Өсвөр наснаасаа тамхи татахад ид залуу насандаа элдэв өвчнөөр өвддөг болохыг эмч мэргэжилтнүүд судалж тогтоосон байна.
Эрүүл мэнд: Тамхичин хүүхэд өвчлөмтгий, ялангуяа ханиад томуу хүрэхдээ амархан, тэр нь хүндрэх нь элбэг, эдгэрэлт удаан байдаг. Гүйж харайхад амьсгаадах нь наад захын асуудал. Гол шалтгаан нь тамхинд байдаг никотин зэрэг хортой бодисууд хүүхдийн бие махбодод нэвчин орж эд эсийн ажиллагаа, бодисын солилцооны хэвийн байдлыг алдагдуулснаас болдог.
Гоо сайхан: Тамхи татдаг хүүхэд цайвар хөхөвтөр царайтай, арьс нь хуурайшсан, батга шавсан, уруул нь омголтож, амнаас нь бохины үнэр ханхалсан байдаг. Мөн тамхи татдаг охидын хувцас, үс гэзэгнээс нь бохь үнэртэж, нэлэнхийдээ шингэж нэвчсэн байдаг. Шүд, хуруу, хумс нь шарласан байх нь бий. Үе тэнгийн хүүхдүүдээсээ овортой, өсөлт муутай, туранхай харагдана. Иймд гоо сайхан, үс зүсэндээ анхаардаг өсвөр насныхан энэ муухай зуршлаас хол байх хэрэгтэй.
Хүмүүжил: Судалгаанаас үзэхэд гэр бүлийн хараа хяналт сайн, онц сурдаг, эсвэл сургуулийн урлаг, соёл, спортын аваргууд, тэргүүний шилдэг сурагчдын дунд тамхи татдаг хүүхэд ховор байдаг бол хичээл сурлагандаа тааруу, хичээл тасалдаг, нийтийн ажлаас хойш суудаг, залхуучуудын дунд тамхичин хүүхдүүд элбэг байдаг нь тогтоогджээ.
Тамхи татдаг хүүхдийн зан ааш тогтворгүй, ихэнхдээ хөнгөмсөг, анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй болох нь илэрсэн байна.