Олон улсын эх баригчдын өдөр саяхан тохиосон юм. Тиймээс өдгөө 2600 хүүхдийн хүйн ээж болоод байгаа Эх хүүхдийн эрүүл мэндййн үндэсний төвийн нөхөн үржихүйн зөвлөх поликлинникийн эх баригч Ө.Цэцэгмаатай ярилцлаа.
-Эх үрийн нандин холбоог нэгтгэсэн эх баригч хэмээх буянтай ажилтай хэзээнээс эхлэн холбогдов. Мэдээж алдаа оноон дунд эмч болсон байж таараа?
-Би 1983 онд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг төгсөөд өдгөө 30 дахь жилдээ эх баригчаар ажиллаж байна. Энэ хугацаанд Төв аймгийн Дэлгэрхаан суманд 14 жил, дараа нь Улаанбаатарт ирээд мөн 14 жил эх баригч хийж байгаа. Анх юу ч мэдэхгүй суманд эх баригчаар оччихоод хоёр ихэр хүүхэд эх барьж авахдаа маш их сүрдэж билээ. Надад өглөө 06:00 цагт дуудлага ирээд тэр үед эхний хүүхэд нь төрчихөөд, өдрийн 11:00 цаг болтол нөгөөх нь төрдөггүй ээ. Бас сумын холбоо ажилладаггүй, ихэнх эмч нар аймгийн төв явчихсан,одоо яанаа гээд ганцаараа хий л айгаад хоол унд ч идэж чадахгүй байсан. Гэтэл нөгөө бүсгүй маань шөлөө уучихаад хэсэг байж байгаад 12:00 цагийн үед хоёр дахь хүүхдээ төрүүлсэн. Ингэж анх хоёр хүүхэд эх барьж авч байсан минь санаанаас гардаггүй юм. Ер нь эмч болно гэдэг хөдөөнөөс л эхэлдэг юм билээ. Их ч юмыг махчилж хийж сурдаг юм билээ. Мөн дараа нь цасан шуурганаар цус алдсан дуудлага ирээд очтол нөгөө эмэгтэй маань төрчихөөд цус алдаад эхэс нь гардаггүй. Тэгээд эхсийг нь гаргаж галыг нь түлж, шөл хийж өгөөд тэндээ хоноод ирж байсан. Дээлийн минь энгэрээр нэг лааны тос болоод түүнийгээ хусаад сууж байлаа. Одоо ч тэр үеийг бодвол нас ч явсан байна, ажилдаа ч туршлага сууж дээ.
-Хичнээн хүүхэд эх барьж аваад байна вэ?
-2600 хүүхэд эх барьж авсан. Харин одоо хяналтын эх баригч хийж байгаа. Миний хяналтанд улсын хэмжээнд дутуу төрсөн, үр шилжүүлэн суулгуулсан, ихэр жирэмсэн эхчүүд байдаг.
-Хүүхдүүд хүйн ээжийгээ дууриадаг ч гэж ярьдаг?
-Манай сумынхан манай охин яг таныг дууриасан сэргэлэн, гялалзсан хөдөлгөөнтэй цоглог гэж их ярьдаг. Ер нь би хүнийг худал хэлж, хулгай хийхгүй байвал заавал юманд хүрнэ гэж боддог.
-Хүүхдүүд тань “хүйн ээж” гээд ихэд хүндэлж ирж золгодог байх даа?
-Ирэлгүй яахав. Ялангуяа хөдөө байхад цагаан сараар ирж их золгодог байлаа. Харин хотод хааяа ирэхээрээ хүүхдүүдээ авчирч уулзуулдаг юм. Бас утсаар баяр ёслолын үеэр баяр хүргэдэг.
-Хүний алаг үрийг алган дээрээ тосч авна гэдэг хэн бүхэнд заяахгүй хувь тохиол байх. Энэ утгаараа олон айл гэрт аз жаргал бэлэглэдэг?
