Казахстан улсын нийслэл Астана хотноо болж буй чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээнд монголын баг тамирчид амжилттай оролцож байна. Өчигдөр 55 кг-ийн жинд БНАСАУ-ын бөхтэй алтан медалийн төлөө барилдсан “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ П.Орхон 4:4 оноогоор тэнцээд онооны чанараар ялагдаж мөнгөн медалийн эзэн болжээ. Мөн 69 кг-ийн жинд “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Ш.Түмэнцэцэг Япон улсын бөхтэй аваргын төлөө хүч үзэж мөнгөн медаль хүртсэн байна.
Харин 60 кг-д хүрэл медалийн төлөө барилдсан “Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин С.Цэрэнчимэд Энэтхэгийн М.Секашиг 18:7 оноогоор давамгайлан ялж, хүрэл медалийн тавцанд зогсчээ. Ийнхүү манай эмэгтэй бөхчүүд Азийн АШТ-ээс дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна. Өнөөдөр 75 кг-ийн жингийн ангилалд Г.Уртнасан зодоглоно.