Эрүүл мэндийн салбарт ийм л шинэчлэлт дутаад байсан юм. Эмч нар нь гар харж, сувилагч асрагчид нь тушаал дагах гаж тогтолцоо үүссэнийг үндэс угсаагаар нь арилгахаар шийдсэн бололтой. Салбарын сайд нь өнгөрсөн долоо хоногт үйлчлүүлэгчээсээ уучлалт гуйгаад зогсохгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээний мэргэжлийн алдаа, эрсдэлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх албан даалгавар гаргажээ.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд сүүлийн үед гарч буй мэргэжлийн ноцтойалдаа, зөрчил, тэдгээрт дүгнэлт хийх, сэрэмжлүүлэх, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор энэхүү албан даалгавар хүргүүлсэн байна.
“Энэ сарын 4-ний өдрөөс мэргэжлийн алдаа, эрсдэлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үйл ажиллагааны аяныг эхлүүлэхийг нийт эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал, чанарын алба, сувилахуйн албаны дарга нарт үүрэг болгож байна” хэмээн албан даалгаварт тэмдэглэжээ.
Мөн өвчтөн, үйлчлүүлэгчдийг эмнэлэг хооронд явуулж чирэгдүүлж байдаг хүнд суртлын тогтолцоог халахыг төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд даалгав.
Б.Чанцал
Эх сурвалж: “Нийгмийн толь”