Эл хэрэг өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд гарсан бөгөөд Твиттерээр дамжуулан бусдыг заналхийлж байсан хэргийн эзэн нь 14-хөн настай охин байсан гэж олон улсын хэвлэлүүд дамжууллаа. Роттердамын цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдээлж буйгаар Сара гэх охин зэвсэгт бүлэглэлд байсан гэдгээ хэлээд АНУ-ын агаарын тээврийн компанид халдлага үйлдэх гэж байгаа хэмээн Твиттерт жиргэсэн байна.
@Queen_Demetriax гэх хаягтай охин заналхийллын жиргээндээ “Сайн байна уу? Намайг Ибрахим гэдэг. Афганистаны Аль-Каида бүлэглэлийнх. Ирэх зургаадугаар сарын 01-ний өдөр томоохон үйл ажиллагаа явуулна” хэмээсэн байв. Американ Эйрлайнсынхан энэ жиргээнд тэр даруйд нь хариу өгч Холбооны мөрдөх товчооныхон анхааралдаа авсныг хэлжээ. Харин Ибрахим гэгч хуурамч нэртэй Сара нь уучлалт хүсч, тоглож байснаа хүлээсэн аж.
Охиныг өчигдөр баривчлан байцаажээ. Харин Твиттерийн зүгээс гэмт этгээдийн заналхийлсэн жиргээг нэн даруй устгаж, олон нийтийн сэтгэлийг амраах арга хэмжээ авчээ. Онлайн ертөнцөөр бусдыг заналхийлэх хэрэг удаа дараа гарч байснаас олны сэтгэлийг хамгийн ихээр зовоосон нь дөрвөн жилийн өмнөх Британи эрийн тоглоом шоглоом байсан юм. Тухайн үед нэрээ нууцалсан этгээд агаарт нисч буй онгоцыг дэлбэлнэ гэж наргисныхаа төлөө хууль шүүхийн байгууллагаар бүтэн хоёр жил явж байжээ.