөдөггүй. Би хажууд нь, өрөөнд хөгжмөө давтаад л сууж байдаг. Аймаар аймаар дуугаргаад л. Чиний наадах чинь муухай дуугараад байна, тэр чинь буруу байна гэж хэзээ ч хэлж байгаагүй. Манай Батчулуун багшид л итгэдэг байсных биз. Мэдээж багш нь зааж хэлж байгаа юм чинь би юу хэлэх вэ гэдэг байсан байх.
-Эхээсээ гурвуулаа байх аа?
-Тийм ээ. Би эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй. Бид гурав ер нь тэрсхэн. Багадаа бол бужигнаад л өнгөрсөн байж таарах гээд байгаа юм. Манай бага дүү төгөлдөр хуурын ангийг төгөлдөр хуурч, хөгжим судлаач мэргэжлээр төгсөөд одоо Японд хөгжмийн зохиолч, урлагийн менежерээр суралцаж байгаа. Сая курсийн ажлаараа Морин хуурын чуулгад зориулж хөгжмийн зохиол бичсэн. Цаашдаа ч бичих байлгүй. Аавын шийрийг хатааж байгаа хүн гэвэл манай тэр дүү л байна. Дунд талын, эмэгтэй дүү эдийн засагч мэргэжилтэй. Гэхдээ бас урлагийн өндөр мэдрэмжтэй, гарын ур дүйтэй. Оёх, шидэх, хатгамал хийхдээ сайн. Ээж минь оюутан байхдаа дуулж бүжиглэдэг, ятга хөгжим тоглодог, шаггүй урлагийн хүн байсан.
-Ээж тань ямар мэргэжилтэй вэ?
-Эдийн засагч.
-Та гурваас аавыгаа хэн нь илүү дуурайсан бэ?
-Манай эмэгтэй дүү ээжийг их дуурайсан. Эрэгтэй дүү аавтай илүү адилхан. Намайг харин аавын ээж, эмээгээ их дуурайсан гэдэг юм. Зүс царай болон зан байдлын хувьд ч гэсэн. Бид гурав бага насаа аавынхаа ээж дээр Өвөрхангай аймагт, хөдөө өнгөрүүлсэн. Зуны гурван сарыг хөдөө өнгөрүүлж, их ч ажил хийж сурсан даа. Манай эмээ маш ажилсаг хүн байсан. “Би үхэхдээ та нарын сурсан юмыг аваад явчихгүй ээ, та нар нэг ч гэсэн ажил сураад ав” гээд л, юм болгоныг заадаг. Өглөө үхэрт гарна, аргалд явна, ус авна. Тэгж л амардаг байсан.
-Жанцанноров гуайн аав, ээж урлагийн хүмүүс үү?
-Ер нь Монголын ард түмэн авьяастай шүү дээ. Манай эмээ сайхан дуулдаг хүн байсан. Одоо аавын маань ганц ах нь Өвөрхангайд бий. Уртын дуу маш сайхан дуулдаг Гончиг гээд малчин хүн байдаг. Аавын аав дээр үеийнхээр бол үүргийн худалдаачин байсан гэдэг юм. Дандаа жинд явдаг. Өвөө их эрт, аавыг залуухан байхад нас барсан гэсэн. Бид нар өвөөгөө үзээгүй. Эмээ дээрээ л өссөн.
-Танай удамд алдартай дууч, хуурч байсан уу?
-Аавын талаас яг тийм алдартай хүн байгаагүй. Их сонин. Аавынхаа удмыг дагасан юм уу гээд бодоод байсан чинь. Би тун саяхан, сүүлд л мэдлээ л дээ. Монголын алдарт хуурч Лувсан гэдэг хүн манай ээжийн өвөө байсан юм билээ. Тэгэхээр их сонин. Нэг талаас нь ардын хуурч гэдэг хүн, нөгөө талаас аавын юм байх шиг байгаа юм.
-Жанцанноров гуайг морин хуур тоглож байхыг ер хараагүй юм байна?