-Одоо эргээд бодоход хөдөө эх баригч хийж хамгийн халуун цэг дээр нь ажиллаж байсан үе минь хамгийн сайхан үе байж дээ гэж боддог юм. Наад зах нь юм бүхнийг бие даан сурч, юм бүхнийг өөрөө гардаж хийдэг байлаа. Нэг хүүхдийг эх барьж аваад нэг хүнийг ээж болгоно гэдэг айл гэрт ямар их баяр баясгалан ирдэг гээч. Ер нь би хүүхдийг бурхнаас ирсэн хишиг гэж боддог. Яагаад гэвэл хүүхэд дандаа хоолтойгоо ирдэг, бурхан багш ч гэсэн хүүхдийг хоол хувцастай нь явуулдаг. Тийм учраас би эхчүүдийг бурхнаас ирсэн хишгийг хүлээж аваарай, тэр дундаа хоёр, гурван ихэр хүүхэд бэлэглэнэ гэдэг бурхан багш маш том зүйл илгээсэн байна таларх гэж хэлдэг. Төрийн тэргүүн, сайд хүн болохыг ч та нар мэдэхгүй шүү дээ. Ямар ч байсан та нарт хэрэгтэй хүн ирж байгаа гэж хэлдэг юм. Би хувьдаа үр хөндүүлэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Та нар хүүхэд гаргахгүй бол яах юм бэ, насан туршдаа хүсээд хүсээд хүүхэд гаргахгүй хүн байна шүү дээ, гэтэл та нар азтай гэж хэлдэг юм. Харин хүүхдээ тээнэ гээд ороод ирсэн эмэгтэйд хангалттай зөвлөгөө өгдөг. Түүнээс үр хөндүүлэх тал дээр хатуу зогсдог. Айлд хичнээн хүүхэд байх вэ гэдгийг бурхан л мэдэж явуулж байгаа шүү дээ. Эсэн мэнд хүнээ төрүүлээд.хүүхдээ эх барьж авчихаад явж байх хамгийн сайхан мөч. Хүүхдийн дуу хадаад ээж баярлаад хүүхдээ хөхүүлээд байж байхад өөрийн эрхгүй л юм огшоод ирэх шиг болдог. Яагаад гэвэл энэ хоёрыг хоёр яс салгачихлаа гэж бодоход үнэхээр сайхан байдаг. Ээж болсон хүний нүдний харц хүртэл гоё байдаг. Ээж, хүүхдээ хараад нүдний нулимс гардаг. Баярласандаа уйлж байгаа болохоос биш, гомдсондоо уйлаагүй шүү дээ.
-Эх барьж авсан хүүхдүүд тань ямар ажил хийцгээж байна вэ?
-Дээд сургууль төгссөн багш, зарим нь хувиараа ажил эрхлээд багачууд нь сургууль цэцэрлэгт явж байна. Хоёр гурван настай хүүхдүүд ч байна.
-Сүүлийн үед савны гадуурх жирэмслэлт их болж байна. Энэ юутай холбоотой вэ?
-Дээр үед савны гадуурх жирэмслэлт гэж байдаггүй байсан. Харин одоо нийгмээ дагаад эсвэл эмэгтэйчүүд их үр хөндүүлсэнтэй холбоотойгоор савны гадуурх жирэмслэлт болоод байна уу гэж боддог юм. Тийм эд эрхтэн нь ороод амилсан хүүхдийг хусаад авчихаар ямар сайн байх билээ. Бас одооны охидууд эрт бэлгийн амьдралд орж байна. Дээр нь үрэвсэл, даарч хөөрснөөс болж байгаа. Өвөл зунгүй л охидууд гоё л явж байвал яахав гэсэн шиг нүцгэн шалдан явж байх юм байна шүү дээ. Энэ бол маш буруу.
-Эмэгтэй хүний жинхэнэ араншин төрөхөд илэрдэг гэдэг?
-Зарим ээжүүд орилж уйлаад тэрхэн зуурын л үйл явдал болж байгаа юм л даа. Зарим нь уйлж байхад зарим нь шөлөө ууж инээж байгаад л төрчихдөг. Ялангуяа анхны төрөгч нар уйлна, дуулна их юм болно шүү дээ. Тэгээд хүүхдээ харангуут уяраад зовлон шаналлаа мартчихдаг юм. Баярлалаа гэж хэлээд ээж хүүхэд хоёр эрүүл байхад л бидний ажлын гол зорилго оршдог болов уу гэж боддог.
-Хамгийн сүүлд ямар хүүхэд эх барьж авав?
