Оросын ‘Тату” хамтлагийн гишүүд асан Елена Катина, Юлия Волкова нар Каннын 67 дахь удаагийн кино наадамд эх орноо төлөөлөн оролцох болсон талаар “Киноны тухай кинр” бүтээлийн найруулагч, хөгжмийн продюсер Елена Кипер ИТАР-ТАСС агентлагт мэдээллээ. “Ойрхон боловч хол” болон хамтлагийн гишүүдийн хоорондох ярвигтай харьцааг харуулсан энэхүү бүтээл богино хэмжээний киноны төрөлд өрсөлдөх аж.
1999 онд продюсер Иван Шаповалов болон хөгжмийн зохиолч Александр Войтинский нар “Тату” хамтлагийг байгуулж байжээ. Охидын хамтлаг байгуулагдсан цагаасаа олон амжилтын эзэд болж дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн поп хамтлаг болсон юм. Тэдний англи, орос хэл дээр гаргасан бие даасан цомгууд ОХУ, Их Британи болон АНУ-ын хөгжмийн чартуудыг удаа дараагаар тэргүүлж байсан билээ. ОХУ-ын Сочи хотноо болсон 2014 оны Өвлийн олимпийн наадмын нээлтийн үеэр тус улсын баг тамирчид ‘Тату”хамтлагийн “Нас не догонят” буюу “Биднийг хэнч гүйцэхгүй” дуунд алхан орж ирсэн билээ.