-Аав морин хуур тоглодоггүй. Төгөлдөр хуур л тоглоно. Залуудаа баянхуур хөгжим тоглодог байсан гэсэн. Төгөлдөр хуур хөгжмийг бүр залуудаа, 20 насандаа сурсан гэдэг юм. Манай аав гэрээсээ найман настайгаасаа гарсан гэж ярьдаг л даа. Хөдөөний хүүхэд чинь угаасаа сургуульд сурах гэж гэрээсээ гараад сумын төвд дандаа айлаар дамждаг шүү дээ. –
Өвөрхангайн аль сумын хүн билээ? –
Өлзийт сумынх.
-Нутаг явна биз?
-Зундаа байнга, Цагаан сараар, ер нь хүссэн үедээ явна. Хааяа жаахан ядрах, стрессдэх үедээ хөдөө очоод хоёр гурав хоноод ирэхэд сайхан болчихдог юм. Цагаан сараар ах дээрээ очиж золгодог. Зундаа гэр бүлээрээ очиж амардаг.
-Аавынхаа ямар бүтээлд нь илүү дуртай вэ?
-“Аргалд явсан ээж” гээд дуу байдаг шүү дээ. Ээждээ зориулж бичсэн гэдэг юм. Яагаад аргалд явсан ээж гэж нэрлэсэн юм бэ гэхээр дээр үед ээжийг нь өнгөрчихөөр “Ээж нь аргалд явсан” гэж хүүхдэд нь хэлдэг байсан юм билээ. Гэхдээ тэр дуугаа ээжийгээ амьд ахуйд бичсэн л дээ. Эргээд үгийг нь бодохоор маш гүн гүнзгий утгатай. Эмээ дээрээ өссөн болохоор тэр дуу сэтгэлд их ойрхон байдаг. Сонсох болгондоо эмээгээ санадаг.
-Аавын тань ямар зан чанар таалагддаг вэ?
-Биднийг багаас минь бие даалгаж өсгөсөн юм болов уу гэж боддог. Та нар өөрсдөө л амьдралаа туулна. Сайн явбал сайн чинь, муу явбал муу чинь та нарт ирнэ. Тийм болохоор маш зөв шийдвэр гаргаж, амьдралаа өөрсдөө авч явах ёстой гэдэг үзлийг багаас минь төлөвшүүлсэн байгаа юм. Бид нарын амьдралд нэг их оролцоод байдаггүй. Гэхдээ их зөвлөнө. Түүнээс биш тулгадаггүй. Биднийг багаас нь маш хариуцлагатай болгож өсгөсөн гэх үү дээ. Энэ талаараа маш том нөлөө үзүүлсэн гэж боддог.
-Хүүхдүүддээ хэр ширүүлдэг вэ?
-Ер нь манай аав бидэнд гар хүрч үзээгүй. Яаж ч уурлаж байсан гар хүрдэггүй. Загнадаг ч үгүй. Уур нь хүрсэн үедээ дуугаа хураачихна. Эсвэл хорон, ёгт үг хэлнэ. Ер нь тийм ш дээ, тэгвэл тэгнэ ш дээ гээд л өнгөрдөг. Түүнээс биш нэг их загнаад, чи тэгчихлээ, ингэчихлээ гэж үглэж яншина гэж байхгүй. Тэгж айхтар загнуулж байснаа ч би санахгүй байна. Харин сайн юм хийчихвэл хааяа магтуулах гэнэ. Магтаад нэг их сүйд болохгүй. Аан, би чамайг тэгснийг чинь сонссон гээд л өнгөрдөг байхгүй юу. Өөрт нь сонсогдоно гэдэг чинь овоо юм хийчихэж дээ гэж бодоод өнгөрдөг л дөө.
-Жанцанноров гуайг мэдэхгүй хүн Монголд байхгүй байх. Миний аав яасан мундаг хүн бэ гэж хамгийн их бахархал төрж байсан үе хэзээ вэ?
-Би багаасаа аавыгаа ямар хүн бэ гэдгийг мэдэрч өссөн. Харин манай хүүхдүүд сайн мэдэхгүй шүү дээ. Хааяа зурагтаар гарахаар нь “Өвөө гарч байна” гэхээс биш, сайн мэддэггүй. Манай хүү нэг удаа өвөөтэйгөө гадуур явж байгаад орж ирсэн юм. Тэгсэн чинь их баяртайгаар “Ээж ээ, ээжээ гадуур явсан чинь өвөөг хүн болгон таниад, эргэж хараад мэндлээд байсан. Би их баярласан” гэж байна. Тэр бол үнэн сэтгэлээсээ хэлж байгаа хүүхдийн бахархал байсан. Би ямар үед ааваараа бахархах сэтгэл төрсөн бэ гэхээр манай аав 1997 онд нэг өвдсөн юм. Эмнэлэгт, Хятадад хэвтэж байх үед нь энд урлаг соёлын найз нөхөд, дэмждэг хүмүүс нь хамтраад хандивын тоглолт хийсэн л дээ. Тэр үед хүмүүс ямар их тусалж, сэтгэлийн дэм өгч байгааг хараад миний аав ямар ч гэсэн зүгээр суугаагүй юм байна, энэ хүмүүс эргээд хариу өгөх хэмжээний их зүйл хийсэн юм байна шүү гэж бахархах сэтгэл төрсөн.
-Урлагийн хүний амжилт эхнэрээс нь их шалтгаалдаг гэдэг. Ээжийн тань үүрэг их байсан байлгүй?
-Манай ээж ярьдаг л даа. Аавыг өглөө гараад л орой ирдэг гэж. Орой ирэхээрээ тэгээд унтдаггүй ш дээ. Хөгжмийнхөө ард суугаад зохиолоо бичээд, амралтын өдөр, тэр байтугай баярын өдөр ч амарна гэж байхгүй. Ямар сайндаа манай дүүг Улс тунхагласны баяраар төрөхөд аав хаана ч билээ, концерт бэлтгүүлээд явж байсан гэсэн. Тэгэхээр ерөөсөө л амьдралын арын ачааг ээж минь үүрсэн гэж хэлж болно.
-Охид ихэвчлэн ээжээсээ илүү аавтайгаа дотно байдаг юм шиг санагддаг?
-Тэгэлгүй яахав. Угаасаа аав хамгийн том зөвлөгч байдаг. Ер нь бол томоохон асуудлуудыг аавтайгаа зөвлөнө. Амьдралын нарийн ширийнээ хүртэл ярина. Нөхөртөө хэлээгүй юмаа аавтайгаа ярина ш дээ. Тэгвэл тэгэх юм байна, ингэвэл ингэнэ, чи тэгээд өөрөө л мэд гэдэг. Өөрөө тэр дундаас зөв шийдвэрийг хайхыг боддог. Тэгээд нарийн ширийн юм их ярина аа, бид хоёр.
-Аавдаа эрх үү?
-Айлын том ер нь эрх байдаггүй ш дээ. Дүү нараасаа болж загнуулна. Тэдний өмнөөс хариуцлага хүлээнэ. Гэхдээ мэдээж аав гурван хүүхдэдээ гурвууланд нь хайртай. Хэн нэг нь илүү эрхэлдэг ч юм бас байгаагүй.
-Тусдаа гараад, өрх тусгаарлахад аав чинь юу гэж захиж байсан бэ?
-Хуримаа хийгээд, тэр өдрөө тусдаа гарсан л даа. Хуриман дээр, олны өмнө “За би охиндоо ганцхан л юм хэлье. Хоёрын хооронд үг даахгүй гүйж ирээд байвал аав нь хүлээж авахгүй шүү. Амьдрал өөрөө хатуу. Чи тэгээд өөрөө зохицуулаад явна биз дээ” гэж хэлсэн. Яг тэгж л ханддаг. Би өөрөө л тэр хүнийг сонгоод амьдаръя гээд тусдаа гарсан юм чинь асуудлаа өөрөө л зохицуулах ёстой. Манай дүү нар бүгдээрээ тусдаа гарсан. Би аавынхтай ойрхон, гүйхэд таван минут зайтай газар амьдардаг. Манай доод талын дүү ээжийнхтэй ойрхон байхаар тэгж зохицуулж байр авсан. Аав, ээж хөгшрөхөд цуг амьдрахгүй ч гэсэн ойрхон байх ёстой гэж боддог.
-Гэр бүлээрээ хэр уулзалддаг вэ?
-Бид хоёр аав, охины харилцаанаас гадна ажлын харилцаа маш их байдаг учраас ер нь бол ажил, амьдралын уулзалт байнга хийнэ. Гэр бү лээрээ ч гэсэн цуглана аа. Байсгээд л аавынд очъё, хүүхдүүдээ аваад бөөнөөрөө явъя гэдэг.
-Уучлаарай, Жанцанноров гуайг сүүлд нэг хүнтэй суусан гэдэг. Тэр үед яаж хүлээж авсан бэ?
-Тэр хүний өөрийнх нь л амьдрал юм чинь. Бид нар юу гэхэв дээ.
-Та нараас зөвшөөрөл авч байсан уу?
-Учирлаж тайлбарлаж байсан. Ойлгох ч юм байна, ойлгохгүй ч юм байна.
-Аав, ээжийн талаар асуусных өөрөө яг ээж болоод хүүхдүүдээ яаж хүмүүжүүлж байна?
-Ер нь бол аав, ээжийн хүмүүжил байдаг гэж үнэн шүү. Би хоёр хүүтэй. Хүн яг өөрөө яаж өссөн бэ, хүүхдүүдээ тэгж хүмүүжүүлдэг юм шиг байгаа юм. Хүүхдүүддээ хэлж байгаа үг, ямарваа нэг юманд хандаж байгаа хандлага нь эргээд бодоход намайг тэгэхээр, аав тэгдэг байсан, ээж тэгдэг байсан, би яг дуурайгаад байна шүү, ямар сонин юм бэ гэж боддог. Тэгэхээр хэлсэн хэлээгүй гэр бүлийн хүмүүжил автоматаар дамждаг юм шиг байна лээ.
-Танай гэр бүлийн хүн урлагийн хүн үү?
-Зураач мэргэжилтэй. Гэхдээ одоо бол дизайнер, архитектурын чиглэлээр сурч байгаа. Урлагийн л хүн гэсэн үг. Миний ажлыг хамгийн их ойлгож, тусалж, дэмжиж явдаг хүн, миний хань. Өөрөө ч гэсэн “Би Морин хуурын чуулгын гишүүн шиг” гэж ярьдаг. Морин хуурын чуулгын бүх тоглолт, арын ажилд тусалдаг. Манай хэвлэл, билет, урилга тэр болгоныг мэргэжлийн түвшинд хийж өгдөг.
-Урлагийнхны цалин бага гэдэг. Энэ замыг сонгосондоо харамсаж байсан тохиолдол бий юү?
-Үгүй ээ. Амьдралынхаа турш өртэй хүн шиг л урлагт дурлаж, зүтгэдэг ш дээ. Ингэчихвэл тийм ашиг олно гэж ер нь боддоггүй. Урлагийн хүмүүс тэгж явж чаддаггүй.
-Ааваасаа сурах зүйл их байдаг байх. Ямар чанарыг нь өөрийн болгохсон гэж боддог вэ?
-Бичгийн болон ярианы соёл. Хүний яриа гэдэг бол толгой доторх хэр цэгцтэй байгааг харуулдаг шүү дээ. Манай аав маш их юм уншдаг. Нэг шинэ ном гарвал уншина. Шинэ юм нээгдлээ, шинэ бүтээл гарч гэвэл хамгийн түрүүнд сонирхоно. Ямар ч зүйлийг уншаад тэр дундаас өөртөө авах юмаа авч чаддаг. Компьютерээр бол маш багтаамж сайтай хардтай, эргээд түүнийгээ гаргах боловсруулалт сайтай. Аав шинжлэх ухааны доктор болохоор бэлтгэж байна. Гол зорилго нь одоогоор тэр л байна.