-Жилийн өмнө Өмнөговь аймгийн Цогц цэций сумын ангийн хүүхэд болох Цэцэгдэлгэрийн охиныг эх барьж авсан. Одоо би эх барьж авсан хүүхдүүдээрээ альбом хийе гэж бодож байгаа. Бүүр хүүхдүүдээ аймаг сум орон дараалалтай нь хийнэ. Миний хийсэн хөдөлмөр үр хүүхдэд маань үлдэг. Дөрвөн ихэр хүүхэд Түвшээ эмч бид хоёрын хяналтанд явж байсан. Түүний аав руу утсаар ярьсан чинь удахгүй очиж үзүүлнэ гэж байна лээ.
-Зарим айл эрэгтэй хүүхдүүдтэй байхад зарим нь охидтой эрэгтэй хүүхэд хүсээд байдаг. Тэгвэл ямар үед хүссэн хүүхдээ гаргаж болох вэ?
-Энэ нь цусны эргэлтээр байдаг юм шиг байна лээ. Яагаад гэвэл эрэгтэй хүний цус таван жил, эмэгтэй хүнийх гурван жил болоод солигддог.Тийм учраас цусных нь эргэлтээр бас насаар нь олдог арга байдаг юм.
-Ер нь та хэдэн ихэр хүүхэд эх барьж авсан бэ?
-Би өөрөө гардаж тав зургаан ихэр хүүхэд гардаж авсан. Тэгээд ч хөдөө байхад ихэр цөөхөн төрнө шүү дээ. Ихэр төрдөггүй бид нар айдаг байлаа. Естой зүрх зоригоороо төрүүлж байлаа. Би эхчүүдийг олон хүүхэд төрүүлээсэй гэж хүсдэг. Олуулаа бол хүчтэй гэдэг шиг айл гэр олон хүүхэдтэй байж сайн сайхан амьдарна. Манай нөхөр эхээс 12-уулаа. Олон хүмүүс бие биедээ өмөг түшиг болоод сайхан байдаг юм. Эх баригчийн цалин бага. Гэсэн хэдий ч бид сэтгэл зүрхээрээ ажилладаг болохоор ажилдаа дуртай. Ер нь хүн байгаа зүйлээрээ сэтгэл хангалуун байхад бол оо. Хэдэн сая төгрөг аваад байгаа хэрнээ өр ширтэй амьдарч байгаа хүнийг алийг тэр гэх юм бэ. Гэтэл бид цалингаараа амьдраад хоёр хүүхдээ дээд сургууль төгсгөчихлөө. Үүнээс илүү яах юм бэ.
-Та өөрөө хэдэн хүүхэдтэй вэ?
-Би хүү, охин хоёртой. Тэднийгээ тав зургаан хүүхэд гаргаарай л гэж хэлээд байгаа.
-Одоо 40 гарчихаар л төрөх нь багасаад байгаа гэх юм?
-Төрөлт их залуужаад байгаа шүү дээ. Одоо 40, 42, 45-тай, 20 настай эмэгтэй төрж байна. Энэ утгаар манайхан хүүхэд хэрэгтэй гэдгийг ойлгож эхэлж байх шиг байна. Ээж эрүүл л байвал байгалиараа бол 47,48-тай ч төрж болно шүү дээ. Ээж өөрөө даралтгүй, дотор эрхтэн, зүрх судасны өвчингүй тарган биш байх хэрэгтэй. Тарган хүмүүст л бүх өвчин байдаг. Түүнээс туранхай хүмүүст бараг өвчин байдаггүй гэж ойлгоод байгаа. Өөртөө болон тээж яваа хүүхэддээ л хайртай сайхан унтаж амраад стрессгүй, хүнтэй маргалдахгүй байх юм бол эрүүл энх төрнө гэсэн үг.
-Бас бүсгүйчүүд ксерв хагалгаагаар нэлээд төрдөг болсон байна. Уг нь өөрөөрөө л төрвөл улам эрүүлжинэ биз дээ?
-Тэгэлгүй яахав. Болж л өгвөл өөрөөрөө л төрөх хэрэгтэй. Тээж чадсан юм чинь чи төрж чадна, зоригтой бай гэж хэлдэг.
-Аливаа бүхэн тэгш дүүрэн байдаггүй. Тиймээс хааяа сэтгэл эмзэглэх зүйл гардаг байх даа?
-Хүүхэд нь эндчих юмуу эсвэл дутуу төрчих юм бол өчнөөн сар тээчихээд гэж бодохоос л давхар хямраад санаа зовох зүйл бишгүй гардаг шүү дээ.
Д.НЭРГҮЙ