Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс жил бүрийн зургаадугаар сарын 14-ний өдөр болдог “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг энэ жил “Аюулгүй цус-Эхчүүдийг аварна” уриан дор тэмдэглэхээр болжээ.
Энэ өдрийг угтан төрийн захиргааны төв байгууллагын ажилтан, албан хаагчдыг сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээнд нэгдэн, бусдыгаа уриалан манлайлж, сурталчлах, төрийн байгууллагын албан хаагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэх үүднээс “Цусны донор болж амьдрал бэлэглэе” гурван сарын аяныг зохион явуулж байна.
Дэлхий дээр өдөр бүр 800 эмэгтэй төрөлт болон төрөхийн хүндрэлээс болж эндэж байдаг гэсэн судалгаа байдаг. Эдгээр эндэгдлийн ихэнх хувь нь хөгжиж буй оронд тохиолдож, гол шалтгаан нь төрөхийн болон төрсний дараах цус алдалт эзэлдэг ажээ.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд нийт 22.700 донор цусаа бэлэглэснээс Улаанбаатар хотод 16.700 /73%/, хөдөө орон нутагт 6000 /27%/ донор цусаа бэлэглэж, 10 нэр төрлийн 57.600 нэгж цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эмнэлгүүдийн хэрэгцээг ханган ажиллажээ.
Цусаа бэлэглэж байгаа донорын 60 гаруй хувь нь оюутан залуучууд, 30 гаруй хувь нь байгууллага, аж ахуйн нэгжид ажиллагсад, 10 хувь нь цэргийн албан хаагчид эзэлдэг бөгөөд төрийн албан хаагчдын оролцоо хангалтгүй байгааг нэмэгдүүлэх үүднээс уг аяныг зохион байгуулж байгаа юм. Иймээс төрийн албан хаагчдыг сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх энэхүү аянд нэгдэхийг уриалж байна.