Нэртэй хүний зүстэй хүүхдүүдийн нэг найруулагч СТА Ж.Сэнгэдорж Монголын кино урлагт өөрийн арга барил, ур чадварыг хэдийн тамгалчихсан нэгэн.
“Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Диваажингаас амьдрал хүрэх зам”, “Бодлын хулгайч” зэрэг кино бүтээлүүд нь түүнийг энэ урлагт илүүтэй таниулсан. “Адам” киногоороо 2010 онд Японы “Нара интернэйшнл фильм” фестивалиас 3 дугаар байрын шагнал, 2011 онд болсон Солонгос улсын “Синди фильм” фестивалиас шилдэг 8-д шалгарсан нь түүнийг Монгол төдийгүй дэлхийд данстай найруулагчдын нэг болгосон юм. 2000 онд Хүүхэд залуучуудын театрт ажиллаж дөрвөн ч жүжиг найруулан тавьсан тэрээр сүүлд “Хоёр ертөнцийн буудал” жүжгээрээ “Гэгээн муза” наадамд нэр дэвшсэн билээ.
Дээрх бүтээлүүдээс хамгийн өндөр үнэлгээ, үнэ хүндийг түүнд авчирсан “Бодлын хулгайч” кино нь 2012 оны “Academy awards” шилдэг кино бүтээл шалгаруулах наадмаас зургаан номинацид нэр дэвшсэнээс зургаан шагнал хүртэж оны шилдгийн шилдэг киногоор шалгаран шуугиан тарьсан билээ. “90 саяын” н.Гансүхийн амьдралаас сэдэвлэсэн уг кино шоронгийн амьдралыг маш тод томруунаар харуулж чадсанаараа хамгийн шилдэг найруулга болж чадсан. Тэгвэл Сэнгээ найруулагч үүнд урамшсаных уу, энэ чиглэлээр дагнах гэснийх үү, ямартаа ч тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа “Ларьдма” кинонд мөн л шорон гяндангийн амьдрал, орчныг харуулсан хүнд зураг авалтуудыг багтаасан гэнэ. “Бодлын хулгайч” киноны найруулга сайн үнэлгээ авсан, одоо “Ларьдма” хэмээх томоохон жинтэй бүтээл яригдаж байна, ер нь цаашдаа энэ чиглэлд гаршсанаар нь Ж.Сэнгэдоржоор ийм төрлийн кино хийлгэж байя гэж хошигнох, үнэлэхийн завсар киночид ярих болжээ.
Монгол төдийгүй гадны кино наадмуудад түүний хийсэн кинонууд өндрөөр үнэлэгддэг ч уг хүн нь өөрөө даруухан нэгэн болохоор бусадтай адил би тэглээ, ингэлээ гэж хийсэн бүтээснээ дөвийлгөдөггүй. Харин тэрээр дээрх хошигнолын хариуд болон тун удахгүй дэлгэцнээ гарах гэж байгаа “Ларьдма” киноныхоо тухайд “Үнэхээр сайн бүтээл хийхийг л гол зорилгоо болгосон” хэмээн даруухан хариулт хэлж суугаа аж.