Тахианы өндөгний талаар, ялангуяа муудсан эсэх, хэр зэрэг шинэ болохыг нь шалгах аргын талаар элдэв мэдээлэл тааралдаж л байдаг. Гэвч ихэнхдээ гадаад эх үүсвэртэй байдгаас гадна зарим талаараа мэдээлэл дутуу учир нэгтгэж цогц шинжтэй, цэгцтэй болгож байж хэрэгтэй мэдээлэл болмоор болоод байдаг байлаа. Өчигдөр хэдэн өндөг авахаар дэлгүүрээр ортол голдуу л орос өндөг байна. Манай өндөг байна уу гээд хайтал ийм нэгэн өндөг тааралдсаны савлагааг үзвэл овоо хэрэгтэй мэдээллүүдтэй юм. Тэгээд лавшруулаад хартал мэдээлэл нь овоо цогц шинжтэйгээс гадна манай өндөгний хамгийн том үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн гэнэ.
Өндөгний шинэ хуучныг шалгах арга, чанахдаа юу анхаарах, шар цагааныг нь яаж хялбараар салгаж хэрэглэх, шарыг яаж хэрэглэвэл таатай зэргийн тухай ч байхаас гадна манай үйлдвэрлэгчдийн веб дээр бараг л байдаггүй харилцах имейл хаяг хүртэл байгаа нь, ерөөсөө савлагаа нь таалагдсан тул мэдээллийг нь уншигчиддаа хүргэх хүсэл төрөв. Савлагаандаа ингэж анхаарсан бол ажлаа гайгүй зохион байгуулах, үйлдвэрлэж байгаа өндөгнийхээ чанарт ч гайгүй анхаарал тавих боломжтой байх магад.
Ташрамд хэлэхэд манай үйлдвэрлэгчид имейл хаяг бараг хэрэглэдэггүй, голдуу утас, уламжлалт шуудангийн хаяг л савлагаан дээрээ тавьсан байдаг. Тийм координатаар зөвхөн албан ёсоор зориудын ажил болгож харьцах гарцаагүй хэрэгцээ гарсан байгууллага, хүмүүс л харьцахаас санал сэтгэгдлээ хэлэх зэрэг зорилгоор өргөн олон түмэн харьцахгүй шүү дээ. 21-р зуунд хөгжил дэвшлийн чухал ололтын нэг болох имейл хэмээх хамгийн хялбар, хамгийн энгийн, ашиглахад нэн тохиромжтой харилцааны дэвшилтэт хэрэгслийг ашиглахгүй байсаар байна гэдэг бол хоцрогдлын нэг үзүүлэлт мөнөөс гадна хэрэглэгч олныхоо санаа бодлыг мэдэх, зах зээлээ тэлэх тодорхой боломжийг ч алдахад хүргэхийг үйлдвэрлэгчид маань анхаарууштай.
За ингээд мэдээллийг нь шууд савлагаанаас нь харна уу: