“Хөгжим хэмнэл” булангийн зочноор залуу дуучин Ч.Цэлмүүнийг урьсан юм. Түүнтэй амьдрал, уран бүтээлийнх нь тухай ярилцсанаа хүргэе.
-Энэ өдрийн мэндийг хүргэе. Уран бүтээлийн олз омог арвин уу?
-Танай сонины уншигчдад ч энэ өдрийн мэндийг хүргэе. Уран бүтээлийн олз омог арвин байна. Шинэ дуугаа сонсогчдод хүргэхээр бэлдэж байна. Удахгүй сонсогчдын хүртээл болох байх.
-“Ice Top” хамтлагтай хамтарч шинэ жилийн дуу дуулсан. Мөн “Хайрласан болохоор” дуу чинь хит болж чадлаа шүү?
-Миний уран бүтээлийг сонсдог, урам өгдөг сонсогчдодоо баярлаж явдгаа хэлье. Сонсогчид байхгүй бол дуучид хэн ч биш шүү дээ. Тиймээс дуунд хайртай, дуугаа дээдэлдэг түмэндээ баярладаг шүү.
-“Хайрласан болохоор” дуундаа өөрийнхөө амьдралын түүхийг дуулсан юм шиг санагдсан. “Өглөө бүхэн хайрынхаа дэргэд үргэлж сэрэхийг хүснэ” гээд л?
-Магадгүй л юм. Дуунд гардаг шиг миний амьдралын утга учир болсон хань, хүү хоёр минь хажууд байгаа болохоор би хэмжээлшгүй их жаргалтай байна. Амьдралын сайхан бүхнийг, эх хүн болох жаргалыг одоо л мэдэрч байх шиг. Өглөө бүхэн хүүгийнхээ цангинасан инээдэнд сэрэх ямар сайхан гээч.
-Та “Universe best songs” наадамд оролцсоноос хойш олны танил болсон. Энэ нь амьдралд тань яаж нөлөөлсөн бэ?
-Өөрчлөгдөлгүй яахав. Миний амьдралын олон сайхан гэгээн мөч, урам зориг, хүндлэлийг надад өгсөн. Хүмүүс намайг мэддэг болсон. Тэр хэрээр хариуцлага өндөр болдог юм билээ. Уран бүтээл хийх боломж бололцоо бүрдсэн. Ингээд тоочоод байвал барагдахгүй байх.
-Олны танил байх хэр хэцүү вэ?
-Хааяа хүмүүс миний тухай худал зүйл ярьж, санаанаасаа зохиож бичээд байхаар хэцүү санагддаг. Миний хувийн амьдрал хүмүүст сонин биш баймаар юм. Ялангуяа гэр бүлийн минь тухай. Миний амьдралын хамгийн нандин, хайртай хүмүүсийг элдвээр худлаа гүтгэж болохгүй биз дээ.
-Нөхөртэйгөө анх яаж танилцсан бэ. Найзууд байсан гэж сонссон?
-Найзын маань найз байсан юм. Намайг тэмцээнд орж байхад харж байсан гэсэн. Бид эхлээд олуулаа нийлдэг байлаа. Тэр дундаас шигшигдээд үлдсэн цөөхөн хүний нэг нь миний хань. Амьдралын инээсэн, гуньсан мөч бүхэнд хажууд минь байсан. Хэзээ ч намайг орхиж, нүүр буруулаагүй. Тийм болохоор ханьдаа дэндүү хайртай.
-Та хоёрыг хуримлах үед үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл их гарч байсан. Тэр бүхнийг яаж хүлээж авдаг байв?
-Би ханиараа бахархдаг. Анх түүний минь тухай ор үндэслэлгүй, худал мэдээллүүд цацагдаж эхэлсэн. Өөрийг нь мэддэггүй хэрнээ мэддэг юм шиг бичиж байхад нэг ч удаа надад гомдоллож, уурлаж байгаагүй.
Өөр хүн байсан бол яаж хандахыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Ухаантай, тэвчээртэй, буурьтай хүн болохоор тэр бүхнийг тэвчээд л өнгөрсөн. Надад сэтгэлийн тэнхээ, хайрыг мэдрүүлж чадсан болохоор хайрлахгүй байхын аргагүй юм даа.
-Ээж болох мөчид юу мэдэрсэн бэ?
-Эмэгтэй хүн бүхний мэдрэх хамгийн нандин мэдрэмж тэр юм билээ. Ингээд ээж болчихлоо гэж бодоход итгэмээргүй ч юм шиг. Энгэрт минь эрхлэх бяцхан үрээ хараад ээжийгээ, эмэгтэйчүүдийг хайрлах сэтгэл төрсөн. Хань минь хажууд байсан.
Бидний амьдралын аз жаргал болоод ирсэн хүүгээ хараад өөрийн эрхгүй догдолсон. Магадгүй ном зохиолд гардаг баатар эрээс илүү өөрөөсөө хүн төрүүлж чаддаг бүсгүй хүн гэдэг агуу юм гэдгийг ухаарах шиг болсон.
-Ээж болсны дараа амьдрал тань хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Эх хүн болно гэдэг жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болно гэсэн үг юм билээ. Хүүхдийнхээ, ханийхаа өмнө хариуцлага хүлээнэ. Мөн төрсөний дараа хувь хүн маань их өөрчлөгдсөн шүү. Аливаа зүйлийг арай өөр нүдээр харж, буурьтай ханддаг болсон.
Хүүгийнхээ төлөө бүхнийг хийж чадна гэсэн сэтгэлийн тэнхээ ухамсарт минь бий болсон. Гэр бүлийн жаргалтай амьдрал минь намайг өдөр бүр цэнэглэж байна. Хэдийгээр ядарсан ч гэртээ харихаараа тэр бүхнийг мартдаг.
-Таны дууны ихэнхийг аав тань зохиосон байдаг. Урлагийн хүн болоход аавын нөлөө их байсан уу?
-Аав минь их сайхан дуулдаг. Аавын минь авьяасын өчүүхэн хэсэг нь надад өвлөгдөж дээ гэж баярладаг юм. Уг нь хүний их эмч мэргэжилтэй л дээ. Гэхдээ сонирхлоороо шүлэг бичдэг, дуулдаг юм.
Миний цомгийн 90 гаруй хувь нь аавын минь бүтээл. Өөрийгөө аавтайгаа харьцуулахад жаахан ичмээр. Тэр мундаг хүний хажууд би нялхаараа шүү дээ.
-Таныг нэг хэсэг дууны урлагаа орхино гэсэн яриа гарсан. Үнэн юм уу?
-Намайг хүндэлдэг, дууг минь сонсдог, уран бүтээл хүлээдэг хүмүүс байгаа учраас би уран бүтээл хийдэг. Яг үнэндээ дуулах үнэхээр дуртай. Гэхдээ эзэмшсэн мэргэжлээрээ ажиллана гэж боддог.
Аль алийг нь зохицуулаад амьдрах юмсан гэж хичээж явна. Хоёулаа миний амьдралын эрхэм зорилго шүү дээ. Мөн гэр бүлдээ цаг, заваа зориулмаар байна.
-Хөгжим таны амьдралд хэр орон зайг эзэлдэг вэ?
-Би аливаа зүйлийг төлөвлөх дуртай. Тодорхой хэмжээгээр уран бүтээл хийгээд явж байгаа залуу хүний хувьд хөгжмийн урлаг миний амьдралын төлөвлөгөөнд багтсан болохоор би дуулж байна. Амьдралынхаа хором бүрийг зөвхөн дууны урлагт зориулна гэж хэлэхгүй ч би одоо дуулж л байна шүү дээ.
-Тэгвэл дуулахдаа юу мэдэрдэг вэ?
-Эрх чөлөөтэй, жаргалтай байдаг.
Ч.Гантулга
Эх сурвалж: